ҮХЦ-ийн халдашгүй эрхэнд халдаж, харлуулах нь Үндсэн хуулийн зөрчил юм
Эх сурвалж: Nnews.mn
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа болон Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы өнгөрсөн Баасан гаригийн нэгдсэн хуралдаан, уг хуралдаанаас гаргасан тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлаар Үндсэн хуулийн цэцэд шууд маргаан үүсгэсэн. Энэ маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан маргааш болно.
Үүнтэй холбоотойгоор Цэц рүү чиглэсэн шүүмжлэл, сөрөг мэдээлэл, зориуд, санаатайгаар мушгин гуйвуулсан гэмээр тайлбар, харлуулж муучилсан нийтлэл олон нийтийн сүлжээнд өндөр давтамжтайгаар цацагдаж эхэлжээ. Ийнхүү улс төрийн орчин дахь өрсөлдөөн, үзэл бодлын хуваагдал, талцал, хагарал, хэрүүл тэмцэл хэр хэмжээнээсээ хальж, сүүлдээ Үндсэн хуульт ёс руугаа халдан довтолж байгааг хүлээн зөвшөөрөх ёсгүй. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар болон улс төрийн намууд хийгээд ард нийтээр Үндсэн хуулиа сахин дээдлэх үүрэгтэй. Тиймээс аливаа талцал, хэрүүл, үл ойлголцол, эрх ашгийн зөрчил бүгд Үндсэн хуулийн босгонд тулаад зогсох учиртай юм. Үүнээс цааш давж гарах нам, эвсэл, бүлэглэлийн эрх ашиг гэж байхгүй. Улс үндэстний эрх ашиг бүхнээс дээгүүр байх ёстой. Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс хэмээн нэрлэдгийн учир энэ.
Өнөөдөр үүссэн улс төрийн нөхцөл байдлын хувьд үзэл бодлын зөрүү хийгээд ашиг сонирхлын хуваагдал, маргаан нь намаасаа хальж УИХ, Засгийн газрын түвшинд очиж “бэтэг” нь хагарсан. Улмаар талцлыг Үндсэн хуулийн дагуу шийдэх нь эрх, үүрэг Үндсэн хуулийн цэцэд шилжсэн. Тиймээс аль аль тал нь жолоогоо татах хэрэгтэй. Эс тэгвээс Үндсэн хуулийн хямрал, хууль цаазат ёсны хямрал үүснэ.
Үндсэн хуулийн цэц бол хараат бус, бие даасан байгууллага. Бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааных нь хэм хэмжээ, эрх, үүрэг нь Үндсэн хууль болон Үндсэн хуулийн цэцийн тухай бие даасан хуулиар зохицуулагддаг. Хуулийн дагуу Цэцийн есөн гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ, Улсын дээд шүүх гурав гурваар нь санал болгож томилуулдаг. Томилгооны энэ онцлогоос нь болж тухайн гишүүдийг санал болгосон байгууллага, түүний удирдлагатай нь шууд холбож, тэдний нөлөөнд ажилладаг, тэднээс хараат байдлаар шийдвэр гаргаж болзошгүй гэх мэтээр хардах, үүнийгээ олон нийтэд түгээж, ятган сэнхрүүлэхийг оролдох нь Үндсэн хуульт ёс руу халдаж буй үйлдэл юм. Ийм байдал хэт даамжирвал Үндсэн хуулийн Цэцийн бие даасан, хараат бус байдалд халдсан, гаргах шийдвэрт нь нөлөөлөх гэсэн оролдлого, халдлага болно. Монгол Улсын Үндсэн хуулийн 64.3-т Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана гэж, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 2.2-т Аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн Цэц, түүний гишүүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно гэж тус тус заасан бий. Хуулийн энэ хязгаарыг давсан ашиг сонирхлын зөрчил, тэмцэл, хар юиар гэж байх ёсгүй. Цэцийг “харлуулах” гэсэн оролдлого нь өөрөө Үндсэн хуулийн зөрчил болно.