126:1 “Суудал нь өнцөгдсөн” улстөрч

bat-erdene-1-810x500

Эх сурвалж: Nnews.mn

“NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд Булган, Хөвсгөл, Орхон аймагт МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг танилцуулж байна.


МАН 2012 оны УИХ-ын сонгуульд хавтгай ялагдаж, гишүүд нь хил даван одоход Булган аймагт усалгаагаа эхлүүлж, их улс төрд орж ирэх карьер хөөсөн улстөрч бол Ж.Бат-Эрдэнэ юм. Тойргийн усалгаа нь гурван ч удаагийн УИХ-ын сонгуульд ялалт байгуулах суурь болсон.

УИХ-ын 2020 оны сонгуулиар балетчин бүсгүйтэй хамт авахуулсан цээж нүцгэн зургийг нь өрсөлдөгч нь нийгмийн сүлжээнд “сэвээд” ч унагаж чадаагүй.

Тойргийг сайн усалбал ямар ч хар PR нэр дэвшигчийг өвдөг шороодуулдаггүй гэдгийн тод жишээ энэ болсон.

Одоо тэрбээр УИХ-д Булган, Орхон, Хөвсгөл аймгийн иргэдийг төлөөлөн ажиллаж байна. УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчлэн томсгосон тойргоор зохион байгуулснаар дөрөвдүгээр тойрогт Булган, Орхон, Хөвсгөл аймаг нэгтгэгдсэн. Уг тойрогт нийт 201,206 сонгогч бүртгэгдсэнээс 19 нам, эвслийн 87 нэр дэвшигч найман мандатын төлөө өрсөлдсөн байдаг. Уг сонгуулиар сонгогчдоос 48, 198 санал авснаар  төвийн бүсийнхнийг төлөөлөн УИХ-ын гишүүнээр ажиллах болсон юм.

УИХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа түүнд УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн байгуулалтын байнгын хороог удирдах үүрэг оноосон. Ердөө нэг жилийн хугацаатай энэ албыг залгуулж байтал  Л.Оюун-Эрдэнийн танхим унаж, Г.Занданшатарын засаг байгуулагдсаны дараа түүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонгосон. Гэтэл ердөө гурван сар гаруйн дараа түүнийг бүлгийн даргаас нь огцруулаад байна.

Бүлгийн даргаас нь огцруулсан шалтгаанаа эсрэг талынхан нь “Эв нэгдэл хангаж чадаагүй” гэдэг үндэслэл тавьж буй. Мөн бүлгийн хэсэг гишүүд “Улс төрд үүсээд байгаа асуудлыг яаралтай хэлэлцэн саналаа нэгтгэх шаардлага байна гэдэг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэд тавихад хариу өгөөгүй. Иймээс УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар УИХ дахь МАН-ын бүлгийг ээлжит бусаар хуралдуулсан. Тус ээлжит бус хуралдаанаас бүлгийн даргыг огцруулах санал гарч олонхи нь дэмжсэн” гэж тайлбарлаж буй.

Харин УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Дүрмээрээ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга би.  Бүлгийн хуралдааныг бүлгийн дарга товлох ёстой. Зарласан байсан бүлгийн хуралдааныг урьдчилж зарласан. Дүрмийн бус хурал зарлаж, хуралдуулсан. Бүлгийн хуралдаан дүрмийн бус тул гаргасан шийдвэр нь хууль бус.  Ноён нуруугаа хугалан сайд нарын төлөө явдаг нь би биш” гэх байр суурь илэрхийлээд буй.

Засгийн газаргүй, УИХ-ын даргагүй болсны зэрэгцээ УИХ дахь МАН-ын бүлэг хоёр даргатай ч юм шиг, үгүй ч юм шиг асуудал үүсээд байна.

Улс төрийн хүрээнд “Ж.Бат-Эрдэнэ гишүүн жинхэнэ төрийн хар хүн боловч сайдын ч даргын ч суудалд одгүй” гэж ярих нь бий.

МАН 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудал авсан ч Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан. Тэр үед УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийнх шиг хоёр хуваагдан 32-ын бүлэг, 33-ын бүлэг болон талцаж байв. Улмаар У.Хүрэлсүхийн танхим байгуулагдахад хотын фракцыг төлөөлөн Ж.Бат-Эрдэнэ гишүүн Зам тээврийн хөгжлийн сайд болсон. Салбарынхаа жаргал зовлонг мэдэх мэргэжлийн хүн ирлээ гэж ярих хүн олон байсан. Зам тээврийн хөгжлийн сайдын алба хашиж байхдаа тэрбээр “Нэгдүгээрт, Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн шинэ төмөр замыг барьж дуусгана.  Хоёрдугаарт, нүүрс тээвэрлэлтэй холбоотой ганц хоёр замыг шинээр барих шаардлагатай байна. Урд хөрш рүү нүүрсээ гаргахын тулд одоо ашиглагдаж байгаа Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн авто замын нэвтрэх бололцоог нь өргөтгөх, Ханги мандал зэрэг боомтууд руу шинээр зам тавих шаардлага байгааг сая явж ирэхдээ олж харлаа. Энэ утгаараа уул уурхайн замуудаа сайжруулж, шинээр зам барихад түлхүү анхаарч ажиллана гэсэн бодолтой байна.
Мөн Улаанбаатар хотоо бүх аймгуудтайгаа автозамаар холбох ёстой. Энэ Засгийн газрын үед таван аймгийг автозамаар Улаанбаатар хоттой холбох төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ ажил хийгдчих юм бол үндсэндээ бүх аймгийн төвүүд Улаанбаатар хоттойгоо хатуу хучилттай замаар холбогдчих юм. Дараагийн ээлжинд уул уурхай, аялал жуулчлалын замуудаа бид барих ёстой. Хаана мөнгө эргэлдүүлж, ашиг бий болгож болж байна, тэр газрууд руугаа аялал жуулчлалын зам тавих ёстой.

Төмөр замын хувьд босоо тэнхлэгийн төмөр замынхаа хүчин чадлыг сайжруулах шаардлагатай болсон. Одоогийн байдлаар бид төмөр замаар 24 сая тонн бараа тээвэрлэж байна.Цаашдаа энэ тоог богино хугацаандаа 30 сая тонн, урт хугацаандаа 70 сая тонн болгох зорилготой байгаа. Энэ зорилтдоо хүрэхийн тулд 400 гаруй км зам засварын ажлыг зайлшгүй хийх шаардлагатай. Ачаа тээвэрлэлтээ нэмэгдүүлхийн тулд хөдлөх бүрэлдэхүүнээ ч мөн шинэчлэх хэрэгтэй байна” гэж хийх ажлуудаа эрэмбэлсэн байв.

Гэвч салбарт нь  төмөр замын ноцтой ослууд болсны зэрэгцээ тус яамны газрын дарга  биенийхээ аминд хүрсэн аймшигт хэрэг гарснаар тэрбээр ёс зүйн хариуцлага хүлээж сайдынхаа албан тушаалаас чөлөөлөгдсөн түүхтэй.

Сайдын албыг арван сар хашаад чөлөөлөгдсөн юм. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар 100 гаруй хоног ажиллаад огцорч байна.

Инженер, эрх зүйч мэргэжилтэй тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө төрийн албанд 10 гаруй жил ажилласны таван жил нь Зам тээврийн яамтай холбогддог. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед УИХ-аас Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлагдсан түүхтэй.

УИХ-аас өнгөрсөн онд Ногоон автобусны хэрэгтэй холбогдуулж нээлттэй сонсгол зохион байгуулахад Түр хороог удирдаж байв.  Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Нийтийн тээвэрт мафи үүрлэсэн байсан, түүнтэй тэмцэж байна” гэж мэдэгдсэн удаатай. Харин дээрх сонсголыг удирдан зохион байгуулсан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Би бол мафи гэж хэлэхгүй. Хөгжиж байгаа улс орныг харахад нийтийн тээврээ өөрсдөө өргөж авч явдаг. Олон нийтэд үйлчилдэг болохоор ямар нэгэн бухимдалгүй, чөлөөтэй урсгалыг бий болгодог учраас асар том үүрэг гүйцэтгэдэг. Аль болох дампууруулахгүй, тодорхой хэмжээний ашигтай ажиллуулах татаас, дэмжлэг үзүүлдэг жишиг бий. Нийтийн тээврийн гол шугам, хэрэгсэл болсон метро, трамбайг гэхэд ашиг олохгүйгээр шууд үйлчилгээ явуулах нөхцөлийг бүрдүүлдэг. Хариуцлагыг нь өөрсөд дээрээ авдаг гэсэн үг.

Манайхан ярьдаг л юм. Нийтийн тээвэр үнэхээр ашигтай байна уу, үгүй юу гэдэг. Үүнийг холбогдох газар нь судалгаанд үндэслэж гаргана. Түүнээс нэг их даварсан зүйл байхгүй” гэдэг ярилцлагыг хэвлэлд өгч байв.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1983 онд Нийслэлийн 75 дугаар дунд сургууль
  • 1989 онд ОХУ, Эрхүү хотын Политехникийн дээд сургууль
  • 1998 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1990-1992 онд ОХУ, Рыпкооп улсын үйлдвэрийн газар, менежер
  • 1994-2000 онд “Ашид-Эрдэнэ” ХХК-ий захирал
  • 2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга
  • 2007-2012 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2008-2012 онд Монголын төмөр зам ТӨХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
  • 2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
  • 2013-2016 онд Булган аймгийн Монгол ардын намын хорооны дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017-2018 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд
  • 2019 оноос Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024-2025 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
  • 2025 оноос Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга

ШАГНАЛ

  • 2011 онд Алтан гадас одон

About Author