Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

0

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.05.19) хуралдаан 10 цаг 08 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, таван асуудал хэлэлцэхээр тогтов.

  Хуралдаанаар эхлээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.

Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг буюу хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2023 оны тавдугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2023 оны тавдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.11 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.

  Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзвэл Улсын Их Хурал төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг хууль санаачлагчийг оролцуулан байгуулж болно.” гэж заасны дагуу Улсын Их Хурал “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай” 2023 оны тавдугаар сарын 05-ны өдрийн Улсын Их Хурлын 37 дугаар тогтоолыг баталсан.

  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдоор ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Т.Доржханд, Х.Нямбаатар, Д.Сарангэрэл, Д.Тогтохсүрэн, О.Цогтгэрэл, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.

  Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт “Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж байгаа асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх бөгөөд дээд хязгаарыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоож болно. Энэ хугацаанд Байнгын хороо, гишүүд олон нийтийн санал бодлыг сонсох, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хийж, санал, дүгнэлтээ гаргана. Энэ нь тасралтгүй ажиллагаанд хамаарна” гэж заасан.

  Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1-д “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл санаачлах үеэс эцэслэн батлах хүртэл бүхий л үйл ажиллагаанд иргэд, улс төрийн нам, олон нийтийн бусад байгууллагын оролцоог хангах;” мөн зүйлийн 5.4.7-д “төслийн хэлэлцүүлгийн үе шат хоорондын хугацааг иргэд, тэдгээрийн хамт олон, байгууллагад санал бодлоо илэрхийлэх боломж олгохуйцаар тогтооно” гэж тус тус заасан.

  Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газраас дээрх зарчим болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д заасныг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг олон нийтэд зарлан мэдээлэх, төслийг нийтэлж санал авах, дүнг нэгтгэн боловсруулах, танилцуулга, санал, дүгнэлт гаргах үйл ажиллагааг 2023 оны тавдугаар сарын 03-17-ны өдрүүдэд хариуцан зохион байгуулсан юм.

  Улсын Их Хурлын даргын “Улсын Их Хурлын гишүүд тойрогт ажиллах тухай” 2023 оны 85 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүд төслийн талаар иргэдийг мэдээллээр хангаж, танилцуулга хийх, олон нийтийн оролцоог хангаж, санал бодлыг сонсох ажлыг зохион байгуулах зорилгоор 2023 оны тавдугаар сарын 07-ны өдрөөс 16-ны өдрүүдэд тойрогтоо ажилласан. Энэ хугацаанд Улсын Их Хурлын 64 гишүүн 21 аймгийн 197 сум, нийслэлийн 9 дүүрэгт ажиллаж 62,672 иргэнд мэдээлэл хүргэж, санал авсан байна.

  Монгол Улсын Их Хурлын олон нийттэй харилцах сувгуудаар ирүүлсэн иргэд, байгууллагын санал: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн үе шатанд Улсын Их Хурлын олон нийттэй харилцах мэдээллийн 6 сувгаар дамжуулан 273 иргэн, байгууллагаас нийт 561 санал ирүүлснээс 264 санал буюу 47.1 хувь нь d.parliament.mn цахим хаягаар, 202 санал буюу 36.0 хувь нь Улсын Их Хурлын цахим хаягаар, 13 санал буюу 2.3 хувь нь цахим шуудангаар, 4 санал буюу 0.7 хувь нь албан бичгээр, 44 санал буюу 7.8 хувь нь албаны харилцах утсаар, 34 санал буюу 6.1 хувь нь иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирүүлсэн санал байна.

  Төрийн албан хаагчдын саналыг тусгах үүднээс Улсын Их Хурлаас бүрэлдэхүүн, удирдлагыг нь сонгож, томилдог 11 байгууллага, төрийн захиргааны төв 16, төрийн захиргааны 38, нийт 65 байгууллагад албан бичиг хүргүүлж, санал авах ажлыг зохион байгуулсан. Төслийн талаар танилцуулга хийж, мэдээллээр ханган, санал бодлыг сонсох, санал авах ажлын хүрээнд нийт 65 байгууллага 1,543 удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, 104,323 төрийн албан хаагч 311,980 санал ирүүлсэн байна. Ирсэн мэдээллийг боловсруулах, санал сонсох ажил үргэлжилж байна.

  Үргэлжлүүлэн Н.Энхболд гишүүн бусад Байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлтийн талаар танилцуулав.  Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг Төрийн байгуулалтын байнгын хороо нэгтгэн зохицуулна.”, 13.2 дахь хэсэгт “Бусад Байнгын хороо уг төслийн талаар тус тусын санал, дүгнэлтээ Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэж Төрийн байгуулалтын байнгын хороонд өгнө.”, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Байнгын хороод Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлтээ гаргана.” гэж тус тус заасны дагуу бусад Байнгын хороод 2023 оны тавдугаар сарын 17, 18-ны өдрүүдийн хуралдаанаараа төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцэн доор дурдсан санал, дүгнэлт ирүүлснийг танилцуулж байна.

  1/Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлт: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асуугаагүй, зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бөгөөд төслийг нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй буюу 72.7 хувийн саналаар дэмжсэн байна. 

  2/Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлт: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс төсөлтэй холбогдуулан асуулт асуугаагүй, зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бөгөөд төслийг нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй буюу 64.3 хувийн саналаар дэмжсэн байна.

  3/Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлт: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс төсөлтэй холбогдуулан асуулт асуугаагүй, зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бөгөөд төслийг нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн байна.

  4/Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал, дүгнэлт: Төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асууж, хариулт авсан байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бөгөөд төслийг нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй буюу 85.7 хувийн саналаар дэмжсэн байна.

  5/Инновац, цахим бодлогын байнгын хорооны санал, дүгнэлт: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт асуугаагүй, зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бөгөөд төслийг нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн байна.

  6/Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлт: Төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулга явуулах замаар иргэдийн саналыг нь авч, шийдвэр гаргахдаа харгалзан үзэх шаардлагатай бөгөөд энэ талаар хуулийн ямар зохицуулалт байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ц.Идэрбат, Д.Батлут нар Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх үндэслэлийн талаар, мөн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг мажоритар, пропорционал аргаар сонгогдох гишүүдийн тооны харьцааг хатуу тогтоох эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлснээр ажлын албаны тоо хэдээр нэмэгдэх, уг төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “Үндсэн хуульд өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглох” гэсэн зохицуулалттай зөрчилдөх эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хэрэв Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болговол судлаачдын урьдчилан тооцсон үр дүнтэй нийцэх эсэх талаар тус тус асуулт асууж, хариулт авсан байна.

  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бөгөөд төслийг нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй буюу 84.6 хувийн саналаар дэмжсэн байна.

  7/Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлт: Төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг иргэд шууд сонгох эрхтэй” гэж заасан нь хэлэлцэж байгаа төсөлд туссан пропорционал аргатай хэрхэн нийцэж байгаа талаар асуулт асууж, хариулт авсан байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бөгөөд төслийг нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь буюу 84.6 хувийн саналаар дэмжсэн байна.

  8/Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлт: Төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулга явуулах замаар иргэдийн саналыг нь авч, шийдвэр гаргахдаа харгалзан үзэх шаардлагатай бөгөөд энэ талаар хуулийн ямар зохицуулалт байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай асуудлыг Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэхэд уг төслийг өргөн мэдүүлсэн Засгийн газрын ажлын хэсэг тайлбар өгөх бус Улсын Их Хурлаас байгуулагдсан ажлын хэсэг танилцуулга хийх боломжтой эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бөгөөд төслийг нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй буюу 83.3 хувийн саналаар дэмжсэн байна.

  9/Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт: Төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар өөрийн бүрэн эрхийг өргөтгөх, хязгаарлах асуудлаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачилж болохгүй гэж заасан бөгөөд Засгийн газраас санаачилсан төслийн Улсын Их Хуралтай холбоотой заалтыг гишүүд санал гаргаж өөрчлөх боломжтой эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бөгөөд төслийг нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй буюу 80 хувийн саналаар дэмжсэн байна.

  10/Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлт: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс төсөлтэй холбогдуулан асуулт асуугаагүй, зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй буюу 80 хувийн саналаар дэмжсэн байна. 

  Төрийн байгуулалтын байнгын хороо 2023 оны тавдугаар сарын 18-ны өдөр хуралджээ. Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Их Хурлын 2023 оны 37 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс боловсруулсан 1 саналын томьёоллоор санал хураалт явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж, Ж.Сүхбаатар нараас зарчмын зөрүүтэй саналын томьёолол ирүүлснийг уншиж танилцуулсан байна.

  Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэгдүгээр зүйлийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжээгүй бөгөөд ажлын хэсгээс боловсруулсан “Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан зургаан гишүүнийг олныг төлөөлөх, тавин гишүүнийг хувь тэнцүүлэн хуваарилах сонгуулийн аргын үндсэн дээр сонгоно.” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй буюу 80 хувь нь дэмжсэн тул нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтсон байна.

  Төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн  Д.Тогтохсүрэн, Ж.Сүхбаатар, Г.Занданшатар, Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь нар ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хууль зүйн нэр томьёо, хэл найруулгыг сайжруулах талаар саналаа илэрхийлснийг Байнгын хороо хүлээн авч төсөлд тусгажээ.

  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.11 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй буюу 86.7 хувийн саналаар дэмжиж, нэгдсэн хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

  Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссоны дараа Улсын Их Хурлын гишүүд зөвхөн Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, тайлбар авав.

  Улсын Их Хурлын даргын “Улсын Их Хурлын гишүүд тойрогт ажиллах тухай” 2023 оны 85 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүд төслийн талаар иргэдийг мэдээллээр хангаж, танилцуулга хийх, олон нийтийн оролцоог хангаж, санал бодлыг сонсохоор 2023 оны тавдугаар сарын 07-16-ны өдрүүдэд тойрогтоо ажилласан. Иргэд Улсын Их Хурлын гишүүний тоог нэмэхийг дэмжиж байгаа ч 152 гишүүнтэй болохыг дэмжихгүй байсныг гишүүд хэлж байв. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн “… нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна…” гэх тооны үндэслэл, шалтгааны талаар гишүүд асууж, Н.Энхболд даргаас хариулт авав. Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо ажиллаад ирсний дараа парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлж болох ч 152 нь хэт өндөр гэж дийлэнх олонх нь хэлсэн байсныг дурдав. Иймд орон нутагт ажиллаад ирсэн ажлынхаа дүн, иргэдийн саналд үндэслэн Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намууд зөвшилцөөд төсөл дэх Улсын Их Хурлын гишүүдийн тоог төсөл дэх хувилбараас бууруулах зөвшилцөлд хүрсэн гэв. 1992 онд шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеэр Улсын Их Хурлын нэг гишүүн 27 мянган иргэнийг төлөөлөх агуулга, тооцооллоор Улсын Их Хурал 76 гишүүнтэй байхаар тооцсон бол өнөөдөр хүн амын тоо 3.4 сая болсон. Тухайн аргачлалаар тооцож үзэхэд Улсын Их Хурал 126 гишүүнтэй байх боломжтой хэмээн тооцоолсон гэв. Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, парламент бол зөвшилцлийн талбар бөгөөд хамгийн ихдээ 800 хүн зөвшилцөж шийдвэр гаргах боломжтой, харин хамгийн багадаа 120 хүн нөлөөллөөс ангид шийдвэр гаргах боломжтой гэдэг судалгаа, тооцооллын талаар танилцуулаад бусад улс орны парламентын бүрэлдэхүүний талаар жишээ татан тайлбарласан юм. Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар иргэд, сонгогчид пропорциональ тогтолцоог дэмжихгүй, түүнчлэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг дэмжихгүй байгааг илэрхийлсэн гэдгийг уламжиллаа.

  Төрийн байгуулалтын байнгын хороо төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх явцдаа “…Улсын Их Хурлын сонгуулийг олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан зургаан гишүүнийг олныг төлөөлөх, тавин гишүүнийг хувь тэнцүүлэн хуваарилах сонгуулийн аргын үндсэн дээр сонгоно…” гэсэн томьёоллын талаар гишүүд тус тусын байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа. Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, иргэдийн эрс дургүйцлийг төрүүлж байгаа шударга бус нөхцөл байдал тогтолцооноос болж үүсээд байгаа хэмээн үзэж байгаагаа хэлээд тайлбар хийсэн юм. Иймд парламентын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь оновчтой. Ингэснээр парламентад улс төрийн олон намын төлөөлөл ажиллаж, зөвшилцлийн талбар болж, харилцан нэгэндээ хяналт тавих боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсны үр дүнд төлөвшөөгүй нам, улс төрч парламентад сонгогдох эрсдэлтэй гэж сонгогчид хэлсэн болохыг Б.Баярсайхан гишүүн уламжиллаа. Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог тогтвортой байлгах шаардлагын талаарх иргэдийн саналыг Г.Тэмүүлэн гишүүн хуралдаанд танилцуулж, улмаар пропорциональ тогтолцоогоор буюу жагсаалтаар сонгууль явуулах тохиолдолд нийгмийн бүлгүүдийн төлөөллийг багтаах асуудлыг хуульчлах саналууд иргэдээс гарсан талаар хэлсэн.

  Өргөн уудам нутаг дэвсгэртэй, цөөн хүн амтай, 21 аймаг, 9 дүүрэг, 300 гаруй сум, мянга гаруй баг хороонд хуваарилагддаг засаг, захиргааны нэгжтэй Монгол Улсын хувьд иргэн бүрийнхээ засаглах эрх, оролцоог хангах, төрийн бодлогод байр суурийг нь тусгуулах, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй харьцааг бий болгох, амьдралын чанарыг адил тэгш байлгах тэргүүтэй олон шалтгаанаар парламентын сонгуулийг олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоогоор явуулах нь зүйтэй хэмээн зөвшилцсөн болохыг Н.Энхболд гишүүн тайлбарлаж байв. 

 Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан үг хэлж, асуулт асуусны дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэгдүгээр зүйл “1.Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн далан зургааг мажоритар аргаар, далан зургааг пропорциональ аргаар сонгоно.” гэснийг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 66 гишүүний 63 нь уг томьёоллыг дэмжээгүй юм. Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс боловсруулж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн “Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан зургаан гишүүнийг олныг төлөөлөх, тавин гишүүнийг хувь тэнцүүлэн хуваарилах сонгуулийн аргын үндсэн дээр сонгоно.” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 66 гишүүний 61 нь буюу 92.4 хувь нь тус томьёоллыг дэмжлээ. Ийнхүү хоёр дахь хэлэлцүүлэгт оруулсан төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр нь дэс дараалан санал хураалт явуулснаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

  Төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, зарчмыг баримталж, иргэдэд төслийн талаарх саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог олгож, иргэд, улс төрийн нам, олон нийтийн байгууллагын оролцоог хангаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж ажиллах чиглэлийг Улсын Их Хурлын нийт гишүүд болон Улсын Их Хурлын Тамгын газарт өгөв.

  Улсын Их Хурлын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар таван асуудал хэлэлцэх бөгөөд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *