Ш.Идэрбаясгалан нарын 4 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ

2025.10.23

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Ш.Идэрбаясгалан, Д.Идэрмөнх, Д.Баасанцэрэн, Х.Батсайхан нарт холбогдох хэргийг дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцлээ.

Ш.Идэрбаясгалан нарын 4 хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, … үйлдсэн”, 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс … хахууль өгөхийг шаардсан, авсан”, мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс … хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд,…үйлдсэн”, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон”, 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэмт хэрэгт холбогдсон юм.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.

Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.

About Author