Орос III сургуулийн захирал асан Ж.Соронзонд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 5 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 143 гомдол, мэдээллийг шалгажээ.
Түүнчлэн эрүүгийн 832 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 807 хэрэг шалгагдаж байна.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
-“Б” нь Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан тушаалтнаар ажиллаж байхдаа хувийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэх;
-Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь гаалийн байгууллагын удирдах албан тушаалтан “О” нь хуульд заасан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэх;
-Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын удирдах албан тушаалтан “А” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;
-Монгол-Оросын хамтарсан III сургуулийн удирдах албан тушаалтан “С” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
-Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн албан тушаалтан “А” нь хахууль авсан гэх;
-“Б” нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
-“Мал эмнэлгийн сорил, баталгаажуулалтын улсын лаборатори” ТӨААТҮГ-ын удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “У” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргийг прокурорын байгууллагад хүргүүлжээ.