“Хэлэлцээ эхлээгүй, шийдэлд хүрээгүй учраас ажил хаялт үргэлжилнэ”

571228543_1251309940371711_2895506581541656944_n-810x500


Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Боловсролын салбарын багш, ажилчдын “Ажил хаялтыг удирдан зохион байгуулах ажлын хэсэг”-ээс өчигдөр мэдэгдэл хийсэн байна. Уг мэдэгдлийн талаар холбооны дарга З.Цогтгэрэл “Сүүүлийн өдрүүдэд улсын төсөвтэй холбоотой асуудлаар 2025 оны аравдугаар сарын 21-нд Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд П.Наранбаяр нартай уулзсан. Тэдний зүгээс 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 20 хувь, долдугаар сарын 1-нээс 10 хувиар нэмэгдүүлэх гарц гаргалгааг ярилцаж байна гэсэн. Мөн 2026 оны улсын төсвийг өргөн барихдаа багш нарын цалинг нэмэх нэг ч төгрөгний нэмэгдэлгүй байсан бол ямар ч байсан 30 хувийн нэмэгдлийг ярьж эхэлсэн. Багш нарын зүгээс үндсэн цалингаа 3.5 сая төгрөгт хүргэх байр суурьтай байгаа. Боловсролын яамнаас 2025 оны аравдугаар сарын 22-нд хэлэлцээ эхлүүлэх бичгээ ирүүлсэн. Ингэхдээ ямар нэгэн тооцоо судалгаа, гарц гаргалгаагүй, хэлэлцээрийн бүрэлдэхүүнд ийм долоон хүн оролцоно гэсэн. Энд ажлын хэсэг болон холбооноос “Та бүхэн тодорхой гарц шийдэл гаргаж, 2026 онд хэрхэн цалин нэмэх тооцооллыг ирүүлэх тухай хариу бичгийг тоот бичгээрээ хүргүүлсэн. Хариуг нь маргааш нь хариу ирүүлэхдээ 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 20 хувь, долдугаар сарын 1-нээс 10 хувь нэмэхийг дэмжиж, Төсвийн байнгын хороо, Засгийн газарт хүргүүлэхээр ажиллаж байна байна. Та бүхэн санал нэгдвэл цааш нь өргөн барина гэсэн. Бид энэ саналыг хүлээн аваагүй. Тэр өдрөө холбооноос хэлэлцээ хийх бүрэлдэхүүнийг баталж, аравдугаар сарын 24-нд өргөтгөсөн хурлыг хийлээ. Боловсролын яамнаас хэлэлцээгээ эхлүүлэх гэхээр холбооноос ирэхгүй байна гэх мэдээллийг өгч байна. Багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх түвшингээс ахихгүй байгаа учраас хүлээж авахгүй гэдэг хариуг өгсөн. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 598 төрийн байгууллагын 32 мянган хүн ажил хаялтад нэгдээд байна.
Бид нэг зорилгын дор нэгдэж чадаж байгааг харуулж байна. Мөн дээр нь эцэг эхчүүд, хэвлэл мэдээллийн байгууллагууд маш их дэмжиж байна. Бидний цалин хаанаа ч хүрэхгүй байгаа талаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүддээ хэлж, мессеж бичээрэй. Бид тэмцлээ үргэлжлүүлнэ.

Яамнаас ирүүлсэн хэлэлцээний эхний төсөл дээр бид өөрсдийнхөө хүссэн хэмжээнд цалин нэмэх томъёоллоо хүргүүлсэн. Ирэх 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 3.3 сая төгрөг, үлдсэн нэмэгдлийг долдугаар сарын 1-нээс шийдвэрлэвэл ажил хаялтаа зогсоож, хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн гэдгээ хүргүүлсэн. Хэлэлцээ эхлээгүй, нэгдсэн шийдэлд хүрээгүй учраас орон даяар багш нарын ажил хаялт хэвээрээ үргэлжилж байна” гэв.

Харин Боловсролын сайд П.Наранбаяр өчигдөр /2025.10.24/ ажил хаялтад оролцож буй Баянзүрх дүүргийн 111-р сургуулийн багш, ажилтнуудтай чуулганы хуралдааны дундуур сургууль дээр нь очиж уулзсан байна.
Тэрбээр “Багш нарын цалинг нэмэх нь зүй ёсны хэрэг. Би ч анхнаасаа энэ талаар бас дуугарч хэлж байсан. Мэдээж, бидний хамтын зорилго бол багш нарын үндсэн цалинг 3,500,000 болгох. Гэхдээ хэзээ вэ? Миний бие шүүмжлүүлээд ч хамаагүй шийдэхийн төлөө ажилласаар байна.
Багш, ажилтнууд ажил хаяад 8 хоног болсон байна. Зүй ёсны шаардлага тавьж буй энэ ажлын өдрүүдийн цалинг яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Ажил хаяж буй нөхцөлд Хөдөлмөрийн хуулиараа нөхөн олговор олгох хувь хэмжээгээ оролцогч талууд хэлэлцэн тохирох ёстой. Гэтэл Монголын Боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн удирдлага хариу өгөхгүй, хэлэлцээг эхлүүлэхгүй уясаар байгаа нь ажил хаяж буй багш нарыг хохирооход хүргэж байна. Бид ажлын хэсэг дээр уг асуудлыг ярилцахад бэлэн байна. Уриад дуудаад ирэхгүй байна. Мэдээж хэрэг бид багш нарын “олговрыг” бүтэн тавих хүсэлтэй байгаа. Үүнийг гагцхүү хуулийн хүрээнд, хамтын хэлэлцээний ажлын хэсгээрээ хэлэлцэж, шийдвэрлэх учиртай” гэжээ.

About Author