СУДАЛГАА: Иргэдийн боловсролыг 10 хувь нэмэгдүүлэхэд залилах гэмт хэргийн гаралт 3.1 хувиар буурдаг

ayn2

Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Цагдаагийн Ерөнхий Газар, Монголбанк, Монголын банкны холбоо, “Баримт шалгах төв” ТББ хамтран өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэ үеэр “Дансаа бүү ашиглуул” аяныг эхлүүлж байгаагаа зарлаж, Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалаг дараах мэдээллийг хүргэв.

Тэрбээр хэлэхдээ “Монголбанкнаас санхүүгийн залиланг нийгэм, эдийн засгийн хүчин зүйлс болон боловсролын түвшний нөлөөллөөр 2024 онд судалж байсан.

Судалгааны дүнгээр боловсролын түвшнийг 10 хувь нэмэгдүүлэхэд залилах гэмт хэргийн хувь хэмжээ 3.1 хувиар буурдаг гэх дүгнэлт гарсан байдаг.

Гэвч ядуурал, инфляц, ажилгүйдлийн түвшин, интернэт хэрэглэгчдийн тоо зэргээс хамаарч залилангийн хувь хэмжээ өсдөг.

Өөрөөр хэлбэл санхүүгийн мэдлэг болон боловсролын түвшнийг дээшлүүлэхэд залилах гэмт хэргийн тоо, хувь хэмжээ буурч байгаа ч макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах явдал хамгаас чухал.

Залилан бол эдийн засаг, санхүү, сэтгэл зүйн хувьд маш их хор хохирол учруулдаг гэмт хэрэг.

Таван хүний дөрөв нь санхүүгийн залиланд өртөөд байна гэдэг бол асар том асуудлыг дагуулж буй явдал. Энэ бол дан ганц цагдаа, банк санхүүгийн байгууллагын асуудал биш.

Нийгмийн хариуцлагын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо үүнд чухал. Тиймээс “Дансаа бүү ашиглуул” аяныг өнөөдрөөс эхлээд улс орон даяар зарлаж, эхлүүлж байна.

Энэ хүрээнд санхүүгийн залилангаас урьдчилан сэргийлэх, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зэргээр олон ажлыг төлөвлөж бэлтгэж байгаа” хэмээв.

Эх Сурвалж:ikon.mn

About Author