Тойм: “Түгжил” түүхээ давтаж, намын дарга цаашлаад Ерөнхий сайдад суух хүсэлтэй дүр

77888fhhfhfhfhg

Эх сурвалж: Eguur.mn

Үндсэн хуулийн цэц болоод Ерөнхийлөгчөөс хамгаалалт авч байж Засгийн газар уналгүй тогтлоо гэхэд буруудахгүй. Унах эрсдэлээс холдонгуутаа, өнгөрсөн долоо хоногт баахан халаа сэлгээ хийж бужигнуулав. Ингэхдээ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярынхаа гар хөлийг бэхэлсэн хуулийн салбарын томилгоонууд голчлон хийлээ.

Танхимынхаа эсрэг ажилласан Шадар сайдаа ч хөөв. С.Амарсайхан өөрийн найз Д.Амарбаясгалангийнхаа талд кнопоо ил дарсан. Хөөгдөх асуудал нь ч шулуухан өрнөөд дуусчихлаа. Одоо иргэдийнхээ итгэлийг олж, тогтвор суурьшилтай ажиллахын тулд хэд хэдэн сайдаа сэлгэх асуудал бий. Г.Дамдинням, Ч.Ундрам, Т.Аубакир, Э.Бат-Амгалан, П.Наранбаяр нарын шинэчүүл “жулдаж”, Б.Дэлгэрсайхан, Б.Чойжилсүрэн нарын бизнесменүүд “улиг” болчихлоо.

Харин Засгийн газраа далдуур “түгжилдэж” байгаа хүмүүсээ Г.Занданшатар хэрхэх вэ. Мэдсэн үү, мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлаад урагшлаад үзэх үү. Эл бүлэгт Тэргүүн Шадар сайд Н.Учралаас эхлээд нэрлэгдэнэ.

Өмнөх “түгжил” түүх;

Н.Учрал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гал тогоог базаж байсан ч, танхимаа огцроход томоохон нөлөө үзүүлсэн хүн. МАН-ын дотоод үе хоорондын тэмцэлд Н.Учрал 1980-аад оныхныхоо буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талд гараагүй. Л.Оюун-Эрдэнийн нэр заалгүй хэлээд байсан “Түгжил” нь болж таарсан. Танхим нь унах эцсийн мөчид ч огт дуугарч, хөдлөөгүй. 

Учир нь, Ерөнхийлөгчид илүү ойр дүр. Яагаа вэ. Хүндээр өвдөөд сэрэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “ааваа” гэж дуудсан тухайгаа өөрийнхөө намтарчилсан номонд биччихсэн нь баахан онигоо болсон.

Өмнөхөө түгжилдсэн ч, дараагийнхад нь Тэргүүн Шадар сайдаар ороод ирсэн нь “Ерөнхийлөгчийн хүн” гэдгийг нь хангалттай гэрчлээд өгсөн билээ. Ямар сайндаа Засгийн газрыг төлөөлж байгаад, Х.Баттулгыг “Төгрөг нуурын орд”-оор гөвших ажлыг гардан гүйцэтгэж байв. Ерөнхийлөгчид хэрэгтэй байсан учраас.

Улам дээшлэх амбиц буюу дахин “түгжил”;

Гэвч тэр Тэргүүн Шадар сайдаар зогсох хүсэлгүй. Өдгөө улам дээшээ зүтгэхээр ажиллаж байна.

МАН-ынхан Их хурлаараа намын даргаа сонгох хувилбар яриад байгаа шүү дээ. Чингэхдээ нэг хэсэг нь “Ерөнхий сайд Г.Занданшатарыг намын дарга болгох” тухай цухуйлгаад буй. Нөгөө хэсэг нь намын даргаар бүр гуравдагч дүр гаргаж ирэх агуулгууд ярьж байгаа. Эл гуравдагч дүрээр тодрон гарч ирэх хүсэл хэд хэдэн хүнд байгаагийн нэг нь Н.Учрал. Намын дарга цаашлаад Ерөнхий сайд болох том амбицтай.

Чингэхийн тулд ч Г.Занданшатарыгаа бүр эртнээс түгжилдээд эхэлчихсэн гэгдэж байна. Нууц амрагийнх нь тухай шар мэдээ нисгэсэн эзнээр нэрлэгдэж буй тухай бор шувуу ч нисэв.

Ерөөс нэгнээ матах эсвээс магтах ажлаа манай улс төрчид мета дээр маш сайн мөнгө хаяж хийцгээж байгаагаас харж болно. Сард хэдэн зуун саяар нь уралдан төлцгөөж байна.

Эцэст нь эрх баригч намын Их хурал хүртэл эрх мэдлийн төлөөх тэмцэл хязгааргүйгээр үргэлжлэх нь. Хуучин бизнесменүүд, сайдын суудалд дуртай хоосон дүрүүд, улам дээшлэх амбицтай “түгжил”-үүдийн нийлбэрээр үлбийсэн Гүйцэтгэх засаглал бүрдэж, нийгмээ улам бухимдуулах цаг руу чирсээр байна. Нөгөө талд ҮХЦ дээрээ уначихсан парламентынх нь байж байгаа царай.

About Author