Тэрэлжид Д.Амарбаясгалан талын гишүүд уулзаж, жагсаалтынхныг илүү улстөрж гэж шахжээ
Эх сурвалж: Eguur.mn
Намын их хурлаар хагарал, талцлыг нэг тийш болгох хүлээлт үүсчихээд байгаа энэ үед Д.Амарбаясгалан талын УИХ-ын гишүүд уулзалт хийсэн талаар хөшигний ард яригдаад эхэлжээ.
Тухайлбал, өчигдрийн ням гарагт 15 орчим гишүүн Тэрэлжид уулзсан байна. Тэдний дунд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Ж.Бат-Эрдэнэ, С.Амарсайхан, Б.Баярбаатар нараас гадна жагсаалтын нэр бүхий гишүүд байлцсан аж.
Д.Амарбаясгалангийн хувьд өөрийн хүсэлтээр ажлаа өгч, буулт хийх маягаар Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах оролдлого хийсэн. Гэвч Үндсэн хуулийн цэцийн тогтоол, Ерөнхийлөгчийн хоригийн үр дүнд Засгийн газар огцролгүй үлдчихээд байгаа. Нэмээд, МАН-ын Их хурлаар намын даргаа сонгоно, Д.Амарбаясгаланг батламжлахгүй гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар хэлж буй.
ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Б.Энхбаярын хувьд Д.Амарбаясгаланг 2-8 жилийн хорих ялтай гурван ч зүйл ангиар яллагдагчаар татагдан шалгагдаж байгааг мэдээлсэн билээ.
Тэгэхээр Д.Амарбаясгалангийн фракц одоо бүрэн утгаар буланд шахагдчихаад байгаа юм.
Тэгвэл, өчигдрийн уулзалтаар жагсаалтаар орж ирсэн залуу гишүүдэд улстөржилтөө зогсоохгүй байх, Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэн шүүмжил гэжээ.
Хэдийгээр багш нарын цалингийн асуудалд тохиролцчихоод байгаа ч араас нь эмч нар ажил хаяна гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл энэ сэдвийг улстөржүүлбэл, ажил хаясан гинжин хэлхээ үүсэх эрсдэл бий. Ер ямар ч Засгийн газрыг шүүмжилье гэвэл үүгээр тогтохгүй эмзэг сэдэв олон.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, жагсаалтын гишүүдийг үргэлжлүүлэн идэвхтэй улстөржсөөр 2028 оны сонгуульд тойрогт нэр дэвших боломжоо атга хэмээж байгаа аж. Өөрөөр хэлбэл, эртнээс тойрог дээр ажилла, өрсөлдөх магадлалтай хуучин улстөрчдийн эсрэг пиар ажиллагаагаа эхлүүл гэжээ.
Үүний тулд тэдэнд “Жагсаалтаар анх удаа сонгогдсон, салбартаа дагнан мэргэшсэн, залуу гишүүдийг дэмжихгүй байна. Улстөрч гэж тоохгүй, үгий нь сонсохгүй, гадуурхдаг хуучин хандлагыг шинэчлэх цаг болжээ” гэсэн өнцгөөр дуугарах нь өнөөдөртөө чухал юм.
Хэдийгээр улс төрийн бодит нөхцөл байдал энэ хэдий ч уулзалтад оролцсон зарим гишүүдийн хувьд дургүйцлээ илэрхийлж, орхиж гарсан тохиолдол ч гарсан гэв.
Ийнхүү, тойргоос нэр дэвшдэг, олон жилийн туршлагатай гишүүдийг “онилох”-оос гадна Ардчилсан намыг сөрөг хүчний нь хувьд тасралтгүй шүүмжлэх шаардлагатай талаар ярилцжээ.
Х.Баасанжаргалын хувьд өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намыг “Сөрөг хүчин биш, эрх ашгийн нэгдэл, хуйвалдаан. Өөр юу ч биш” гэж хэлсэн нь нийгмийн анхаарлыг татсан.
Залуу гишүүдийн манлайллыг дэмжихгүй, МАН доторх 70-аад оны фракцын талд илтэд орж, парламентын ардчиллын эсрэг зогсож байна гэдгээр Ардчилсан намыг ч Г.Занданшатарын Засгийн газартай холбон шүүмжлэх чиглэл энэхүү уулзалтаар өгөгдсөн гэдгийг эх сурвалж өгүүлж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийг даргалж байхдаа Д.Амарбаясгалангийн талд ажилласан Ж.Бат-Эрдэнэ одоо УИХ-ын дэд дарга болох эсэх нь эргэлзээтэй байна. Хэдийгээр Ж.Батжаргал даргатай бүлгийн хуралдаанаар түүнийг нэр дэвшүүлнэ гэж тохирсон ч, УИХ-ын чуулганы хуралдаанд олонхын санал авч чадахгүй унах магадлал бий юу, бий. Тийм ч болохоор өчигдрийн уулзалтад Ж.Бат-Эрдэнэ оройлон оролцож, жагсаалтын гишүүдэд голчлон чиглэл өгсөн талаар яригдлаа.
126 гишүүнтэй парламентын ололт бол жагсаалтаар орж ирсэн залуу гишүүд мөн үү, мөн. Гагцхүү улс төрийн тогтворгүй нөхцөл байдал, нам доторх хагарал л залуу гишүүдийг эрхгүй нэг талд өмчилж, эрх ашгийн дагуу дуугарах шаардлага руу түлхэж байгаа нь харамсалтай юм.