УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг эгүүлэн татах уу?
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы арваннэгдүгээр сарын 3-7-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг баталжээ.
Лхагва гарагт чуулганы нэгдсэн хуралдааны үдээс хойш буюу 14:00 цагаас хэлэлцэх асуудалд “УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудал” болон “УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудал” – ыг тус тус хэлэлцэхээр тов, дараалалд орсон байна.
Дээрхээс харвал энэ лхагва гарагт Х.Булгантуяа гишүүнийг УИХ-ын дэд даргаас огцруулж, мөн шинэ дэд даргыг сонгох асуудлыг хэлэлцэх нь ээ. Харин, УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг гишүүнээс эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх эсэх нь тодорхойгүй буюу энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын тов, дараалалд тодорхой тусгагдаагүй байна.
Түүнчлэн, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын зарим гишүүд Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах буюу огцруулах эсэх дээр байр сууриа илэрхийлсэн байдаг. Зарим гишүүд Үндсэн хууль зөрчсөн тул эгүүлэн татах нь зүйтэй гэсэн бол зарим гишүүд түүнийг боловсролтой, туршлагатай улс төрч болохыг дурдаад УИХ-ын дэд даргаас огцруулж, харин гишүүн хэвээрээ үлдэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Энэ нийтлэлээр УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд ямар үр дагавартай байхаар Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хуульд тус тус зохицуулсан талаар хүргэхийг зорилоо.
Юун түрүүнд, Үндсэн хуулийн цэцээс Х.Булгантуяаг Үндсэн хуулийн 1.2, 43.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг энд нэхэн дурдах нь зүйтэй болов уу (Цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлт)
УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд ямар үр дагавар үүсэх вэ?
УИХ-ын тухай хуулийн 9-р зүйлд “Гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох” тухай асуудлуудыг зохицуулжээ. Уг зүйлийн 9.1 дэх хэсэгт гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох үндэслэлүүдийг мөн тоочин заасан байна.
Улсын Их Хурлын тухай хууль:
9 дүгээр зүйл.Гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох
9.1.Дараах тохиолдолд гишүүний бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно:
9.1.4.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
Дээрх зохицуулалтаас харвал, УИХ-ын гишүүнийг Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар эгүүлэн татах үндэслэлтэй гэж Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гарсан тохиолдолд УИХ тус дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхийг хэлэлцэж, улмаар хүлээн зөвшөөрсөн бол тус гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болохоор байна.
Х.Булгантуяа гишүүний хувьд Үндсэн хуулийн цэцээс “гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй” гэж биш харин “гишүүн Үндсэн хууль зөрчсөн” гэсэн дүгнэлт гарсан байгаа тул дээрх 9.1.4 заалтыг үндэслэн шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй гэж тайлбарлаж болохоор байна.
Нөгөөтээгүүр, Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. …” гэж заасан.
Мөн, УИХ-ын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.” гэж хуульчилсан байна. (жич: энэ хэсгийн “дүгнэлт гаргасныг УИХ зөвшөөрсөн бол гэдэг нь Үндсэн хуулийн 66.3 дахь хэсэг болон цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлттэй зөрчилдөж байгааг дурдах нь зүйтэй байна).
Эндээс дүгнэвэл, Х.Булгантуяа гишүүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг дараах 2 хувилбараар хэлэлцэн шийдвэрлэхээр байна. Үүнд:
1. Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гарсныг үндэслэн УИХ-ын тухай хуулийн 9.3 дахь хэсгийн дагуу УИХ хэлэлцэн шийдвэрлэх; эсвэл
2. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т заасны дагуу Х.Булгантуяа гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй эсэх дээр дүгнэлт гаргаж, тус дүгнэлтийг УИХ хэлэлцэн шийдвэрлэх.
Аль ч тохиолдолд УИХ уг асуудлыг хэлэлцэхдээ Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар, саналаа нууцаар гаргаж/хурааж шийдвэрлэх ба хуралдаанд оролцсон гишүүдийн олонхоор уг асуудлыг шийдвэрлэхээр байна.
Харин, хэрвээ УИХ энэ удаа Х.Булгантуяа гишүүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцээгүй (эсвэл хэлэлцсэн ч эгүүлэн татахгүй байхаар шийдвэрлэсэн тохиолдолд) аливаа иргэн эсхүл эрх бүхий албан тушаалтан Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 4-т заасны дагуу дүгнэлт гаргуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандаж болохоор байна.
Хүлээлт: Дээр дурдсанчлан Х.Булгантуяа гишүүнийг эгүүлэн татах эсэхтэй холбоотой асуудал дээр УИХ-ын гишүүд харилцан адилгүй байр суурьтай байгаа. Үүний зэрэгцээ, иргэд ч мөн харилцан адилгүй байр суурьтай байгаа нь ажиглагдаж буй.
Иргэд, олон нийтийн байгууллагууд төдийгүй УИХ-ын гишүүд ч ер нь аливаа асуудалд өөрийн баримталж буй байр сууриа зөвтгөн тайлбарлахдаа “хууль дээдлэх ёс”, “ардчилсан зарчим”, “үндсэн хуульт ёс” зэрэг нэр томьёо, ойлголтыг бишгүй дурддаг. Эдгээр зарчмын үүднээс улсын Үндсэн хуулиа зөрчсөн УИХ-ын гишүүн улсын эрх барих дээд байгууллага, хууль тогтоох байгууллагад үргэлжлүүлэн гишүүний бүрэн эрхтэйгээр ажиллах нь тийм ч зөв, зүйтэй практик болохгүй болов уу.
Ийм ч учраас Үндсэн хуулийн Хорин ес дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болохоор зохицуулж баталгаажуулсан байдаг.
Тийм ч учраас УИХ-ын гишүүд “Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахина” гэж тангаргалдаг билээ. Хэрвээ, Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр тогтоогдсоор байхад тухайн гишүүн УИХ-ын гишүүн хэвээр үргэлжлүүлэн ажиллах нь УИХ-ын гишүүний энэхүү тангаргийг үнэгүй, хоосон үг болгох үр дагавартай байна.
Эдгээр бүхий л нөхцөл байдлыг харгалзан, энэхүү асуудалд хувь хүн нь хэн, ямар хүн бэ гэдгээс үл хамаарч субьектив байдлаар хандалгүйгээр, цаашид буруу жишиг болон тогтох вий зэрэг эрсдэлийг харгалзан зарчмаа баримтлан шийдвэрлэнэ гэж найдаж байна.