Х.Баасанжаргал: Төсөв хэлэлцэхдээ Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн учраас би ирцээсээ гарсан
Эх сурвалж: Zuv.mn
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Дэгийн тухай хуулинд байдаг гишүүд өөрөө албан ёсоор хүсэлтээ хэлээд ирцээсэй гардаг. Энэ нь ямар тохиодолд гардаг вэ гэхээр Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн тохиолдолд өөрөө хүсэлтээ илэрхийлээд гардаг. Би анх удаа энэ дэгийг хэрэглэж байна.
Үндсэн хоёр шалтгаан байгаа. Нэгдүгээрт төсвийн хэлэлцүүлэг өөрөө хуульд заасны дагуу явах ёстой. Төсвийн хэлэлцүүлэг тусдаа дэгтэй байдаг. Гэтэл энэ дэгийг Засгийн газар зөрчиж байна. Төсөв боох ажлын хэсгийн хуралдааны үеэр Төсвийн ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуягийн оронд Т.Аубакир гишүүн кнопыг нь дарж санал өгсөн. Энэ нь хуулиа зөрчиж байна гэсэн үг юм.
Хоёрдугаарт Т.Аубакир гишүүн өөрөө Засгийн газрын сайд. Сайд хэрхэн чуулганы хуралдаан болоод байнгын хороонд оролцох вэ гэдэг нь тусдаа хуулиар зохицуулчихсан байгаа. Сайд тухайн асуултад хариулах, Засгийн газрын байр суурийг илэрхийлэх ёстой болохоос биш ажлын хэсгийг ахлаад өөрийнхөө зарцуулах мөнгийг батлаад суух ёсгүй гэсэн үг.
Хурал даргалж байгаа Б.Пүрэвдорж намайг ирцээсээ гаръя гэхэд тойргийн гишүүд л төсөвтөө анхаараарай, жагсаалтын гишүүд ч яах вэ гэж байна. Энэ чинь бас л үндсэн хууль зөрчсөн асуудал шүү дээ” гэлээ.