Эмч, эрдэмтдийн гомдол буюу эрэмбийн алдаатай цалингийн нэмэгдэл
Эх сурвалж: ZUV.MN
Цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан багш нарын ажил хаялт тодорхой үр дүнд хүрч /ирэх оны эхнээс 50 хувь, арваннэгдүгээр сарын 1-нээс 26 хувь/ сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлсэн. Тэгвэл залгуулаад эмч нар цалинг нь дорвитой нэмэхгүй бол энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлээ. Ард нь шинжлэх ухааны салбарынхан энэ үйл явцыг анхааралтай ажиглаж, “Эрүүл мэндийн салбарын төсвийг олон улсын жишигт нийцүүлж, ДНБ-ий 6 хувьд хүргэнэ” гэх зорилтыг нь салбартайгаа харьцуулан байна.
Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдын дундаж цалин 1.5-1.9 сая төгрөг байдаг. Тиймээс цалингаа нэмүүлэх боломжийг бодож байна. Энэ нь ч буруу биш.
Цалингийн нэмэгдэл гэдэг сэдвийг хөндөхөд 3.5 сая төгрөг буюу 1000 ам.доллар гэсэн жишиг яригддаг. Энэ жишгийг Нийслэл анх тогтоож, нийтьийн тээврийн жолооч, ТҮК-ийн ажилчдын цалинг энэ хэмжээнд хүргэж байсан. Тэр үед ажил үүргийн хуваарийн эрэмбэ алдагдсан уу гэдэг асуулт үүсэж, иргэд хэлэлцэж байлаа.
Гэвч тухайн үед Нийслэлийн удирдлагууд “Ажил хөдөлмөрийг боловсрол, мэргэжил шаардсан, хүнд хүчир гэж ангилдаг. ТҮК-ийн ажилчдын ажил бол хүнд ажил” гэж хэлээд нэмж байсан юм.
Уг нь боловсролын хэмжээгээр ирээдүйд авах цалин хөлс тодорхойлогддог зарчим ингэж алдагдсан нь одоо нөхөгдөж байгаа хэрэг.
Тэгэхээр, эмч нарын араас шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг шийдэхгүй бол эрэмбийн алдаа хэвээр үлдэх гээд байна.
Эрдэмтэд бол ажил хаяхааргүй цаг хугацааны үнэ цэнийг мэддэг хүмүүс. Бас ажлаасаа гарлаа гэхэд салбартаа хувиараа бие дааж ажиллах боломж бололцоо хомс гэдэг нийтлэг бэрхшээлтэй.
Уг нь олон улсад улс орны хөгжил дэвшил шинжлэх ухааны салбараа дагадаг. Шинэ мэдлэг байнга үүсэж, эргэлтэд орж байдаг. Тэр утгаараа хөрөнгө оруулалт ч их татдаг.
Харин Монголд шинжлэх ухааны салбар хоёр, гуравдугаар зэргийн асуудал байсаар удаж байна.
Монгол Улсын хувьд, эрүүл мэндийн салбартаа ДНБ-ийн 3-4 орчим хувийг зарцуулдаг. Салбарын сайд, сайд аснууд үүнийг 6 хувь хүртэл нэмснээр олон улсын жишигт ойртоно гэж ярьж буй. Харин шинжлэх ухааны салбарынхан “ДНБ-ий 0.5 хувьд хүргэчихвэл гоё оо” гэж санааширч байна.
Монголын шинжлэх ухааны салбарт хуримтлагдсан мэдлэг хангалттай бий. Гагцхүү эргэлтэд оруулах шаардлагатай байна.
Санхүүжүүлэх тогтолцоо нь буруу, дутуу мөнгө өгчихөөд бүтэн үр дүн нэхдэг гаж тогтолцооноос болоод Монголын шинжлэх ухааны салбар дутуу дулимаг судалгаа “үйлдвэрлэдэг” сул талтай байсан.
2024 оны сонгуулийн өмнө өмнө Засгийн газрын ээлжит хуралдааны дараа тухайн үед салбарын сайд байсан Л.Энх-Амгалан “Шинжлэх ухааны судаогааг бүрэн гүйцэд санхүүжүүлдэг болно” гэж мэдэгдэхэд загатнасан газар маажих шиг болж байлаа. Судалгааны ажлуудыг ач холбогдлоор нь эрэмбэлж бүрэн санхүүжүүлдэг болох нь, судаолгаа эхлүүлээд зогсоодог гачлантай байдал эцэс болох нь гэж баярласандаа тэгсэн хэрэг.
Хэрвээ сайдын амлалт ажил хэрэг болсон бол дутуу судалгаанууд үргэлжилж, эхнээсээ эргэлтэд ороход ойртсон байх учиртай. Хэрвээ амжаагүй бол нэн даруй хийж хэрэгжүүлэх нь зүйтэй юм.