Ч.Номин: Худал үгийг мянга давтаж үнэн болгох гэсэн увайгүй арга хэрэглэж байгаа Б.Энхбаяр сайдад харамсаж байна

901bb22cec5401fdc598a2ab7d3822a5

Эх сурвалж: Zuv.mn

Хууль зүйн сайд Б.Энхбаяр УИХ-ын гишүүн Ч.Номинг Соёлын сайдаар ажиллаж байх үедээ Тамгагүй төр жүжгийг олон улсад тоглуулахад дэмжлэг үзүүлсэн гэх баримт бүхий зургийг харуулсан. Харин энэ талаар Ч.Номин өөрийн цахим хуудсаараа дамжуулан няцаалт хийжээ. 

Тэрбээр,

“Б.Энхбаяр сайд Монгол Улсын Олон Улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хорооны гишүүн, төлөвлөгөөг нь батлалцсан хүний хувьд Монгол Улс хуультай, бодлогын процесс дараалал, төлөвлөлгөө, гүйцэтгэл, хяналтын механизмтай байдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Тамгагүй төр жүжигт улсын төсвөөс ямар нэгэн байдлаар санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй болохыг удаа дараа мэдэгдэж байна. Өнгөрсөн хугацаанд энэ жүжигт төсвөөс дэмжлэг үзүүлсэн болгож харагдуулах акц, гүтгэлгийг тасралтгүй явуулсан. Үнэхээр төсвийн мөнгө зарцуулсан нь баримтаар нотлогдсон бол төлөвлөгөө биш санхүүгийн баримт гаргаж тавих байсан.

Мөнгө зарцуулсан эсэх асуудал зөвхөн санхүүгийн баримтаар нотлогддог байтал улс төрийн зорилгоор, ямар ч санхүүгийн баримтгүйгээр, “Худал үгийг мянга давтаж үнэн болгох” гэсэн увайгүй арга хэрэглэж байгаа Б. Энхбаяр сайдад харамсаж байна.

Монгол, Англи улсууд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойтой давхцан “Монгол хаан” жүжиг Англи Улсад тоглогдох болсон. Зөвхөн Соёлын яам гэлтгүй, Гадаад харилцааны яам, Англи Улсад суугаа элчин сайдын яам ч тодорхой хэмжээнд бодлогын дэмжлэг үзүүлсэн.

Ер нь төрөөс явуулж буй бодлого, арга хэмжээ бүрд төсөв шаардлагатай байдаггүй. Зарим үед хувийн хэвшлээ дэмжиж Олон Улсын байгууллага, улс орнууд руу албан бичиг явуулах зэрэг бодлогын ажлаа бүхий л яамд хийдэг. Зөвхөн “Тамгагүй төр” жүжигт онцгой бодлогын дэмжлэг үзүүлсэн асуудал байгаагүй.

Улс төрийн зорилгоор тасалж тавьсан тогтоолыг бүрэн эхээр нь орууллаа. Монгол Улс анх удаа нэгдсэн стратеги төлөвлөгөөтэйгөөр улсаа Олон Улсад сурталчилж, мэдээ мэдээллээ дэлхий дахинд хүргэж эхэлсэн ажлыг бүхлээр нь үгүйсгэж, харлуулж байгаад харамсаж байна. Төрийн өндөр албан тушаал хашиж буй хүн улстөржүүлж болох, болохгүй асуудлаа ялгаж салгадаг байх учиртай” гэжээ.

About Author