“Өргөө”-гийн 75 хувь нийслэлд шилжих үү, Н.Энхбаярын талд үлдэх үү?

336335-04112025-1762254292-1737651534-6909dc1ee337fe7967a3073d-810x500

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас (НИТХ) гаргасан шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хуучнаар “Өргөө” зочид буудлын 75 хувийг нийслэлийн өмчид шилжүүлж авах үүрэг хүлээгээд буй.

Тодруулбал, НИТХ-аас 2007 онд “Өргөө” зочид буудлыг татан буулгаж, “Дун өргөө” ХХК-ийг байгуулан, 75 хувийг нь “Хар дун” компани, 25 хувийг нийслэл эзэмших шийдвэр гаргаж байжээ. Гэвч энэ шийдвэр шүүхэд очиж, 2012 онд гурван шатны шүүхээс уг тогтоолыг хууль бус гэж үзсэн байдаг. Үүний дараа 2018 онд НИТХ “Дун өргөө” ХХК-ийн 75 хувийг нийслэлийн өмчид буцаан авах тогтоол гаргасан ч өнөөг хүртэл хэрэгжээгүй.

Ийнхүү гурван шатны шүүхийн шийдвэр гарч, НИТХ-наас ч тогтоол батлагдсан атал өмчийг шилжүүлэн өгөхгүй байгаа учраас Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай тус зочид буудлын эзэмшигч аж ахуй нэгжид биечлэн мэдэгдэл хүргүүлсэн юм.

“Дун өргөө” ХХК-ийн 75 хувийг “Хар дун” компани эзэмшдэг бөгөөд уг компанийн эцсийн эзэмшигч нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Цахим хөгжил, инноваци харилцаа холбооны сайд Н.Батшугар.

Тэрбээр хэвлэлийнхэнд энэ асуудалтай холбогдуулж тайлбар өгөх үеэрээ “Өргөө зочид буудлыг нийслэлд өгөхгүй” гэж мэдэгдсэн.

Тэгвэл Мэдэгдэл хүргүүлсний дараа хуулиар биелүүлэх тодорхой хугацаа өгдөг. Хэрэв тухайн хугацаанд биелүүлэхгүй бол нийслэл үүнийг “хууль ёсны үүргээ биелүүлээгүй” гэж үзэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлт гаргах эрхтэй болдог.

Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (ШШГЕГ) тухайн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа эхлүүлнэ. Энэ нь өмчийг нийслэлийн нэр дээр бүртгэх, хөрөнгийг битүүмжлэх, эсвэл хуулийн хүрээнд хүч хэрэглэн гүйцэтгэх ажиллагаа явуулах зэргээр хийгддэг.

Хэрэв гүйцэтгэлийн явцад саад гарвал прокурорын байгууллага оролцож, хууль ёсны шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелүүлэхийг шаардана. Харин шийдвэрийг хэрэгжүүлэхээс санаатайгаар татгалзсан этгээдэд хариуцлага тооцох эрх зүйн үндэслэл бий. Зөрчлийн тухай хуулиар 500 нэгж буюу 500 мянган төгрөгийн торгууль ногдуулах, харин давтан, санаатай эсвэл албан тушаалын байдлаа ашиглан хэрэгжүүлэхээс татгалзсан бол Эрүүгийн хуулийн 22.2 дугаар зүйлд зааснаар албан тушаалаас хасах, нэг жил хүртэл хорих шийтгэл ногдуулж болдог.

Товчхондоо, нийслэлээс мэдэгдэл хүргүүлсний дараа тухайн шийдвэрийг биелүүлэхгүй бол асуудал ердийн захиргааны шатнаас гарч, хууль хяналтын байгууллагын оролцоотой албадан гүйцэтгэлийн шат руу шилждэг байна.

Энэ процессийн эцэст өмч шилжсэн, бүртгэл өөрчлөгдсөн, эсвэл шүүхийн шийдвэр бүрэн хэрэгжсэн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар “шийдвэр гүйцэтгэсэн тухай акт” гаргаж, маргаан дуусгавар болдог аж.

НЗД-ын орлогч Т.Даваадалайгын өгсөн мэдээллээр “Өргөө” зочид буудлыг нийслэл өмчдөө авч, дуудлагаар худалдана. Олсон орлогын 2026 онд баригдах сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн талбайг тохижуулахаар төлөвлөөд байгаа юм.

About Author