Ж.Билгүүтэй: Цаг алдаж дуудлага өгсөн иргэдийн гомдлыг шалгахад дансан дахь бэлэн мөнгө нь аль хэдийн гарчихсан байдаг
“Үнэмшилтэй саналд хашир бай” аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулах талаар Цагдаагийн Ерөнхий Газар, Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ноос дараах мэдээллийг хамтран хүргэлээ.
Энэ үеэр цахим залилангийн талаар ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Билгүүтэй дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр “Хэрвээ цахим орчинд залилуулсан бол цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нэн яаралтай холбогдох нь чухал.
Дуудлага мэдээллийг шуурхай өгснөөр ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахим халдлага, залилантай тэмцэх хариу арга хэмжээний хэлтэстэй шууд холбогдоно.
Хамгийн гол нь нэн яаралтай цагдаад хандаж чадвал таны алдсан мөнгийг барилт хийх боломж бий. Цаг алдахгүй байснаар хохирогч болохоос урьдчилан сэргийлж чадна” гэлээ.
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Үргэлжлүүлэн иргэдийн мөнгөн хохирлыг буцааж олж авах, хууль бус дансыг царцаахтай холбоотой асуултад дараах хариултыг өгсөн юм.
Сэтгүүлч: Мөнгөө шилжүүлсэн данс, овог нэр нь тодорхой байхад тухайн дансыг барилт хийх, царцаах боломж байдаггүй тухай хохирогчид хэлж байсан. Өөрөөр хэлбэл банкны дансыг барилт хийгээгүйн улмаас залилуулсан мөнгөө олж авч чадаагүй гэх иргэдийн санал гомдол байна. Энэ чиглэлд ямар ажил, арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа вэ?
Цагдаагийн хошууч Ж.Билгүүтэй: Залилагч этгээдүүд хэзээ ч өөрийнхөө данс болон өөрийн хамаарал бүхий дансаар гэмт хэрэг үйлддэггүй.
Иргэдийн зүгээс нэлээд цаг хугацаа өнгөрсний дараа гомдол гаргадаг тохиолдол бий. Улмаар гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мөнгөө шилжүүлсэн дансанд нь шалгалт хийж, лавлагаа мэдээлэл аваад үзэхэд “бэлэн мөнгө нь аль хэдийн гарчихсан” байдаг.
ATM-ээс бэлнээр гарсан эсвэл өөр данс руу шилжүүлсэн тохиолдолд дахиад дансны лавлагааг нь авч мөрдөн шалгах ажиллагааг цааш явуулдаг.
Гол нь цаг алдаж цагдаагийн байгууллагад гомдол гаргах нь хэргийг мөрдөн шалгасан ч илрэх боломжгүй болгож буй.
Тэгэхээр залиланд өртсөн иргэд нэн даруй цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, бүртгүүлэх шаардлагатай.
Хоёрдугаарт цагдаагийн байгууллагын 102 дугаарт залгаж мэдээлэл өгснөөр манай Цахим халдлага, залилантай тэмцэх хариу арга хэмжээний хэлтсийн 24 цагаар гарч байгаа жижүүрийн цагдаа арилжааны банктай холбогдон тухайн дансанд мөнгө нь байвал “царцаах” бүрэн боломжтой.