Б.Долгорсүрэн: Гэртээ хүүхдээ асардаг эмэгтэйчүүд цахим залиланд их өртдөг юм байна
“Үнэмшилтэй саналд хашир бай” аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулах талаар Цагдаагийн Ерөнхий Газар, Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ноос дараах мэдээллийг хамтран хүргэлээ.
Өдөрт дунджаар 30 иргэн залилангийн гэмт хэрэгт өртсөний улмаас цагдаагийн байгууллагад хандаж байна.
Тухайлбал энэ оны эхний арван сард улсын хэмжээнд нийт 41,844 гэмт хэрэг бүртгэгдсэний 35.1 хувийг залилан мэхлэх гэмт хэрэг эзэлжээ. Харин цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 10,637 буюу 85.3 хувь нь санхүүгийн залилан байна. Үүний улмаас иргэдэд 19.1 тэрбум төгрөгийн хохирол учраад байгааг ЦЕГ-аас мэдээллээ.
Үргэлжлүүлэн цахим залилан ба “хашир бай” аяны тухай Санхүүгийн Зохицуулах Хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн дараах мэдээллийг хүргэлээ.
Тэрбээр хэлэхдээ “СЗХ, ЦЕГ-тай хамтраад залилантай тэмцэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлж байна.
Энэ хүрээнд СЗХ-ны зохицуулалтын салбарын 11 мэргэжлийн холбооноос “хаших бай” аяныг дэмжиж ажиллана.
Иргэдийн амар хялбараар мөнгө олох сэдэл дээр тулгуурлан залилагч этгээдүүд хуурамч мэдээллийг дамжуулж хохироож байна. Нас, хүйс, боловсролын ялгаа хамаарахгүй бүгд залиланд өртөж байгаа юм.
Иймд “хашир бай” аяныг 2030 он хүртэл үргэлжлүүлнэ. Санхүүгийн харилцаанд иргэд маань хашир байх хэрэгтэй. Таны хийсэн нэг үйлдэл ар гэр, ах дүү, амраг садан, найз нөхдийг тань давхар хохироодог.
Нөгөө талаас монголчууд “тэр их ашигтай гэсэн” хэмээн хуйлардаг ард түмэн.
СЗХ-нд ирж байгаа өргөдөл гомдлууд, цагдаагийн байгууллагаас шалгаж буй хэргүүдэд дүн шинжилгээ хийж үзэхэд нэг өвөрмөц зүйл ажиглагдсан.
Ер нь залиланд өртөж буй хүмүүст нас, хүйс хамаагүй юм байна. Боловсролын түвшин ч хамаагүй. Нэг нэгнийгээ уруу татдаг. Улмаар хамгийн ойрын хүмүүсээ санаатай болон санаандгүй үйлдэл, дам яриагаар залиланд уруу татчихдаг.
Нөгөө талаас залилж буй этгээдүүд зальтай болчихсон” гэлээ.
“Санхүүгийн 2 сая орчим харилцагчдад залилангийн сэрэмжлүүлэг мэдээг тасралтгүй хүргэнэ”
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Үргэлжлүүлэн “Санхүүгийн үйлчилгээ хамгийн энгийн, түргэн шуурхай байх ёстой гэдэг. Нэг ёсондоо хүртээмжтэй байхыг шаарддаг ч түүнийг дагаад сул орон зай бий болжээ.
Иргэд их хэмжээний зээл авч байна. Үүнийг дагасан зээлийн үйлчилгээний залилангууд гарч эхэлсэн. Тухайлбал “зээл чөлөөлж өгнө”, “зээлийн зэрэг олгож өгнө” гэх мэтчилэн нэлээд олон асуудал цахимд үүсэж байна.
Би технологитой тэмцэхгүй, дэмжинэ. Гэхдээ зөв технологийг дэмжинэ.
Нэг ёсондоо буруу мэдээллийг цахим орчноос устгах ажлыг хийгээд эхэлсэн.
Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран
Фэйсбүүк болон олон нийтийн сүлжээгээр түгээж буй хуурамч хаягуудыг олж илрүүлж устгуулах,
Санаатайгаар хуурамч мэдээ тарааж буй этгээдүүдийг илрүүлэх, хууль бус үйлдлийг таслан зогсоох чиглэлд ажлаа эрчимжүүлнэ.
Бидний харж байгаагаар санхүүгийн салбарт 2,000,000 орчим харилцагч бий. Эдгээр хүнд залилантай холбоотой мэдээллийг тасралтгүй хүргэнэ.
Шинээр гарч ирж буй залилангийн гэмт хэргийн нөхцөл байдал болон бусад асуудлыг урьдчилан сэргийлж хүргэнэ.
Бидний олж хараагүй гэмт хэргүүд хүртэл бий.
Гэртээ хүүхдээ асардаг эмэгтэйчүүд энэ төрлийн гэмт хэрэгт их өртдөг юм байна. Иймд хүүхдээ асраад гэртээ байгаа эмэгтэйчүүдэд чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд авна. Ялангуяа цахим худалдаа, цахим луйварт гэртээ байгаа хүн их өртдөг.
Бид нар нийгмийн бүлгүүдийг нас, хүйс, боловсролоор нь ялгасан. Аль сувгаар хэнд, хаана сэрэмжлүүлэг мэдээ хүргэх вэ гэдгийг тооцоолсон” гэдгийг СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн хэллээ.
Эх Сурвалж:ikon.mn