Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын босго ч даваагүй Евразийн эдийн засгийн холбоонд элсэх асуудлыг яаравчлан батална гэх амлалтыг В.Путинд өгөөд иржээ

IMG_0470

Ч.Хүрэлбаатар Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа буюу 2022 онд ОХУ-тай “Чөлөөт худалдааны түр хэлэлцээр” хийсэн. Энэ хэлэлцээр нь алсдаа Евразийн эдийн засгийн холбоонд элсэх эхлэл байсан бөгөөд энэ ажлыг Л.Гантөмөр, С.Амарсайхан нар үргэлжлүүлж, 2024 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр тус холбоонд Монгол Улсыг түр элсүүлэх гэрээнд Москвад гарын үсэг зурахаар төлөвлөөд байсан ч бизнесийнхэн болоод УИХ-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулснаар гацаанд орж, улмаар хэрхэх нь тодорхойгүй нөхцөл байдалд хоёр жил болсон.

-ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООНД ЭЛСЭХ АСУУДЛЫГ БАЙНГЫН ХОРООГООР ХЭЛЭЛЦЭЖ ҮЕД СУДАЛГАА САЙН ХИЙГДЭЭГҮЙ ГЭХ ШАЛТГААНААР ХОЙШЛУУЛСАН-

Евразийн эдийн засгийн холбоонд элсэх асуудлыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн ч судалгаа сайн хийгдээгүй гэх шалтгаанаар хэлэлцэхээс татгалзаж, хойшлуулсан байдаг. Тодруулбал, эл асуудал УИХ-ын байнгын хорооны босгыг ч давж чадахгүй байгаа юм.

Угтаа бол олон улсын гэрээнд нэгдэх асуудал учир заавал УИХ-аар соёрхон батлах шаардлагатай юм. Тэгвэл УИХ-ын босгыг давж чадахгүй байгаа уг асуудлыг ойрын хугацаанд “яаравчлан шийдвэрлэнэ” гэх амлалтыг  Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзах үеэрээ өгчээ.

Тодруулбал, тэрбээр өнгөрсөн долоо хоногт Москва хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтад оролцсон бөгөөд энэ үеэр тус улсын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, энэ үеэр манай талаас Евразийн эдийн засгийн холбоонд элсэх асуудлыг түргэвчилнэ гэсэн бол айлын талаас Монголын нутгаар дайруулан БНХАУ-д хүргэх хийн хоолойг барих ажилд анхаарч ажиллаарай хэмээн захисан байна.  В.Путины байгуулж, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан таван улс л байдаг тус холбоонд элсэж болохгүй шалтгааныг УИХ-ын гишүүд, аж, ахуй эрхлэгчид, эдийн засагчид тайлбарлахдаа, ижил төрлийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг барилга, хүнс, хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрүүд хөгжих боломжгүйд хүрэх аюул байна гэдэг. Гэрээг ЭНД дарж унших. Мөн, хөдөө аж ахуйн дийлэнх бүтээгдэхүүнийг (бүх мах, махан, сүү, сүүн бүтээгдэхүүн, улаан буудай, гурил, хүнсний ногоо, ус, ундаа зэрэг) импорт ба онцгой татваргүй, ямар нэгэн квот зохицуулалтгүй Монгол Улс руу нийлүүлнэ. Тус хэлэлцээрийн цаана ОХУ нь олон улсад хоригтой учраас зарж чадахгүй, чанаргүй бараа бүтээгдэхүүнээ Монгол руу шахах гэж байна гэх хардлагаас өөр бодитой үндэслэл алга гэж шүүмжилж байгаа юм. Хариуд нь Монголоос мах, ноос ноолууран бүтээгдэхүүн гэсэн цөөн нэр төрлийн барааг л авна. Манай улс мах, махан, сүү, сүүн, ус, ундаа зэрэг бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой байхад импортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны алдагдлыг ч улам ихэсгэнэ. Цаашлаад энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж, хүнсний импортыг хаахаар хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнтэй огт нийцэхгүй юм. Уг нь манай улс 19 нэрийн барааг дотоодоос бүрэн хангах тухай УИХ-ын 36 дугаар тогтоол баталж байв.

-УГ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХИЙВЭЛ ДНБ-НИЙ ӨСӨЛТ 6.1 ХУВИАР БУУРНА-

Тус холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар Монгол Улс 367 нэр төрлийн барааг ЕАЭЗХ-ны орнуудад гаалийн татваргүй экспортлох боломжтой болно гэж байгаа ч, үнэндээ Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулснаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий өсөлт 6.1 орчим хувиар буурах тооцоо гарсан талаар Bloomberg мэдээлсэн. Мөн 2024 оны байдлаар Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны улсуудад 110.1 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолсон бол 2.9 тэрбум ам.долларын импорт хийсэн байна. Харин хэлэлцээрт гарын үсэг зурж 375 орчим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг харилцан гаалийн татваргүй импортлох тохиолдолд манай экспорт ердөө 3.7 орчим хувиар л нэмэгдэх тооцоо гарчээ. 

Харин нөгөө талдаа дотоодын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 17.9 хувиар буурах, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл 4.3 хувиар агших эрсдэлтэй байна. Бусад салбарын хувьд 1.2-5 орчим хувиар өсөх тооцоо гарчээ. Эдгээрийн нөлөөгөөр иргэд болон аж ахуйн нэгжүүдийн орлого 5.5 орчим хувиар, улсын төсвийн орлого 3.24 хувиар тус тус буурах тооцоолол гарсан байна. Мөн чөлөөт худалдааны хэлэлцээрт зөвхөн гаалийн татварыг “тэг”-лэж, НӨАТ болон онцгой албан татварын хувь хэмжээг авч үздэггүй байна. Өнөөдрийн байдлаар ОХУ-д НӨАТ 20 хувь байгаа бол Монгол Улсад 10 хувь байгаа юм.

Энэ талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор Н.Отгонсайхан “Өнөөдрийн нөхцөлд Монгол Улс 375 бараанаас дэлхийн зах зээл рүү 58 барааг л илүү экспортлох боломж харагдаад байсан. Түүнээс яг Евразийн эдийн засгийн холбоо руу ямар барааг экспортлох боломж байна уу гээд шүүсэн чинь 38 нэр төрлийн барааг л экспортлох боломжтой байгаа юм. Энэ 38 нэр төрлийн барааны экспорт манайд нэмэгдэх боломж байсан гэсэн үг. Гэтэл импорт талдаа 375 бараанаас 276 барааг Монгол Улс импортлох боломж хамгийн өндөр байна гэж гарсан. Тэгэхээр эргээд энэ нөхцөл байдлаас харахаар экспортлох бараа бүтээгдэхүүний нэр төрөл цөөхөн, импортлох барааны нэр төрөл олон байгаад байдаг. Тэгэхээр энэ маань хуучин байсан худалдааны балансын алдагдлыг ахиад нэмэх юм биш үү гэсэн нөхцөл байдал ажиглагдаж байгаа юм” гэсэн бол УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин “Евразийн эдийн засгийн холбоонд элсэх нь “Монголд үр ашиггүй” гэсэн судалгааны дүн гарсан” гэсэн билээ. 

About Author