“Сайдын ёндоотой хэдэн хүн байна аа. Бодвол Монгол Улсын шилдэг боловсон хүчин юм байлгүй”
Эх сурвалж: gogo.mn
УИХ-ын чуулган өнөөдөр /2025.11.25/ хуралдаж, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томилох асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, ХХААХҮЯ-ыг орон нутаг руу шилжүүлснийг юу гэж бодож байна вэ. Буцаад Улаанбаатар руу шилжүүлэх үү?

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Шинэ Засгийн газар байгуулагдаж, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулахад ХХААХҮЯ-ыг харьяа байгууллагуудын хамт Дархан-Уул аймаг руу нүүлгэн шилжүүлэх УИХ-ын тогтоол гарсан. Үүний дагуу тус яамны тодорхой хувь нь Дархан-Уул аймаг руу нүүж, тэнд үйл ажиллагаа явуулж байгаа юм билээ.
Хот, хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд төрийн байгууллагуудын 10 хувийг хөдөө рүү шилжүүлэх зорилт тавьсан. Ерөнхий сайдын томилсны дараа төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулна. Бодлого залгамж чанар үргэлжлэх нь зөв.
Гэхдээ Дарханд ажиллаж байгаа албан хаагчдын байр орон сууц, Дархан Улаанбаатарын хооронд зорчиход тулгардаг асуудал гэх мэтээр нөхцөл байдлыг судална. Үйлдвэрлэл, хувийн хэвшил хариуцсан хүмүүс нь Дарханд байрлан ажиллаж байгаа гэсэн мэдээллийг надад өгсөн. Эцсийн шийдвэрийг УИХ гаргана.
УИХ-ын гишүүн Ө.Шижир, Ж.Энхбаяр гишүүн гурав дахь яамаа удирдах гэж байна. Бодвол Монгол Улсын шилдэг боловсон хүчин юм байлгүй. Өөрийнхөө сонгогдсон тойрог руу яамаа аваад явчихсан.
Одоо М.Бадамсүрэн сайд нь Улаанбаатар руу авчрах тухай ярьж байна. Арай ч Дорнод руугаа аваад явчихгүй байлгүй. 1990 оноос хойших 35 жилийн 30-д нь МАН засагласан. 2016 оноос хойш мөн тасралтгүй та нар засаглаж байна. Энэ хугацаанд дөрвөн Засгийн газар дамжиж давхардсан тоогоор 115 хүн сайд хийсэн. М.Бадамсүрэн гишүүн 116 дахь сайд.
Энэ хугацаанд Монгол Улсад асуудал нь шийдэгдсэн нэг ч салбар алга. Монгол Улсад мөнгө байна уу, байна. Маш их мөнгө байна. Улаанбаатар хотын утааг та нар л урласан. Ард иргэдийн амьдрал улам дордсон, та нар л өөрсдөө баяжсан. Ийм харгис бодлого, хүйтэн сэтгэлээ хэзээ болих юм бэ? Асуулт биш, үг хэлж байна.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, ХХААХҮЯ-ыг Дархан руу нүүлгэсний үр дүн гарч байгаа. Түгжрэлгүй, төрийн албан хаагчид нэг байшинд суугаад үйлдвэрлэл эрхлэгчидтэйгээ хамтарч ажиллавал үр дүн гардгийг харууллаа.
ДНБ-ий өсөлтийн 60 хувийг ХХААХҮ-ийн салбар хангадаг болж байна.
48 мянган ажлын байр шинээр бий болголоо. Бодлогын хэд хэдэн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Эерэг үр дүнгүүд гарч байна. ХХААХҮЯ-ыг Дархан руу нүүлгэн шилжүүлсэн шийдвэрт би одоо ч итгэлтэй байдаг. Цаашид ч ийм байх болов уу гэж бодож байна.
Хөдөөгийн хөгжлийг хангах, бүс нутгийн хөгжлийн ялгааг арилгах нь төрийн бодлого. Төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд гаргасан шийдвэр. Ж.Энхбаяр гэдэг хүн санал гаргаад яамыг нүүлгээгүй шүү дээ. УИХ-ын тогтоол гарч, нүүх шийдвэр гаргасан гэв.