Хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн 169 эрх бүхий албан тушаалтанд сахилгын шийтгэл оногдуулжээ

прокурор

Прокурорын байгууллагаас зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг энэ оны эхний арван сарын байдлаар 343 удаа шалгажээ.

Мөн 176 судалгаа хийж, 81 удаагийн танилцах ажиллагаа явуулж, нийт 12,410 зөрчлийг илрүүлсэн байна.

Тодруулбал

“Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэр, үйл ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэх”-ийг 167 удаа,

“Хүнийг саатуулах” эрх хязгаарлах арга хэмжээг хууль журамд заасны дагуу авч хэрэгжүүлсэн эсэх”- ийг 42 удаа,

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн шийдвэрийн хууль зүйн үндэслэл”- ийг 37 удаа,

Прокурорын хяналтын ажлын чиглэлээр 28 удаа,

“Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам”-ын хэрэгжилт”-ийг 16 удаа,

“Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийн хууль зүйн үндэслэл” 12 удаа,

“Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах журмын хэрэгжилт”- ийг шалгасан 11 удаа,

“Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа сунган шалгасан хэргийн хууль зүйн үндэслэл”-ийг 10 удаа тус тус шалгажээ.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, давтан гаргуулахгүй байх зорилгоор эрх бүхий байгууллагад прокурорын 182 шаардлага хүргүүлж, зөрчлийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж ажиллаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн 169 эрх бүхий албан тушаалтанд сахилгын шийтгэл авхуулсан байна.

Шалгалтын явцад Зөрчлийн хуулийг буруу хэрэглэсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг зөрчиж, хүнд шийтгэл оногдуулсан 7,181 эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичсэнийг Улсын Ерөнхий Прокурорын Газар мэдээллээ.

About Author