“Дараагийн зургаан сангийн мэдээллийг ил болголоо”
Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас шил ажиллагааны хүрээнд сангуудын мэдээллийг ил болгосон талаар ээлжит мэдээллийг өнөөдөр /2023.05.29/ хийж байна. Засгийн газрын авлигатай тэмцэх “Шил” ажиллагааны хүрээнд ЦХХХ-ны сайд Н.Учрал зургаан тусгай сангийн талаар мэдээлэл өглөө. Үүнд:
1. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
2. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан
3. Төсвийн тогтворжуулалтын сан
4. Эрүүл мэндийг дэмжих сан
5. Эрүүл мэндийн даатгалын сан
6. Ирээдүйн өв сангууд багтаж байна. Мөн дүүргүүдээс ирүүлсэн газар олголтын талаар мэдээллийг өгч байна.
ЦХХХ-ны сайд Н.УЧРАЛ:
-Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайдын зургадугаар сарын 1-н хүртэл өгсөн албан даалгавар биелүүлэх ажил үргэлжилж байна. Shilengov.mn сайтад өнөөдрийн байдлаар хуулиар нээлттэй болгох боломжтой Засгийн газрын сангуудаас дөрвөн тусгай сангийн мэдээлэл, мөн дүүргийн үе үеийн Засаг дарга нарын газар олголтын мэдээллийг бүрэн бүтэн байдлыг харгалзаж shilengov.mn сайтад холбож оруулж танилцуулж байна. Үүний эхнийх бол Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан. Энэ сан нь Цахим хөгжил харилцаа холбооны яаманд харьяалагддаг. Тус сан нь харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдүүдээс авсан татварын цэвэр ашгийн гурван хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгөөр санхүүждэг. Энэ санг удирддаг бүтэц бүрэлдэхүүн байхгүй, санг бүрдүүлэхэд улсын төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт авдаггүй.
Нэг ёсондоо Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан компаниудын татварын дараах цэвэр ашгаас авсан хувиас санхүүжилтийг бүрдүүлдэг гэсэн үг. Засгийн газрын 2006 оны 288 дугаар тогтоолоор бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх журмыг батлаад санд хөрөнгө оруулах, төвлөрүүлэх зарцуулах эрхийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хариуцуулснаар анх үйл ажиллагаагаа эхэлж байсан.
Ийнхүү 2009-2022 онд нийт 484 хуулийн этгээдээс 47,4 тэрбум, үүнээс мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээ явуулдаг 225 хуулийн этгээдээс 41,5 тэрбум төгрөг, радио давтамжийн зурвас эзэмшигч 23 хуулийн этгээдээс 5,3 тэрбум төгрөг, шуудангийн үйлчилгээ үзүүлэгч 76 хуулийн этгээдээс 446 сая төгрөг, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч 86 хуулийн этгээдээс 92 сая төгрөг, бусад төрлийн 74 үйлчилгээ эрхлэгчээс 72,2 сая төгрөгийг тус тус бүрдүүлсэн. Энэхүү сангийн санхүүжилтээр 2009-2022 онд хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн хүрээнд үндсэн зорилго болох алслагдсан сум, багуудад харилцаа холбооны сүлжээг оруулж, дэд бүтцийг сайжруулсан. Оператор компаниуд багуудад шилэн кабель тавихад өөрсдийн зардлаар санхүүжүүлэх боломжгүй учраас энэ сангаас санхүүждэг. Бид өнгөрсөн хугацаанд 1639 баг байдгаас 1229 багт харилцаа холбооны 3G, 4G сүлжээг холбосон. Аймаг, аймгаар байршлыг гаргаж дэд бүтцийн мэдээллийг санд нээлттэй болгож байна.
Энэ олон сангуудаас Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн онцлог нь улсын төсвөөр санхүүждэггүй хэрнээ нийгмийн хариуцлагын хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуй нэгжүүдийнхээ татварын дараах орлогын гурван хувиар санхүүжиж үйл ажиллагаагаа явуулдаг.
Бид энэ сангийн үйл ажиллагаанд илүү хяналт тавих хүрээнд нээлттэй болгож байгаа. Одоо улсын хэмжээнд авч үзвэл шилэн кабель ороогүй дөрвөн сум л үлдсэн. Энэ жилдээ багтаж дуусгана.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН САНХҮҮЖИЛТ ЗОРИЛТОТ БҮЛЭГТЭЭ ХҮРЧ БАЙГААГ ХЯНАНА
Хоёрдугаарт, Эрүүл мэндийн даатгалын сан. Энэ сангийн 2018 оноос өмнөх мэдээлэл нь Нийгмийн даатгалын сангийн бүрэлдэхүүн хэсэг байсан. 2018-2022 оны хооронд тус санд холбогдох төсөв мөнгийн зарцуулалтыг тус бүрээр нь гаргаж цахим хуудаст нээлттэй байршуулж байна. Тус сан нь 2022 оны жилийн эцсийн байдлаар 3092 эрүүл мэндийн байгууллагад 1,7 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон.Санхүүжилт авсан эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гэрээ байгуулсан 3092 эрүүл мэндийн байгууллага хэдэн онд хэдэн төгрөгийн санхүүжилт авсан талаарх мэдээллийг жагсаалтаар байршуулсан байгаа. Үүнд, улсын эмнэлгүүд, эмийн сангууд, хувийн эмнэлгүүд бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагууд хамаарч байгаа. Энэ сан маш өндөр ач холбогдолтой сан.
Тиймээс санхүүжилт яг зорилтот бүлэгтээ хүрч чадаж байгаа эсэх дээр хяналт тавих үүднээс энэ сангийн мэдээллийг нээлттэй болгож байна.
Тус сангийн мөнгөн хөрөнгө өнгөрсөн хугацаанд 11 арилжааны банканд байршсан. Үнийн дүнг авч үзвэл 23,19 хувь нь Төрийн санд, 14,89 хувь нь Төрийн банк, 14,51 хувь нь Хаан банд, 11,59 хувь Худалдаа хөгжлийн банк болон бусад банкуудад хуваан байршуулсан. Тус онуудын нийт дүнгээр сангийн үйлчилгээний хамрагдалтаар авч үзвэл 68,42 хувийг шимтгэлийг улсын төсвөөс хариуцах иргэдийн буюу 0-18 насны хүүхэд, тэтгэвэр авдаг иргэд, хүүхдээ асардаг эцэг, эхчүүдэд олгох төрөлд хамаарч байна. Үлдсэн 23,8 хувь нь ажил олгогчоос төлөх иргэд, 7,79 хувь нь шимтгэлийг өөрөө хариуцан төлдөг иргэд тус тус орж байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд зааснаар бид тусгай сангийн мэдээллийг иргэд нээлттэй мэдээлэл авах боломжтой болгох хүрээнд ил болгож байгаа.
Сангуудын нээлттэй мэдээллийг мэдээлэл хариуцагч нэгж өөрөө хариуцна. Бидний хувьд дата мэдээлэлд боловсруулалт хийж хайлтын системд уншигдахуйц байдлаар оруулж байгаа.
Ирж байгаа мэдээллүүд дээр бид боловсруулалт хийж иргэдэд уншигдах хүртээмжтэй байдал дээр хугацаа их шаардаж байгаа. Гэхдээ ажил хариуцлагатай үргэлжилж байгаа учраас сангуудтай холбоотой хувийн мэдээлэл задрах эрсдэлгүй.
ДАРААГИЙН ОНЦГОЙ АНХААРАХ САН БОЛ ИРЭЭДҮЙН ӨВ САН
Гуравдугаарт, Ирээдүйн өв сангийн мэдээллийг нээлттэй болгож байна. Ирээдүйн өв сангийн тухай хууль 2016 онд батлагдаж, 2017 оноос эхлэн тус санд хуульд заасан нэр төрлийн орлогыг төвлөрүүлж эхэлсэн. Ирээдүйн өв сан нь:
- Ашигт малтмалын орд газрын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд болон төрийн өмчит үйлдвэрийн газрын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг,
- Ашигт малтмалын хуульд заасан 4.1.25
- Сангийн хөрөнгө оруулалтын цэвэр орлогоос хуулийн 9.6-д заасан 2030 оноос эхлэн сангийн хөрөнгө оруулалтын цэвэр орлогын 10 хувийг улсын төсөвт шилжүүлнэ гэж заасны дагуу сангийн төсөв бүрддэг.
Монгол Улсын хууль тогтоомжид шинээр батлах замаар татвар бий болгох замаар татварын хувь хэмжээг өөрчлөх, мөн ашигт малтмалын 4.1.7-д авч үздэг. Ингээд тус сангийн орлого өнгөрсөн жилийн эцсийн байдлаар хуримтлал нь 2,6 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Тус сан нь 2022 онд 1,4 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн хуримтлалд зарцуулсан. Сангийн сайдын 2017 оны 58 дугаар тушаалын дагуу хүний хөгжил сангаас шилжин ирсэн тодорхой өрийн мэдээллийг бүртгэж, төвлөрсөн хөрөнгөөс төлж эхэлсэн байгаа. Уг өглөгийг 2019 онд төлж бүрэн барагдуулсан. Нээлттэй мэдээллээс орлого, зарлагын мэдээллийг харах боломжтой.
УРТ ХУГАЦААНЫ ТЭНЦВЭРТЭЙ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТӨСВИЙН ТОГТВОРЖУУЛАЛТЫН САН
Дөрөвдүгээрт, Сангийн яаманд харьяалагддаг Төсвийн тогтворжуулалтын сан. Энэ сан бол нэгдсэн төсвийн дунд болон урт хугацааны тэнцвэртэй, тогтвортой байдлыг хангах, төсвийн тэнцвэржүүлсэн горимыг хэрэгжүүлсэн санхүүгийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэдэг ба хөрөнгө нь дараах эх үүсвэрүүдээс бүрддэг. 2022 оны жилийн эцсийн байдлаар 663,2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, тогтворжуулалтын сангаас тухайн жилийн төсвийн санхүүжилтийн хуульд заасны дагуу төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар 2014, 2017, 2019, 2020, 2021, 2022 онд улсын төсвөөс шилжүүлэг хийгдэж төсвийн тогтворжуулсан.
Дараагийн нээлттэй болгож байгаа чухал мэдээлэл бол дүүргүүдийн үе, үеийн Засаг дарга нарын олгож байсан газар олголттой холбоотой мэдээлэл.
Нийт 310 мянга 315 газрын олголтын талаарх мэдээллийг өнөөдөр ил болгож байна. Нийслэлийн Засаг дарга нарын 20 жилийн хугацааны үе, үеийн засаг дарга нарын мэдээлэл ил болсон. Нийтийн эзэмшлийн зам талбайд барилга, байгууламж бариуулахгүй байх. Барилга барих зөвшөөрөлгүй нийтийн эзэмшлийн талбайд комисс хүлээж авсан асуудал, гомдол санал их бий. Тиймээс үүнтэй холбоотойгоор мэдээллийг нээлттэй болгож байна. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт 2020-2023 онд олгосон 35 мянга 49 газар. Баянзүрх дүүргийн 81 мянга 56 газар, Сүхбаатар дүүргийн 51 мянга 477 газар, Баянгол дүүргийн 10 741 газрын мэдээллийн нээлттэй болголоо.