ТӨРӨӨС “ТӨРСӨН” ТЭРБУМТАН БУЮУ ЗАСАРДАГГҮЙ Ш.АДЬШААГИЙН ЗАРИМ НОЦТОЙ БАРИМТУУД

0

      Ш.Адьшаа анх аймагтаа прокурор байв. Хотод ирээд эхлээд Дээд шүүх, дараа нь Ерөнхий прокурорын газар, сүүлд нь Гаалийн ерөнхий газарт ажилласан. Гаальд хэлтсийн даргаар ажиллаж байхдаа дуулиант “Гаалийн хэрэг”-т холбогдож, хэсэг хугацаанд хоригдоод суллагдсан тухай нь энд нурших илүүц биз. Тэр хэргийн ул мөр нь түүнд “Гаалийн Адьшаа” гэх хуучрахгүй, хуулрахгүй хаяг, хоч болж үлдсэн түүхтэй. Түүнийг дагадаг өөр нэг хоч нь “Төрөөс төрсөн тэрбумтан”. Тэгвэл бид Ш.Адьшааг яагаад “Төрөөс төрсөн тэрбумтан” гэдэг болсныг эзэмшдэг компаниудынх нь тоогоор танилцуулахыг зорилоо. Түүний хувийнх нь болон хамаарал бүхий этгээдүүдийнх нэр дээрх компаниудыг тоолоход 50 гарч байгааг эхэнд нь онцлоё


Ш.АДЬШААГИЙН “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ХАЯАНД БАЙГУУЛСАН НҮҮРС, ЗЭСНИЙ АНХНЫ ХОЁР КОМПАНИ

        Ш.Адьшаа Гаалиас гарсныхаа дараахан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн дэргэд нүүрсний, “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэд зэсийн гэх хоёр компани байгуулсан нь өдгөө хамгийн зартай компаниуд болжээ. Магад, Ш.Адьшааг тэрбумтан болгох эхлэлийг тавьсан анхны компаниуд гэхэд хилсдэхгүй байх. Харин энэ хоёр компанийг Ш.Адьшаа анх байгуулсныг бид огт мэдэлгүй өдий хүрчээ. Тодруулбал, Ш.Адьшаа 2009 онд өөрийнхөө нэр дээр “Алтанговь транс” ХХК-ийг, эхнэр Ядамсүрэнгийн Саранчимэгийнхээ нэр дээр “Ачит-ихт” ХХК-ийг тус тус үүсгэн байгуулжээ. Ингээд Ш.Адьшаа Гаальд байсныхаа хэргийг гаргаж, “Алтанговь транс” ХХК-ийнхаа нэр дээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт “Цагаан хад” суурьшлын бүсэд газар авч “Гаалийн хяналтын бүс” байгуулжээ. Улмаар 2011 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-тай гэрээлж, Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ буюу нүүрс ачиж, буулгах талбайн үйлчилгээ үзүүлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрс ачсан автомашинууд “Цагаан хад”-нд байх Ш.Адьшаагийн хашаанд нүүрсээ буулгадаг, тэндээс өөр автомашинд ачиж урд хөрш рүү гаргадаг байсан гэсэн үг л дээ. Ингэж Ш.Адьшаа “Эрдэнэс тавантолгой” ХК-тай хоёр жил хамтарч ажиллаад, 2012 онд “Алтанговь транс” ХХК-аа “Ажнай” Д.Бат-Эрдэнийн баруун гар, зүүн гар болох Ч.Жаргалсайхан, Ч.Буянжаргал гэх ах дүү хоёрт худалджээ. “Алтанговь транс” ХХК-нь өдгөө Өмнөговь дахь нүүрсний толгой компаниудын нэг болсон бөгөөд захирал Ч.Жаргалсайхан өдгөө Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллахын сацуу хамгийн том “нүүрсчин” гэгдэж буй. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс тавантолгой” ХК-д “Нүүрсний хулгай” ид цэцэглэж эхэлж байх үед Ш.Адьшаа гол гэрээлэгч нь байжээ гэсэн үг. Сонирхуулахад, Ш.Адьшаа анх “Алтанговь транс” ХХК-ийг үүсгэн байгуулж, “Эрдэнэс тавантолгой” ХК-тай гэрээ байгуулж байсныг 2017 онд Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гаалийн хяналтын талбайтай холбоотой 17 тэрбум төгрөгийн гэрээний хэргийн шүүх хуралд гэрчээр оролцсон Ч.Буянжаргал анх мэдүүлж байжээ. 

       Ш.Адьшаагийн байгуулсан дараагийн компани болох “Ачит-Ихт” ХХК-ийн түүх нь бүр ч сонирхолтой. Тодруулбал, Ш.Адьшаа 2009 онд эхнэр Я.Саранчимэгийнхээ нэр дээр “Ачит-Ихт” ХХК-ийг байгуулж, 2010 онд нутаг нэгт Ванчинцэрэнгийн Цамба гэгчийг хамтран эзэмшигчээр нэмж, захирлаар нь ажиллуулжээ. Улмаар 2010 онд “Ачит-ихт” ХХК-аараа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн овоолгоос зэс ялгаж авч, боловсруулж, урагш нь гаргах гэрээ байгуулж чадсан байдаг аж. Хожим нь, Ш.Адьшаа “Ачит-Ихт” ХХК-аа ЕТГ-ын дарга асан П.Цагаанд худалдсан түүхтэй. “Ачит-Ихт” ХХК нь П.Цагаанд очсоноосоо хойш багагүй хэл ам дагуулж, хэвлэлийн эхний нүүрүүдэд бичигдэж байсныг сануулах нь зөв байх. Өдгөө зэсийн салбарт хамгийн том компаниудын нэгээр нэрлэгдэж буй. 

Товчхондоо, Ш.Адьшаа “Эрдэнэс тавантолгой” ХК руу нүүрсчид хошуурч байх үед, “Эрдэнэт үйлдвэр” рүү шахаачид шавж байх үед дунд нь байж, тэрбумтан болох эхлэлээ тавьжээ гэсэн үг. 

Ш.АДЬШАА ӨДГӨӨ ӨӨРИЙНХӨӨ БОЛОН ЭХНЭРИЙНХЭЭ НЭР ДЭЭР 20 КОМПАНИ, НАЙМАН ТББ, САН ЭЗЭМШИЖ БАЙНА

     Ш.Адьшаа нүүрсний “Алтанговь транс” ХХК, зэсийн “Ачит-Ихт” ХХК-аа худалдсаныхаа дараа “Ховдхаан бирж” ХХК-ийг байгуулж, Хөгжлийн банкнаас 6.0 тэрбум төгрөгийн зээл авснаар хөдөө аж ахуйн бизнес хөл тавьжээ. Түүнээс хойш Ш.Адьшаа өдгөө өөрийнхөө  болон эхнэрийнхээ нэр дээр 17, хүүхдүүдийнхээ нэр дээр гурав, нийт 20 компанийг удирддаг толгой баячуудын нэг болж чаджээ. Тодруулбал, Ш.Адьшаа “Ази групп” ХХК, “Мөнгөн-алмаз” ХХК, “Ньюфеникс интернэшнл” ХХК, “Ховд бирж” ХХК, “Ховд агро импекс” ХХК, “Ховд хаан бирж” ХХК, “Ховд ойл групп” ХХК, “Улаанбаатар мед” ХХК, “Ти Ти Би Эй” ХХК, “Хүннү МН” ХХК, “Империал максимиум корпорешн” ХХК, “Ачит эх мед” ХХК, “Ачит арвис” ХХК, “Алтай эко хүнс” ХХК, “Винсолд интернэйшнл” ХХК, “Грэйт блю майнтайнс” ХХК, “Сити энержи” ХХК гэсэн 17 компанийг өөрийнхөө болон эхнэр Я.Саранчимэгийнхээ нэр дээр эзэмшдэг. Мөн “Ганданпунцаг чойлин хийд” ШБ, “Монголын баруун бүсийн арьс шир, ноос ноолуурын ассациаци” ТББ, “Монгол хятадын аялал жуулчлал, эдийн засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэг” ТББ, “Монголын бурхан шашны нийгэмлэг” ТББ, “Мөнххайрхан боловсролыг дэмжих сан”, “Хөвд аймгийн Хөгжлийн төлөө сан”, “Үндэсний сайн сэтгүүл” ХМБ, “Ховд аймгийн жүдо бүхийн холбоо” ТББ гэсэн найман ТББ болон санг үүсгэн байгуулж, Удирдах зөвлөлийн даргаар нь ажиллаж ирсэн. Ш.Адьшаагийн хүү Биндэрьяа 2021 онд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн хүү Ганзориг, О.Цогтгэрэлийн төрсөн ах О.Дамжингийн хүү Ганбаяр нартай “ИКЮ сөрвэй” ХХК-ийг хамтран байгуулсан. Дараа нь 2022 онд Сувидын Баярсайхан гэгчтэй “Галба ирээдүйн хөгжил” ХХК-ийг хамтран байгуулсан. Харин Ш.Адьшаашийн бага хүү Алтансүх нь мөн О.Цогтгэрэлийн төрсөн ах О.Дамжингийн хүү Ганбаяртай “Голден  эйж юнайтед” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулсан. 

Ш.АДЬШАА ТӨРСӨН ДҮҮ НАРЫНХАА ХҮҮХДҮҮДИЙН НЭР ДЭЭР КОМПАНИУДАА “НУУЖЭЭ” 

      Ш.Адьшаа өөрийнх нь болон эхнэр, хүүхдүүдийнх нь нэр дээрх нийт компаниуд 20 давсан учраас тэр 2020 оноос төрсөн дүү нарынхаа хүүхдүүдийн нэр дээр компаниуд байгуулж эхэлжээ. Их сургуулиа дөнгөж төгссөн залуу хонхны баярынхаа маргааш нь шахуу Ерөнхий прокурорын төрсөн дүүтэй хамтарсан компани эзэмшдэг болсон жишээ ч байна. Ингэхдээ Ш.Адьшаа их сургуулиа төгссөн дүү нараа эхлээд өөрийнхөө “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан” болон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай хамтран байгуулсан “Монгол-Хятадын аялал жуулчлал, эдийн засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэг” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр бүртгүүлж, дараа нь тус бүрд нь компани байгуулж өгдөг ажээ. Тодруулбал, 

– Ш.Адьшаагийн төрсөн дүү Ш.Батзаяагийн хүү Ариунболдын Мягмардорж 2019 онд ШУТИС-ийг төгссөн. Төгсмөгцөө Ш.Адьшаагийн “Монгол хятадын аялал жуулчлал, эдийн засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэг” ТББ болон “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан”-гийн Удирдах зөвлөлийн гишүүн болсон. Дараа нь А.Мягмардорж барилга угсралтын “Вивид едиа” ХХК, “Нарийн тошин констракшн” ХХК болон Өмнөговьд бүртгэлтэй нүүрс тээврийн “Ханбогд Өлзийт” ХХК, Ховдод бүртгэлтэй “Ойрад телевиз” ХХК-уудыг эзэмшдэг болсон.

– Ш.Адьшаагийн төрсөн дүү Ш.Болдхуягийн том хүү Энх-оргил нь 2019 оноос Ш.Адьшаагийн “Монгол Хятадын Аялал жуулчлал, эдийн засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэг” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Б.Энх-Оргилын нэр дээр нүүрс тээврийн “Форси Эс майнинг транс” ХХК болон уул уурхайн зөвлөгөө өгөх “Эс Ти Эм Би Си Эс” ХХК, “Дөрвөн зүгийн эрдэс” ХХК, “Өсөх судал” ХХК, “Гүрэн илч майнинг” ХХК-уудыг тус тус бүртгүүлжээ. Мөн Б.Энх-Оргил нь 2020 оноос дээр дурдсан үеэл А.Мягмардоржийн хамтаар “Вивид идеа” ХХК, “Нарийн тошин констракшн” ХХК, “Ханбогд Өлзийт” ХХК-уудыг хамтран эзэмшдэг болсон. 

– Ш.Адьшаагийн төрсөн дүү Ш.Болдхуягийн бага хүү Энхсайхан нь ШУТИС-ийг төгссөн. Төгмөгцөө 2019 оноос Ш.Адьшаагийн “Монгол-Хятадын соёл, эдийн засгийн хөгжлийн дэмжиг нийгэмлэг” ТББ болон “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан”-гийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж эхэлсэн. Гэтэл их сургуулиа төгсөөд хэдхэн сар болж байсан Б.Энхсайхан Ерөнхий прокурор асан М.Энх-амгалангийн төрсөн дүү М.Бат-амгалантай хамтран “Шинэ Ази ложистик” ХХК, “Шанд ложистик” ХХК-ийг тус тус эзэмшдэг болжээ. Ингээд болоогүй, Б.Энхсайхан нүүрс тээврийн “Усны эх шанд транс” ХХК-ийг дангаараа эзэмшдэг болсон. “Шинэ Ази ложистик” ХХК болон “Шанд ложистик” ХХК-ууд нь Гаалийн хяналтын талбайтай, нүүрс ачиж буулгах, тээвэрлэх үйл ажиллгаа явуулдаг. Жишээ нь, “Шанд ложистик” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргал сумын Олон овооны өртөөний VIII зам дагуу нүүрс ачиж буулгах талбайтай ажиллуулдаг аж. Эхэнд дурдсанчлан Ш.Адьшаагийн анхны бизнес Гаалийн хяналтын талбайгаар эхэлсэн бөгөөд дүү Б.Энхсайханаар дамжуулан эргээд Гаалийн хяналтын талбайн буюу нүүрсний бизнест орсон нь энэ аж. 

– Ш.Адьшаагийн төрсөн дүүгийн том хүү Эрдэнэчимэдийн Цоож нь 2018 онд ШУТИС-ийг эмч мэргэжлээр төгссөн. Улмаар 2020 онд Ш.Адьшаагийн эхнэр Я.Саранчимэгийнхээ эзэмшиж байсан “Алтай эко хүнс” ХХК-ийг Э.Цоожийн нэр дээр шилжүүлсэн. Ш.Адьшаа “Алтай эко хүнс” ХХК-ийг Э.Цоожийн нэр дээр шилжүүлсэн нь учиртай. Тодруулбал, “Алтай эко хүнс” ХХК нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгонд БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар арьс шир, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн төслийг 2019 онд эхлүүлсэн. Тухайн үед УИХ-ын сонгуульд бэлдэж байсан Ш.Адьшаа хятадуудын хамтрагч гэгдэхгүйн тулд “Алтай эко хүнс” ХХК-аа Э.Цоожийн нэр дээр шилжүүлсэн “нуусан” дүр зураг харагдаж байгаа. 

– Ш.Адьшаагийн төрсөн дүүгийн хүү Эрдэнэчимэдийн Батболд нь Ш.Адьшаагийн хүү гэх Бямбажавын Анхбаяр, туслах Түмтийн Доржпалам нартай “Алтан дорнод ургац” ХХК-ийг хамтрна эзэмшдэг. Мөн Э.Батболд туслах Түмтийн Доржпаламтай “Грийн солиушн менежмент” ХХК-ийг хамтран эзэмшдэг. 

– Ш.Адьшаагийн туслах, “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан”-гийн Удирдах зөвлөлийн гишүүн Түмтийн Доржпалам нь “Алтай ховд кашимер” ХХК, “Алтан дорнод ургац” ХХК, “Грийн солиушн мненежмент” ХХК, “Зууны транс” ХХК, “Винсолд интернэйшнл” ХХК, “Зэлмэ секьюрити” ХХК, “Хангал секьюрити” ХХК, “Ховд мах экспо” ХХК, “Эко дархан хаан бирж” ХХК, “Өнөөдрөөс сайхан маргааш” ТББ-уудыг эзэмшдэг. Харин Т.Доржпаламын эхнэр Б. Дуламжав нь “Цахим ховд” ТББ-ын Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. 

– Ш.Адьшаагийн хамаатны дүү, “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан”-гийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг Батхүүгийн Тэмүүжин нь “Хан тээлийн сүлд транс” ХХК, “Хангарьд девелопмент сити” ХХК, “Мега билдинг” ХХК-уудыг эзэмшдэг.

– Ш.Адьшаагийн баз буюу эхнэр Я.Саранчимэгийнх нь төрсөн дүү Я.Нансалмаагийнх нөхөр Дэмчигийн Шийрэвдамба “Жи смарт медиа” ХХК, “Арвин үйлст гурван эрдэнэ” ХХК, “Арвижих лотос” ХХК, “Скайлонж” ХХК-уудыг 2017-2022 оны хооронд байгуулсан. Д.Шийрэвдамбын компаниудыг энд багтаасан учир нь түүний компаниуд үйл ажиллагаа явуулдаггүй байсан боловч “Арвижих лотос” ХХК нь 2021 онд “УБТЗ” ХНН-ийн “Цэвэрлэгээний бодис, 00 цаас, сальфетик авах” 513 сая төгрөгийн тендерт шалгарчээ. 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ..

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *