Үхрийн шөрмөсөөр мэс заслын утас хийх боломжтой

ydWH0MSdwkN8u3ap0SzWtPvxvtdkFnrdGeZrJEeh
Үхрийн шөрмөсөөр мэс заслын утас хийх боломжтой

Одоогоос 20 гаруй жилийн өмнө ШУТИС-ийн доктор, профессор С.Төгс  Монгол Улсад малын гаралтай түүхий эдийг бүрэн ашиглах нөөц бололцоо хангалттай  байна гэж үзэн  уг судалгааг эхлүүлжээ. Монголын уламжлалт нүүдлийн мал аж ахуй бол улсын маань үнэт баялаг бөгөөд түүнийг нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгож, орчин цагийн хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой ажлын нэг нь үхрийн шөрмөсөөр мэс заслын утас үйлдвэрлэх судалгаа юм. Энэхүү судалгаа нь дэлхийд анхдагч гэдгээрээ онцлог.

Монгол ардын уламжлалт үхрийн шөрмөсийг утас болгон ашиглах арга ухаанд түшиглэн, орчин үеийн анагаах ухааны технологитой хослуулсан тус судалгааны ажлаар Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас алтан медаль хүртжээ.

Анагаахын болон Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, судлаачидтай хамтарсан энэхүү төсөл нь амьтан дээр хийсэн туршилтаар амжилттай баталгаажсан бөгөөд үхрийн шөрмөс нь хайлдаг органик мэс заслын утас хийх бүрэн боломжтой болохыг тогтоосон байна. Одоогоор судалгааны баг хоёрдугаар шатны патентын мэдүүлгээ гаргаад байгаа бөгөөд цаашид үйлдвэрлэлд нэвтрүүлж, Монголын биотехнологийн бүтээгдэхүүний нэгэн шинэлэг шийдэл болгохоор ажиллаж байгаа аж. Энэ тухай ШУТИС-ийн Менежментийн сургуулийн багш доктор, профессор С.Төгсөөс тодрууллаа.

Тэрбээр “Таван хошуу малаас сүү, ноос ноолуур, мах гэх мэтчилэн 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг гаргаж авах боломжтой. Гэвч бусад төрлийн түүхий эдийг ашиглахгүй хаях тохиолдол гардаг. Жилд 300 мянган тонн орчим малын гаралтай түүхий эд хаягддаг. Хаягдаж байгаа түүхийн эдийг ашиглах хэрэгтэй гэж бодож анх гүзээ сархинаг боловсруулж савхин материал бэлтгэх судалгааг хийсэн.

Үхрийн шөрмөсийг ашиглан мэс заслын утсыг хийх, мөн үхрийн өрц, үнхэлцгийн арьсыг үйлдвэрийн аргаар боловсруулж нарийн ширхэгтэй элгэн материалыг хийх боломжтой болох нь тогтоогдсон.

Манайхны хувьд үхрийн туурайг хаягдал гэж хардаг. Англид бол үхрийн туурайнаас гал унтраалгын хөөс гаргаж авдаг юм билээ. Гэтэл Монгол үхрийн туурай нь илүү их хөөс гаргаж авах шинж чанар онцлогтой нь судлагдсан. Малын амьсгалаас бусдыг нь ашиглах боломжтой гэж би  хэлэх дуртай.  Жишээ нь мэс заслын утасны судалгаа дэлхий дахинд байдаг. Мэс заслын зориулалтаар ашиглагддаг утас нь химийн гаралтай уусдаг, уусдаггүй гэх мэт маш олон утас хийгддэг. Гэхдээ манай судалгааны онцлог нь үхрийн шөрмөсөөр буюу ямар ч химийн орц найрлага ороогүй органик бүтээгдэхүүнээс гадна шимэгдэх шинж чанартай .

Үхрийн шөрмөсөөр мэс заслын утас хийсэн гэдгийг сонссон гадаадын судлаачид, байгууллагуудаас хамтран ажиллах саналыг маш их ирүүлсэн.

Зохиогчийн эрхийн хоёрдугаар шатны патентаа авсны дараа Монгол брэнд үйлдвэрлэх гаргах үүднээс Монголдоо туршилтын үйлдвэрийг барих төлөвлөгөөтэй байгаа. Хятад, Япон, Солонгос зэрэг азийн орнууд санал тавьсан. Бид туршилтын үйлдвэрээ барьсныхаа дараа хамтран ажиллах бодолтой байгаа” гэв.

Эх сурвалж: Nnews.mn

About Author