НҮҮРСНИЙ АХИАД Л НЭГ БАРИМТТАЙ ХЭРЭГ
Нүүрсний хулгай үнэхээр том хулгай байжээ. Анх дэлгэгдэж дуулиан тарьсан шигээ одоо бол огт тийм хулгай байгаагүй юм шиг таг чиг нам гүм болов. Нүүрсний хулгайн талаар сонсгол хийнэ гэж байсан ч УИХ-д очоод усанд хаясан чулуу шиг чимээ алдардлаа. Тэгэхээр нүүрсний хулгай үнэхээр л АН МАН-гүй хэлхэлдсэн, ашиг сонирхлоороо сүлбэлдсэн айхтар том хулгай байж.
Ингэж чимээгүй болох нь арга ч үгүй юм байна. Сард тэрбум тэрбумаар нь мөнгө олдог Ш.Адьшаагийн өөрийнх нь хэлснээр асар том бүлэглэл үүний ард бий болохоор тэр бололтой.
Ард түмэн талбай дээр гарч нүүрсний хулгайн сонсгол гэж мянга хашгираад дуу хоолой нь ордонд заларсан олгиархиудын хана хэрмийг мөргөөд бут үсэрч байна.
Хуучин бид Ш.Адьшаа гэх эрхмийг зөвхөн гаалийн гэдгээр нь сайн мэддэг, но-той бүхэнд орооцолдсоор ирсэн хазгай үйлээс нь эхтэй энэ нэр хоч нь бараг цол болтлоо хоногшсон байв. Харин түүний хазгай мөрөөр мөшгөх тусам авлига өгөх гэж байгаад баригдсан, авлигын хэрэгт орооцолдсон гэм буруугаа хүлээж өргөдөл гарган өршөөгдсөн, Хөгжлийн банкны зээл аваад мурьсан, үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс 3 хувийн зээл аваад гүлдийсэн, Хөшөөтийн нүүрсний уурхайд баригдах шахмал түлшний үйлдвэрийн тендер лүү чичирсэн, Зүүн Хөшөөтөд шинэ бизнесийнхээ зүг мөрийг гаргасан гээд булхайтай нууц материалууд ар араасаа ил гарах аж.
Энэ удаад тэр бүхнийг түр орхиод тэр хэрхэн, яаж нүүрсний терминалтай болов, тэр терминалаар нүүрсний хулгайн жин хэрхэн хөврөв гэдэг асуудлыг хөндөе.
Анх өөрийгөө бараг нүүрсний хулгайн анхны шүглийг үлээсэн хэмээн нутгийнхандаа аархаж явсан тэрээр алдаатай булхайтай аалзны тор шиг нүүрсний хулгайн асуудалд орооцолдох үнэнд гүйцэгдэх өдрүүд айсуй.
Шударгын хайлан Ш.Адьшаа Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5-р багийн Олон овоотын 25 дугаар точик 8 дугаар замд нүүрсний терминалтай болоод хэдэн жилийн нүүр үзэж байна. 2020 онд байгуулагдсан гэх уг терминал нүүрсний хулгайн тээвэр хийгдэж байсан яг гол зам дээр байрладаг. Анх 1000 тн нүүрс ачиж буулгах хүчин чадалтай байсан уг терминалын газраа өргөтгөж , дунд байсан толгодыг нураан тэгшилснээр өдөрт 40 мянган тн нүүрс хадгалах талбайтай болж чаджээ. 2020 онд байгуулсан гэрээг нь үзэхээр уг терминал нь сард ердөө 7 сая 518 мянга 640 төгрөгийн түрээс төлөөд сардаа 700-саяас 1 тэрбум төгрөгийн ашиг олдог аж. Өөрөөр хэлбэл тэр энэ терминалаасаа 100 дахин нугалсан их ашиг олдог гэсэн үг.
Хамгийн гол учиг нь ковидын үед Тавантолгойгоос алга болсон их хэмжээний нүүрс Ш.Адьшаагийн энэ терминалаар дамжсан байх магадлалтай. Тэр тусмаа хулгайн нүүрсний вагон хурдлуулсныхаа төлөө шуудай шуудайгаар нь бэлэн мөнгө авч гэртээ нууж байсан Батдөлтэй тэр чухам энэ сэжүүрээр холбогдох магадлал өндөр байгаа юм.
Ашигтай л бол Ш.Адьшаад АН МАН огт хамаагүй. Ямартаа л тэр анх МАН-ын гишүүн байгаад нэр дэвших шаансгүй болонгуутаа АН-д урваж байх вэ дээ. Нүүрсний хулгайгаа нууж, тэвэр тэвэрээр мөнгө олох суваг нь болсон терминалынхаа гэрээг сунгуулахын тулд МАН-ын гишүүдийг давхар дээлтэй болгох зарга Үндсэн хуулийн цэц рүү өвөртлөөд гүйж явсан эр.
Ш.Адьшаа хулгайн мөнгөний уут болсон уг газраа ЗТХ-ийн сайд А.Гансүхийн зөвлөх байхдаа авсан. Дараад нь Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх байхдаа дахин сунгуулсан. Сүүлд нь Үндсэн хуульд давхар дээлийн асуудлыг оруулах МАН-ын захиалгыг гардан гүйцэтгэж өгснийхээ шагналд ахиад л терминалтайгаа үлдсэн.Энэ бүхэн нь баримтаар нотлогдож, баримтанд гүйцэгдэж байна.
Баримт 1:
2020 оны 03 дугаар сарын 31-нд нэг талаас Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг, нөгөө талаас Улсын бүртгэлийн 9011693007, регистрийн 6407862 дугаартай “Шинэ ази ложистик” компани, түүнийг төлөөлж захирал Б.Энхсайхан нар Олон овоо өртөөний 8 дугаар зам дагуу ачаа ачиж буулгах зориулалттай нийт 9416 м кв талбай болон ачилтын фронт нь 152 м урт, нийт 286 м урт төмөр замыг ашиглах гэрээ байгуулсан.
Б.Энхсайхан гэгч нь Ш.Адьшаагийн төрсөн дүү Ш.Болдхуягийн хүү.
Баримт 2:
Болдхуягийн Б.Энхсайхан нь Ш.Адьшаагийн өөр нэг компани болох Шанд ложистик ХХК-тай холбогддог. Шанд ложистик ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ш.Адьшаагийн төрсөн дүүгийн хүү тухайн үед 20 настай байсан А.Мягмардоржийн нэр дээр байгуулагдсан. Харин уг компанийн хамтран эзэмшигчид нь Ш.Адьшаагийн баруун гар Сувидын Баярсайхан, Ш.Адьшаагийн төрсөн дүү Болдхуягийн хүү Энхсайхан нар байгаа юм.
Баримт 3:
Шанд ложистик ХХК нь Олон овоогийн терминал дээр нүүрс ачиж буулгах үйл ажиллагаа явуулдаг гол толгой компани нь. Нэг удаад 50 вагон нүүрс ачихад л 1 тэрбум төгрөгийн ашиг олдог унац ихтэй бизнес.
Баримт 4:
“Шинэ ази ложистик” компаний УБТЗ-тай байгуулсан нүүрс ачиж буулгах талбай, салаа төмөр зам ашиглах түрээсийн гэрээний хугацаа энэ 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон. Гэтэл Ш.Адьшаагийн хамаарал бүхий этгээдүүд Шинэ ази ложистик компанийнхаа оронд Шанд ложистик ХХК дээрээ гэрээ байгуулахаар улайран зүтгэж гэрээний төслөө явуулсаар байгаа. Түүгээр ч барахгүй гэрээний хугацаа нь тасалбар болчихоод байхад хулгай нуувраар үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Баримт 5:
Олон овоо өртөөний Шанд ложистик ХХК-ийн салбар замаас 2020 онд 3326 вагоноор 221 мянга 179 тн нүүрс Хятад руу гарсан бол 2021 онд 3350 вагоноор 236 мянга 785 тн нүүрс гарсан.
Харин 2022 онд 3600 вагоноор 238 мянга 680 тн, 2023 онд 1345 вагоноор 89 мянга 846 тн нүүрс урагшаа гарчээ.
Зөвхөн галт тэрэгний нэг цуваа 50 вагоноос 1 тэрбумын ашиг олдог гэвэл 2022 онд 3600 вагоноос тэд 72 тэрбум төгрөгийн ашиг олсон байж таарах нь. Бараг 1000 дахин их ашиг олдог ийм бизнес дэлхийд өөр хаана ч байхгүй.
Баримт 7:
Ш.Адьшаа яг энэ терминалынхаа хажууд 2022 оны 12 дугаар сарын 30-нд эхнэр Я.Саранчимэг болон өөрийн туслах Т.Доржпалам нарын нэр дээр байдаг Винсолд интернэшнл ХХК-ийн нэр дээр дахиад нүүрсний терминалын зориулалтаар дуудлага худалдаагаар 800 сая төгрөгөөр 50 га газар худалдан авсан.
Винсолд интернэшнл ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр түүний туслах Түмтийн Доржпаламын нэр дээр үүсгэн байгуулагдсан. Одоо уг компани нь түүний эхнэр Я.Саранчимэг, Т.Доржпалам нарын эзэмшилд байгаа бөгөөд эхнэр Я.Саранчимэг нь уг компанийн эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй байна.
Ш.Адьшаагийн туслах Т.Доржпалам нь Алтай эко хүнс ХХК, Зэлмэ секьюрити ХХК, Шанд ложистик ХХК-иудад тус тус хувьцаа эзэмшдэг.
Баримт 8:
Боловсролын зээлийн сангаас 102 мянган ам долларын зээл авсан Ш.Адьшаагийн том хүү А.Биндэрьяа бас л нүүрснийхэнтэй шууд холбогддог. Тэрээр 2022 оны нэгдүгээр сард Сувидын Баярсайхантай нүүрс тээврийн “Галба ирээдүйн хөгжил” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулж, эзэмшиж байгаа. Сувидын Баярсайхан нь Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалантай нүүрс тээврийн “Талын хишиг флорит” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Мөн С.Баярсайхан нь Ш.Адьшаагийн дүү Болдхуягийн Энхсайхантай нүүрс тээврийн “Шанд ложистик” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин Болдхуягийн Энхсайхан нь мөн л М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалантай “Шинэ Ази ложистик” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Хамгийн ноцтой нь, С.Баярсайхан, Ш.Болдхуяг нарын “Шанд ложистик” ХХК, Болдхуяг, М.Бат-Амгалан нарын “Шинэ ази ложистик” ХХК-ууд нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн “Ази групп” ХХК-ийн “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 30-р байр, 01 тоот” гэсэн хаяг дээр давхар бүртгэлтэй байгаа нь ашиг сонирхлоороо нэгдэж уургач уутач болсныг нь баталж байна.
Энэ бүхэн бол одоо зөвхөн ил болгож байгаа баримт. Цааш нь ухвал баримтууд ар араасаа хөвөрнө. Нүүрсний хулгайн талаар анх шүгэл үлээсэн гэж шүлсээ үсчүүлэн байсан Ш.Адьшаа гуайн ард ийм л ноцтой асуудлууд цухуйж байна.
Сэтгүүлчид, сэтгүүл зүй энэ бүхнийг дэлгэн тавьсаар байхад хууль хяналтын байгуулага, АТГ, УЕПГ энэ асуудлын мөрөөр орохгүй бол ХУЛГАЙЧ НАР ӨӨРСДӨӨ ХУЛГАЙЧИЙГ БАРИАРАЙ хэмээн шударгын дүрд тоглон ард түмнийг тохуурхсаар байх уу.
Хонины арьс нөмөрсөн хоноцын сэтгэлтэй чононууд байгалийн баялаг, төсвийн мөнгийг хүү татан зооглож, өвдөл цөвдөлөөр нь ард түмэнд ноолууран хөнжил тарааж, уул овоо тахиж, лам хувраг хахуульдан жүжсээр л байг уу.
Өнөө болж байна, аргалж байна гэж аархавч, төрийн хуулийг хуурч дөнгөж байна гэж эндүүрэвч, үйлийн үрийн үнэнд гүйцэгдэж, уул их Алтайн уур хилэнд өртөх вий дээ тэр хүн.
Эх сурвалж: Зөгий.мн