С.Бямбацогт: Оюутолгойн зээлийн хүүг зургаан хувьд хүргэх зорилго тавьсан
УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хорооны Оюутолгойн асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
-Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг байгуулаад, Рио Тинто компанитай хэлэлцээр хийж байгаа. Тодорхой үр дүн гартал хугацаа орох байх. Яг энэ хэлэлцээрийн үеэр Оюутолгойн түр хорооноос нээлттэй сонсгол хийж байгаа нь цаг үеэ олоогүй юм болов уу гэж харж байна. Жоохон зохимжгүй байна. Яагаад гэвэл УИХ-ын гишүүн, түр хорооны дарга О.Батнайрамдал Засгийн газраас Оюутолгойтой холбоотой хэлэлцээрийн олон бичиг баримтыг нэхсэн. Тэр дотор нууц, маш нууц болон ил байгаа материал бүгд байгаа. Мөн хэлэлцээртэй холбоотой явж байгаа бүх процесс, үйл ажиллагаан дээрх материалуудыг бас авч байгаа.
Энэ хэлэлцээртэй холбоотой Монгол Улсын Засгийн газрын баримталж байгаа бодлого гадагшаа ил гарчих юм бол бидэнд тийм сайнаар нөлөө үзүүлэхгүй байх. Тийм болохоор хэлэлцээр дуусаад, хэрэв сайн үр дүн гараагүй бол араас нь Оюутолгойн түр хороо хуралдаад, Засгийн газартаа дэмжлэг үзүүлээд явсан нь зөв байсан болов уу. Хэлэлцээрийн тактик, нарийн мэдээллүүд хаалттай энэ үед эдгээр мэдээллийг ил болгоод, зэрэгцээд нээлттэй сонсгол хийх нь эргээд Монгол Улсынхаа эрх ашигт сөргөөр нөлөөлчих вий гэсэн болгоомжлол байна.
Одоо зээлийн хүү ойролцоогоор 11 хувьтай байгаа. Энийг бид зургаан хувьд хүргэх зорилго тавьж байгаа. Анхны саналаар бидний санасан хэмжээнд бууруулах санал ирээгүй гэв.