“Шинэ Улаангом” захыг дахин барихад 3 тэрбум төгрөг тусгажээ
Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт байрлах “Шинэ Улаангом зах” өнгөрсөн сарын 25-нд галд өртөн бүрэн шатсан харамсалтай хэрэг гарсан. Тус захад нийтдээ 280 гаруй худалдаа эрхлэгч өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулдаг байсан бөгөөд урьдчилсан дүгнэлтээр цахилгааны богино холболтоос үүдэлтэй гал түймэр дэгдсэн гэж үзэж байгаа юм.
Галын улмаас олон айлын амьжиргаа, жижиг дунд бизнес нэг дор хохирол амссан энэ үед төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх шийдвэр гарчээ. Тодруулбал, шатсан захыг дахин барьж, худалдаа эрхлэгчдийг хэвийн орчинд ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор 2026 оны Увс аймгийн төсөвт гурван тэрбум төгрөг тусгаад байна.