ГССҮТ-ИИН ХАРЬЯА ТҮЛЭНХИЙН ТӨВИЙН БАРИЛГА БҮРЭН АШИГЛАЛТАД ОРЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛАХАД БЭЛЭН БОЛЛОО
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийн төвийн барилга бүрэн ашиглалтад орж, үйл ажиллагаагаа явуулахад бэлэн боллоо.
Тус төвийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, дэд сайд С.Энхболд, Кувейт улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мохаммад Альмутайри, Кувейтийн сангийн Дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Иман Абдулраззак, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах болон ЭМЯ, Сангийн яам, ГХЯ-ны удирдлагууд, албаны зочид төлөөлөгчид оролцлоо.
Улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх тус төв нь түлэнхий, гэмтэл согогийн яаралтай болон хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний есөн тасаг бүхий нийт 250 ортой, үндсэн А, Б блокоос бүрдсэн долоон давхар эмнэлэг юм.
Монгол Улсын Засгийн газар, Араб улсын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хоорондын хэлэлцээрийн дагуу тус сангийн 8.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2017 онд нийслэлийн Сүхбаатар дүүрэгт түлэгдэлт, хөлдөлт, нөхөн сэргээх мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх, олон улсын чанар стандартад бүрэн нийцүүлэх, орчин үеийн оношлогоо эмчилгээний багаж тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийн барилгын цогцолбор барьж, ашиглалтад оруулах шийдвэр гарсан билээ.
2017 оноос хойш барилгын явц нэлээд удааширсан ч дотоод нөөц бололцоогоо ашиглан “Мөнгөн гүүр” эмнэлэгт 2 жил орчим, ГССҮТ-ийн байранд найман жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан тус төв нь 2022 оны 07 дугаар сард шинэ эмнэлгийн А блок ашиглалтад орсноор түлэнхийн тусламж үйлчилгээг өөрсдийн байранд үзүүлж эхэлсэн юм.
Жилдээ Яаралтай тусламжаар 35.000–40.000 үйлчлүүлэгч хүлээн авах, Амбулаториор 15.000-20.000 үйлчлүүлэгчид тусламж үзүүлэх, 6000–7000 үйлчлүүлэгчийг хэвтүүлэн эмчлэх, 2500-3000 мэс засал эмчилгээ хийх хүчин чадалтай бөгөөд Түлэнхийн төв, Яаралтай тусламжийн тасаг, Эрчимт эмчилгээний тасаг, Мэс засал мэдээгүйжүүлгийн тасаг, Амбулаторийн нэгдсэн тасаг болон шинээр Спортын гэмтлийн төв, Ясны эмгэг хавдрын тасаг, Нөхөн сэргээх мэс заслын тасаг, Сэргээн засах эмчилгээний тасгийг нээн ажиллуулахаар төлөвлөөд байна.
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны нэмэлт санхүүжилтээр эмчилгээ, оношлогооны стандарт шаардлагад нийцсэн, сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг иж бүрэн суурилуулсан төдийгүй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэж чадавхижуулж, хүний нөөцийг бэлтгэн ажиллаж байна.
Дашрамд дурдахад, сүүлийн арван жилийн хугацаанд осол, гэмтлийн яаралтай тусламж 88.145-153.365 тохиолдол болж 2 дахин, хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ 13.315-18.077 тохиолдол болж 1.4 дахин, мэс засал 7058-12.853 болж 1.8 дахин, Амбулаторийн үзлэг 19.392-100.903 болж 5 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Тиймээс Түлэнхийн төвийн шинэ эмнэлгийн барилга бүрэн ашиглалтад орсноор гэмтэл согогийн яаралтай тусламж үйлчилгээг 24 цагийн турш харьяалал харгалзахгүй үзүүлж, гэмтлийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг 25-30 хувиар нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн хүлээгдэл, чирэгдэл ч энэ хэмжээгээр буурах нэн чухал ач холбогдолтой юм.