Олон улсад тулгамдсан нарийн ур чадварын хомсдолыг Монголд шийдвэрлэнэ

337231-05122025-1764932881-637142691-UBV09565

Гүний уурхайн олборлолт нь уламжлалт ил уурхайн олборлолтоос илүү нарийн инженерчлэл, геотехник, агааржуулалтын систем зэрэг өндөр түвшний мэдлэг, ур чадвар шаарддаг.

Дэлхий даяар уул уурхайн инженерүүдийн тоо эрс буурч, олон улсын их, дээд сургуулиудын энэ чиглэлийн хөтөлбөрүүд цөөрөх болжээ. Судалгаагаар АНУ, Австрали, Европын улсууд дахь уул уурхайн инженерүүдийн 50 орчим хувь нь ирэх арван жилийн дотор тэтгэвэрт гарах төлөвтэй байгаа нь салбарт мэдлэг, ур чадварын хомсдол үүсгэх эрсдэлийг дагуулж байна.

Уг сорилтыг шийдвэрлэх зорилгоор энэ онд “Рио Тинто” группийн хөрөнгө оруулалтаар “Өмнийн говийн гүний уурхайн институт”-ийг Австралийн Холбооны Улсын Квинсландийн их сургуулийн Тогтвортой ашигт малтмалын институтийн профессор Андре ван Асын удирдлага дор Монголд байгуулсан. “Оюу толгой” компани нь уурхайн цогцолбортоо уг институтийн дадлага сургалтыг явуулан, суралцагсдад уурхайн нарийн мэргэжилтнүүд дэмжлэг, зөвлөгөө өгөх юм.

“Өмнийн говийн гүний уурхайн институт” нь 2024 оноос сургалтын хөтөлбөрөө боловсруулж, 2025-2027 онд дотоод болон олон улсын мэргэжилтнүүдийг гүний уурхайн нарийн мэргэжлээр сургахаар төлөвлөсөн. Хөтөлбөрийн санхүүжилтийг “Рио Тинто” групп хариуцаж, цаашид тогтвортойгоор хөгжих стратегийг боловсруулан, Монголд нутагшуулахын зэрэгцээ олон улсад өргөжүүлэх зорилт тавьж байна.

Тус институт нь гүний уурхайн байгууламж, блокчлон олборлолт, агааржуулалт, геотехникийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ олон улсад тулгамдаж буй ур чадварын хомсдол, ажиллах хүчний дутагдлыг арилгах зорилготой. Сургалтын хөтөлбөрийн хүрээнд 10 модуль бүхий практик сургалтыг Оюу толгойн уурхайн талбарт, АНУ, Канад, Австрали, Английн нэр хүндтэй их, дээд сургуулиудын эрдэмтэн, профессорууд удирдан явуулж буйгаараа онцлог юм.

Эхний ээлжийн сургалтад “Оюу толгой”, “Эрдэнэс Оюу Толгой” компаниуд болон Шинжлэх ухаан технологийн их сургуулиас нийт 27 оролцогч хамрагдсан.

Энэ онд дөрвөн удаагийн эрчимжүүлсэн сургалтыг блокчлон олборлолтын инженерчлэл, тоон загвар, бэхэлгээ, агааржуулалт, өрөмдлөг ба тэсэлгээ зэрэг голлох сэдвээр онол, дадлага хослуулан явуулсан бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдөр эхний төгсөгчид сертификатаа гардан авлаа.

Хөтөлбөрийн бас нэгэн чухал ач холбогдол нь олон улсын эрдэмтэн, профессорууд гурван жилийн хугацаанд монгол багш нарыг сурган, тэднийг бие даан сургалтыг үргэлжлүүлэх чадамжтай болгох явдал юм. Ингэснээр Монгол Улсад багш, мэргэжилтнүүд цаашид тогтвортой бэлтгэгдэх боломж бүрдэх бөгөөд уул уурхайн салбарын хүний нөөцийг чадавхжуулж, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чухал алхам болно.

2026 оноос эхлэн “Өмнийн говийн гүний уурхайн институт”-ийн хөтөлбөр нээлттэй зарлагдах бөгөөд олон улсын хэмжээний сургалтад хамрагдах боломжийг олгоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

About Author