Д.Зоригт: 2009 онд эдийн засгийн хямралаас гаргах үндсэн арга нь томоохон хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг байгуулах байсан
Оюу толгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр Төрийн ордонд болж байна.
“Ямар ч материалтай танилцах боломж олголгүйгээр 17, 18 жилийн өмнөх асуултыг асууж байгаа нь дутагдалтай байна”
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт “Сонсгол хийх нь зүйтэй ч цаашид анхаарах ёстой зүйл байна. Энд 300 хүн дуудаад 17, 18 жилийн өмнөх асуултыг мэргэжлийн хүмүүс тавиад ямар ч материалтай танилцах боломжгүйгээр асуулт тавьж байгаа нь дутагдалтай байна. Та нарын ажилд нэмэр болох үүднээс энэ хүмүүс материалаа үзэж танилцаад хариултаа бэлддэг байвал та нарт хэрэгтэй. 20 жилийн өмнөх техникийн шинж чанартай асуултуудад урьдчилж материалтай танилцах боломж олгож байгаач ээ гэх хүсэлт байна” гэв.
“2012 он дуусахад нэг өрхийн мөнгөн орлого 627 ам.доллар болж дөрвөн жилийн дотор нэг өрхийн мөнгөн орлого нэг бүтэн нугарсан”
Үргэлжлүүлэн тэрбээр Улсын их хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийн “Хэрэв Оюу толгойн гэрээ хийгдээгүй бол дэлхийн эдийн засгийн хямралд Монгол Улс ямар хэмжээнд өртөх байсан талаар урьдчилсан тооцооллыг тухайн үед та бүхэн гаргаж байсан уу?” гэх асуултад “2008 оноос дэлхийн эдийн засгийн хямрал гүнзгийрч байсан. Гэрээ байгуулж байсан 2009 онд эдийн засгийн хямрал ид өрнөж байсан цаг үе. Монгол Улсын эдийн засгийн өсөлт анх удаа 2009 онд хасах хувьтай гарч байсан. Ажлын байр, төсөв, татварын орлого гээд бүгд тасарч байсан. Биднийг ажил авч байхад 2008 онд нэг өрхөд ногдох мөнгөн орлого 326 ам.доллар байсан нь эрчимтэй буурч маш хүндэрч байх үед уул уурхайн томоохон төслүүд цааш явснаас хойш 2012 он дуусахад нэг өрхийн мөнгөн орлого 627 ам.доллар болж дөрвөн жилийн дотор нэг өрхийн мөнгөн орлого нэг бүтэн нугарч сайжирч байсан.
Энэ гэрээнүүд хэрэгжээд хөрөнгө оруулалт нь орж ирж байсан болохоос биш төсвийн орлого нь орж ирээгүй байсан. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын төсвийн орлого 2 их наяд байсан бол өнөөдөр 30 их наяд болж 15 дахин өссөн байна.
Тухайн үеийн эдийн засгийн байдал маш хүнд дэлхийн эдийн засгийн хямралтай тэр үед Засгийн Газар ажлаа аваад Монгол Улсыг эдийн засгийн хямралаас гаргах үндсэн арга хэрэгсэл нь томоохон хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг байгуулаад эдийн засгийн өсөлтийг сэргээх ёстой гэсэн зорилгодоо хүрч байсан. 2011 онд 17.5 хувийн эдийн засгийн өсөлт гарч байсан” гэв.