С.Мөнхсүх: “Онтрэ”-гийн лицензийг хэрхэн ашиглах талаарх саналаа жил хагасын өмнө “Эрдэнэс Оюутолгой”-д өгсөн, одоо болтол хариу өгөөгүй

oyu_tolgoi_2511251

Оюутолгойг тойрсон маргааны нэг гол сэдэв болоод байгаа “Онтрэ” ХХК-ийн лицензийг хэрхэн ашиглах төсөөлөл байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар Оюутолгой ХХК-иас асуусан.

Уг асуултад тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон С.Мөнхсүх “Бидний харж байгаагаар, “Онтрэ”-гийн талбай дахь нөөцийг ашиглах нь аль, аль талуудад ашигтай гэж үзэж байгаа. Яагаад гэвэл “Онтрэ”-гийн талбайд байгаа биетийг Оюутолгойгүйгээр ашиглах өөр арга байхгүй. “Оюутолгой” ХХК хөрөнгө оруулалтаа хийх үүргээ биелүүлсэн, бүх дэд бүтэц, баяжуулах үйлдвэр нь Онтрэгийн талбайг ашиглаад явна гэж төсөөлж байгаа. Өөрөөр хийх юм бол маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдана.

Хоёрдугаарт, лицензийг  “Онтрэ” ХХК-ийнх мөн гэдгийг одоогийн байдлаар хүлээн зөвшөөрч байгаа учраас лицензийг нь аваад үйл ажиллагаа явуулбал хуваалцах ч гэдэг юм уу, ямар нэгэн байдлаар нөхөн төлбөр өгөх ёстой. Тэрийг л тохиролцох гэж, гол асуудлуудын нэг нь тэр байгаа юм.

ХОГ зурж байх үед “Оюутолгой” ХХК “Онтрэ” ХХК-ийн лицензит талбайд орлборлолт явуулна гэсэн ойлголттой байсан. Тийм биш бол ийм хэмжээний хөрөнгө оруулалт зарж, сав саалиа бэлдэх шаардлагагүй байсан.

“Оюутолгой”, “Онтрэ”-тэй байгуулсан гэрээ бол 2004 оны, Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас таван жилийн өмнөх асуудал. Энэ гэрээг сайжруулах боломж байсан, сайжруулсан хувилбараа жил хагасын өмнө “Эрдэнэс Оюутолгой” ХХК-д өгсөн ч одоо болтол хариу өгөөгүй. Тэр гэрээн дээр Монгол талын оролцоог бүрэн тусгаж, өнөөдрийн хэрэгжиж байгаа хууль, эрхзүйн орчинд нийцүүлсэн гэсэн байр сууринаас хандаж байгаа.

Тэр гэрээн дээр тусгагдсан үр өгөөжийн хуваарилалтаар харах юм бол Монголын талын өгөөж 59 хувьтай гэсэн тооцоо бий. Татвар хураамжаас гадна лицензит талбайн нөөцийн 80 хувийг 100 хувь гэж үзээд 34 хувийг нь “Эрдэнэс Оюутолгой” компаниар, “Онтрэ” ХХК-д ногдох 20 хувийг 100 хувь гэж үзээд 34 хувийг нь “Онтрэ”-гээр дамжуулж эзэмшсэн тохиолдолд тийм болно” гэж хариуллаа.

Б.Баярбаатар гишүүн түүний хариултыг сонсоод “Онтрэ”-г 2009 оны ХОГ-ний хүрээнд авч үзэхгүй, тусдаа гэрээгээр шийдэх ёстой гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.

About Author