“Үндэсний давхар даатгал” ХК ВВ+ үнэлгээгээ 3 дахь жилдээ баталлаа
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “AM Best” агентлаг 2025 оны арванхоёрдугаар сарын 4-нд “Үндэсний давхар даатгал” ХК-ийн ерөнхий санхүүгийн чадавхыг B, урт хугацааны зээлжих зэрэглэлийг BB+ үнэлгээг хэвээр үлдээснээ мэдэгдлээ. Цаашдын төлвийг “Тогтвортой” гэж дүгнэсэн байна.
Тус үнэлгээнд “Компанийн санхүүгийн чадавхын хувьд “very strong” буюу “маш өндөр”, үйл ажиллагааны гүйцэтгэл, эрсдэлийн удирдлагыг “хангалттай” хэрэгжүүлэн ажилладаг” хэмээн дүгнэжээ. Компанийн санхүүгийн чадавх, үйл ажиллагааны гүйцэтгэл, бизнесийн үндсэн чиглэл, эрсдэлийн зохистой менежмент (ERM) зэргийг харгалзан үзсэн байна.
Хөрөнгийн хүрэлцээт байдлын харьцаа (BCAR) тооцох аргачлалаар “Үндэсний давхар даатгал” ХК-ийн эрсдэл даах чадварыг үнэлэхэд компанийн хөрөнгийн хүрэлцээт байдал нь маш өндөр (strongest) түвшинд байгааг тодотгоод, компанийн санхүүгийн тогтвортой байдлыг өндөр (very strong) түвшинд байна гэж дүгнэснээ “AM best” агентлагийн зүгээс цохон тэмдэглэсэн байна.
Тус компанийн хөрөнгө оруулалтын багц нь дотоодын системийн ач холбогдол бүхий банкуудад байршуулсан өндөр ликвидтэй, хамгаалалттай хэвээр байна. Мөн компанийн Малын индексжүүлсэн даатгал (IBLI) болон бусад бизнес дээр олон улсын А зэрэглэлийн давхар даатгагчидтай хамтран ажиллаж, давхар даатгалын хамгаалалт сайтай байгааг дурьдаад үндэсний давхар даатгалын тогтолцоог бэхжүүлэх, харилцан ашигтай олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар Монгол Улсын даатгалын салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна хэмээн онцолжээ.

АМ Best агентлаг нь дэлхийд даатгалын салбараар мэргэшсэн үнэлгээ хийдэг олон улсын цорын ганц байгууллага юм. АМ Best-ийн үнэлгээ нь бие даасан, илэрхийллийн чанар өндөртэй гэж тооцогддог бөгөөд даатгалын компанийн нөхөн төлбөр, өр төлбөр болон бусад санхүүгийн үүргээ цаг тухайд нь биелүүлэх чадамжийг илэрхийлдэг. Олон улсад энэхүү чадварыг хөндлөнгийн байгууллагаас зэрэглэл тогтоох замаар баталгаажуулдаг байна.
