ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэлийн талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсож, Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав

849383a9d8494ece8de64b78943c1d24

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.10/ хуралдаан “Аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Өмнө нь “Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох” асуудлаар гаргасан нийтийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт болон “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн тул үргэлжлүүлэн дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Иймд Төрийн аудитын байгууллагын 2026 онд гүйцэтгэх аудитын сэдвийн талаарх танилцуулгыг Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Аудитын сэдвийг боловсруулахдаа улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, түүнийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, төрийн санхүү, төсвийн хөрөнгийн хяналтыг сайжруулах, энэ үйл ажиллагаанд гарах эрсдэлийг тодорхойлон түүнийг бууруулах, иргэд, олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, аудитын үр дүнгээр иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор хэд хэдэн эх сурвалжаас ирүүлсэн санал, өөрсдийн цуглуулсан мэдээлэл зэргийг үндэслэн боловсруулсан гэв.

Мөн төрийн аудитын байгууллага Монгол Улсын хууль тогтоомжоор хүлээсэн үүргийнхээ дагуу хуулийн дагуу гүйцэтгэх 16, төрийн аудитын бодлогоор гүйцэтгэх 9, өмнөх оноос үргэлжлүүлэн он дамжин хэрэгжих 2, нийт 27 сэдвийг  гишүүдэд танилцуулсан. Доорх хүснэгтээс хуулийн дагуу болон аудитын бодлогоор гүйцэтгэх  адитын сэдэвтэй танилцана уу.

Төрийн аудитын байгууллагын 2026 онд гүйцэтгэх аудитын сэдвийн талаарх танилцуулга болон аудитын сэдэвтэй холбогдуулан  Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Батсуурь, З.Мэндсайхан, Б.Мөнхсоёл, Г.Ганбаатар, Д.Жаргалсайхан нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүд тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төрийн өмчит үйлдвэрүүд ашиггүй, үрэлгэн байгаа тухай талаар аудитын байгууллагаас өгсөн шийдвэр, албан шаардлагын хэрэгжилт хангалтгүй байгааг дурдаад 2012 оноос хойш 3000 гаруй шийдвэр өдийг хүртэл хэрэгжээгүй гэж байгаад анхаарч, энэхүү шийдвэрүүдийн дотор хэрэгсэхгүй болгосон, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй, эрүүгийн хэрэг үүсгэсэн нь хэд байгаа зэргээр нь ангилж, хяналт тавьсан эсэхийг илүүтэй тодруулсан.

Мөн хөнгөлөлттэй зээлүүдээр хийж байгаа томоохон бүтээн байгуулалтад аудит хийдэг эсэхийг тодруулахын зэрэгцээ нийслэлийн үйл ажиллагаа, төсөвт аудит оруулах, ялангуяа орон сууцны талбайн хэмжээ, сууц өмчлөгчдийн төлбөр, ус, дулаан, цахилгааны асуудлаар тодорхой сэдэв болгох, “Шинэ хоршоо” хөлөлгөөний хэрэгжилтэд адуит хийлгэх саналтай байгаагаа илэрхийлсэн. Үргэлжлүүлэн тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсны дараа “Аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжив.

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Дараа нь “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.Төсвийн байнгын хорооны 2024 оны оны 05 тоот тогтоолоор Төрийн аудитын байгууллагын 2025 онд гүйцэтгэх аудитын сэдвийг баталсан. Энэхүү тогтоолд өөрчлөлт оруулах саналыг Монгол Улсын ерөнхий аудитороос 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн байна.  

Монгол Улсын ерөнхий аудитор С.Магнайсүрэнгийн Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 5 дугаар тогтоолоор Төрийн аудитын байгууллагын 2025 онд гүйцэтгэх аудитын сэдвийг баталж, тогтоолын хавсралтаар нийт 42 сэдэв баталж, өгсөн. Үүнээс хуулийн дагуу гүйцэтгэх 18, төрийн аудитын бодлогоор гүйцэтгэх 24 сэдэв байгаа. Өнөөдрийн байдлаар хэрэгжилтийг үнэлж үзвэл нийт 42 сэдвийн дөрвийг Төсвийн байнгын хороогоор шийдүүлэх асуудал байна гэв. Тухайлбал, гадаадад байгаа дипломат төлөөлөгчийн газрын санхүү, тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийхэд төсөв, санхүүгийн боломжгүй байгааг тайлбарлав.  

Байнгын хорооны тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд асуулт асууж, үг хэлсэн. Уг тогтоолын төсөлд “Аудитын сэдэв батлах тухай” Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2024 оны 5 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн аудитын байгууллагын 2025 онд гүйцэтгэх аудитын сэдвийн 2 бодлогоор гүйцэтгэх аудитын сэдэв гэсэн зүйлийн Засгийн газраас “Агаар орчны бохирдол бууруулах чиглэлээр 2021-2024 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилт, үр дүн”  гэсэн 5 дахь хэсгийг,  “Оюутолгой ХХК-ийн зээлийн ашиглалт, зарцуулалтын үр дүн” гэсэн 11 дэх хэсгийг, “Стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчит компаниудын үйл ажиллагааны үр дүн, үр нөлөө, нийцэл” гэсэн 15 дахь хэсгийг тус тус хасахаар тусгасан байв.

“Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталъя гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжлээ.

Улсын төсвийн хөрөнгөөр өмнөх онуудад ажил нь эхэлсэн боловч төсөвт өртөг нэмэгдэж байгаа барилга байгууламжийн төсөвт аудитын дүгнэлт гаргах тухай нийцлийн аудитын тайланг хэлэлцлээ

Байнгын хорооны хуралдаан Улсын төсвийн хөрөнгөөр өмнөх онуудад ажил нь эхэлсэн боловч төсөвт өртөг нэмэгдэж байгаа барилга байгууламжийн төсөвт аудитын дүгнэлт гаргах тухай нийцлийн аудитын тайлангийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Энэ талаар Монгол Улсын ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулсан. Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 6.3.3, 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын Төсвийн Байнгын Хорооны 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Төрийн аудитын байгууллагын 2025 онд гүйцэтгэх аудитын төлөвлөгөө батлах тухай” А/108 дугаартай шийдвэрийг тус тус үндэслэн гүйцэтгэжээ. /Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс/

Аудитад улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээг хариуцан хэрэгжүүлж байгаа төсвийн ерөнхийлөн захирагчид, түүний харьяа байгууллагууд, Барилгын хөгжлийн төв, Эрчим хүчний хөгжлийн төв, Зам тээврийн хөгжлийн төвийн холбогдох үйл ажиллагаа, Төсвийн ерөнхийлөнч захирагчдаас төсөвт өртгийн өөрчлөлтөд дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн төсөл, арга хэмжээний зураг төсөл, магадлалын ерөнхий дүгнэлт, зураг төсөл зохиох болон ажил гүйцэтгэх гэрээ, зохиогч, захиалагчийн хяналтын тайлан, баталгаажуулсан ажлын гүйцэтгэл, олгосон санхүүжилт болон холбогдох бусад баримт, мэдээллийг хамруулсан байна.

“Улсын төсвийн хөрөнгөөр өмнөх онуудад ажил нь эхэлсэн боловч төсөвт өртөг нэмэгдэж байгаа барилга байгууламжийн төсөвт аудитын дүгнэлт гаргах” нийцлийн аудитыг гүйцэтгэн, үр дүнг Улсын Их Хурал болон холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулахад аудитын зорилго чиглэгдэв. Уг зорилгыг хангахын тулд төсөвлөлтийн шаардлага хангасан төсөл, арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасан байдал, төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг тооцож төлөвлөхдөө холбогдох хууль, журам, норм дүрмийн шаардлагад нийцүүлсэн байдал  гэсэн чиглэлээр аудитыг гүйцэтгэсэн талаар танилцуулгад дурдсан байв.

Адуитын дүгнэлтэд, төсөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг хуульд тусган, баталж байгаа нь төсөвт өртөг нэмэгдэх үндсэн шалтгаан болж байна. Нэг маягийн болон ижил төстэй төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт суурилан төлөвлөх эсвэл тодорхой тооцоо, үндэслэлгүйгээр ойролцоо дүнгээр төсвийг төлөвлөж баталсны дараа зураг төсвийг боловсруулан магадлалаар баталгаажуулснаас шалтгаалан хуульд тусгасан төсөвт өртгийг өөрчлөх шаардлага үүсэж байна. Аудитаар 145 төсөл, арга хэмжээний зураг төсөл, төсөвт өртгийн нэмэгдэл зардлыг хянаж захиалагчаас ирүүлсэн саналын дүнг 163,072.2 сая төгрөг буюу 31.3 хувиар, магадлалаар баталгаажуулсан төсвийн дүнг 87,986.5 сая төгрөг буюу 19.7 хувиар тус тус бууруулав. Нэмэлт ажлын тоо хэмжээг тодорхойлох, төсвийг тооцохдоо ажлын тоо хэмжээг давхардуулан тооцох, материалын орц нормыг үндэслэлгүйгээр өсгөх, материалын үнийг жишиг үнээс өндрөөр тооцох, хэрэгцээ шаардлагагүй, үр ашиггүй ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөх зэрэг алдаа, зөрчил нийтлэг байгааг дурджээ.

Мөн төсөл, арга хэмжээний зураг төсөл, ажлын тоо хэмжээ, төсвийн үндэслэл, тооцоололд алдаа илэрч байгаа нь захиалагчийн болон зураг төслийг хянаж, баталгаажуулах чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтнуудын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, төлөвлөх үйл явц, төсөвт өртгийн тооцоололд тавих хяналт хангалтгүй байгааг харуулж байна. Зураг төслийн алдааг залруулахгүйгээр магадлалаар баталгаажуулж төсөвт өртгийн дүнд дүгнэлт гаргаж байгаа хяналт хийх эрх бүхий байгууллага, иргэний хариуцлагыг нэмэгдүүлж тогтолцоог сайжруулах шаардлагатай байна. Барилгын төсөвт өртгийн өөрчлөлтийг томсгосон хэлбэрээр тооцох аргачлалын дагуу төсөвт өртгийн тооцоонд хэрэглэх хэрэглээний үнийн индекс, валютын ханшны мэдээллийн бэлэн байдал хангагдсан боловч тус аргачлалыг улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх барилга байгууламжийн төсөвт өртгийг төлөвлөх үйл ажиллагаанд мөрдөхгүй байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэл, төсөвт өртгийн нэмэгдэл зардлын тооцоололд салбарын хяналт хэрэгжүүлээгүй, захиалагчийн дотоод аудитыг бүрэн хийгээгүй, алдаа зөрчлийг тухай бүр арилгаагүй байна. Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын дүрмийн 4.4.4.4 дэх хэсэгт барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, тэдгээртэй гэрээ байгуулах үйл ажиллагааг зохицуулсан боловч гэрээний хэрэгжилтэд хяналт тавих үйл явцын зохицуулалтыг тусгаагүй байгааг дурдсан байлаа.

Тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Мөнхсоёл, Дав.Цогтбаатар нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг санал хэлсэн.  

Монгол  Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэлийн талаарх мэдээллийг сонслоо

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан товч мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ, нэгдсэн төсвийн 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн орлого 28.0 их наяд төгрөг, нийт зарлага 28.4 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 428.8 тэрбум төгрөг гарах төсөөлөлтэй байна. Түүнчлэн урсгал зардал 22.1 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ)-ний 25.2 хувьтай, суурь тэнцэл 1.7 их наяд төгрөг буюу ДНБ-ний 2.0 хувьтай байх төсөөлөлтэй байгаа нь “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг хангаж байна гэв.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэл 27 их наяд 968.5 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 7.5 хувь буюу 2 их наяд 277.0 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрөхөөр байна. Энэ нь дараах хүчин зүйлс голлон нөлөөлж байна. Нүүрсний экспортлогч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогын мөнгөн дүн 2 дахин буурч, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого өмнөх оны мөн үеэс 1 их наяд 683.3 тэрбум төгрөгөөр, төлөвлөгөөнөөс 614.9 тэрбум төгрөгөөр тус тус буурч, 9 их наяд 395.2 тэрбум төгрөгт хүрэх хүлээлттэй байна. Нийт импортын дүн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тодотголд тусгагдсан дүнгээс 10.4 хувиар буюу 1.3 тэрбум ам.доллараар буурлаа. Импорт ийнхүү багаснаас гаалийн байгууллагын төсөвт төвлөрүүлэх орлого батлагдсан дүнгээс 1.2 их наяд төгрөгөөр буурч, 6.6 их наяд төгрөгт хүрэхээр байна гэж байлаа.

Түүнчлэн макро эдийн засгийг тогтворжуулах бодлогын үр дүнд оны эхэнд 742 сая ам.долларын алдагдалтай байсан төлбөрийн тэнцэл эхний 10 сарын байдлаар 141.0 сая ам.долларын эерэг гарч, гадаад валютын нөөц 12 дугаар сард 6.0 тэрбум ам.долларт хүрлээ. Түүнчлэн Эс Энд Пи агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “BB-”, төлөвийг “Тогтвортой” болгон нэмэгдүүллээ. Макро эдийн засгийн төлөв оны сүүлийн хагаст ийнхүү сайжирсан хэдий ч экспортын шокийн голлох салбаруудад үзүүлсэн сөрөг нөлөө үргэлжлэн төсвийн орлого буурахад нөлөөлсөн гэв.

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр 28 их наяд 397.3 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 10.2 хувь буюу 3 их наяд 212.2 тэрбум төгрөгөөр бага гарах төсөөлөлтэй байна. Энэ нь дараах шалтгаантай байна.

1/Төсвийн орлоготой уялдуулан төсвийн зардлыг санхүүжүүлж байна. Төрийн сангаас цалин хөлс, зээлийн үйлчилгээний төлбөр, нийгмийн даатгал, халамжийн тэтгэвэр, тэтгэмж зэрэг зайлшгүй зардлыг нэн тэргүүнд санхүүжүүлж тухайн өдрийн татварын орлогын дүнгээс хамааран бусад урсгал болон хөрөнгийн зардлыг санхүүжүүлж байна.

2/Хөрөнгө оруулалтын зардлын хүлээгдэж буй гүйцэтгэл 81хувь буюу 2 их наяд 366.4 тэрбум төгрөг байна. Барилгын ажлын гүйцэтгэлийн хугацаа харьцангуй богино, улирлын нөлөө ихтэй, компаниудын гүйцэтгэлийн чадавхи хангалттай биш байгаагийн зэрэгцээ энэ онд шинээр хэрэгжиж эхэлсэн төслүүдийн 46.3 хувь нь 5 дугаар сард гэрээ байгуулсан нь гүйцэтгэл бага гарахад нөлөөлжээ. Сүүлийн 5 жилийн гүйцэтгэлийн дундаж 78 хувьтай байна.

3/Өнөөдрийн байдлаар гүйцэтгэл нь ирээгүй байгаа хөрөнгө оруулалтын үлдэгдэл 1 их наяд 180.9 тэрбум төгрөг, ирсэн хөрөнгө оруулалтын хүсэлт 98 тэрбум төгрөг байна. Он дуусах хүртлэх хугацаанд гүйцэтгэлд үндэслэн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хэвийн олгохоор ажиллаж байна.

Засгийн газрын өрийн үлдэгдэл 2025 оны эцэст ДНБ-ний 40.4 хувь буюу 36.4 их наяд төгрөгт хүрэхээр байна. Энэ нь төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагаас 20 хувь нэгж, төсвийн хүрээний мэдэгдэлд заасан хязгаараас 10 хувь нэгжээр тус тус доогуур байгаа нь өрийн тогтвортой байдал бүрэн хангагдаж байгааг харуулж байна гэдгийг Сангийн сайд мэдээлэлдээ онцолсон.

Мөн Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газраас улсын төсвийн татварын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулсан. Тухайлбал, 3.7 их наяд төгрөгийн татварын өр, ногдлын үлдэгдэлтэй аж ахуйн нэгжүүдээр болон 615.9 тэрбум төгрөгийн томоохон татварын өртэй татвар төлөгчдөөр өрийг төлүүлэх, Гаалийн ерөнхий газраас гаалийн баталгаат агуулах, бүсүүд дэх хугацаа хэтэрсэн барааны үлдэгдлийг бүрэн шахах замаар 49.7 тэрбум төгрөг, нефтийн бүтээгдэхүүний хойшлуулсан татварын ондоо багтаан барагдуулах замаар 18.6 тэрбум төгрөг, гаалийн баталгаат агуулахад байршуулах, хугацаа нь дууссан аж ахуйн нэгжүүдээс 10.0 тэрбум, өр авлагыг барагдуулах ажлыг идэвхжүүлэх замаар 2.2 тэрбум төгрөг, бүрдүүлэлтийн дараах шалгалтыг эрчимжүүлэх замаар 1.0 тэрбум төгрөгийн татварыг тус тус нэмж төвлөрүүлэхээр ажиллаж байна гэж байлаа.

Үргэлжлүүлэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэлийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг хийв.

Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин санал хэлэв. Тэрбээр, дотоодын нийт бүтээгдэхүүний төрөлжилт бүрээс татвараа буулгаж төлөвлөж байгаа нь үр дүнтэй байна уу үгүй гэдэгт цаашдаа анхаарах шаардлагатай байна гэв. Мөн бид уул уурхайгаас хэтэрхий их хамааралтай болсон тул эл салбарын хэлбэлзэл нь төсвийн зарлагаа хянаж, хасаж чадахгүй байдал руу түлхээд байгаа учраас цаашдаа эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх, бусад салбаруудаа идэвхжүүлэхийн тулд татвар, нийгмийн даатгалын цогц бодлого, томоохон төслүүдээ явуулах шаардлагатай байна. Түүнчлэн ирэх онд төрийн өмчит компаниудыг цөөлж, хувьчилах, эндээс орж ирэх тодорхой орлогоор эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зэргээр томоохон бодлогуудыг оруулж ирэхийг анхааруулж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

About Author