СУРВАЛЖИЛГА: “Шинэ түлш илүү бутрамтгай. 7-н шуудайгаас нэг шуудай дүүрэхээр үйрмэг гардаг”

D3o6MFV9dizBzgTXdzfE

Эх сурвалж: gogo.mn

Улаанбаатарчуудыг “Өвөлжөө тавлаг уу” гэх нь бараг тавлах анзааны асуулт болсон. Утаа, буртаг, эрчим хүч, дулаан гээд өвөлтэй зэрэгцээд дагадаг хэрүүлийн урхаг тасрахгүй. Харин энэ өвлийн шинэ сэдэв “шинэ түлш” болоод буй.

Шинэ түлшийг аравдугаар сарын 1-ний өдрөөс борлуулж эхэлсэн. Ингэснээр утаа шингэрсэн үү, үгүй юу. Илч нь илүү юу, дутуу юу… гэх зэргээр иргэд хоёр талд гарч ам уралдан ярьсаар даруй хоёр сар өнгөрчээ. Хэрэглэгчид,

“-Түлш борлуулах цэгүүд нь олдохоо байсан. Нөөц муутай болохоор цэгүүдээ татан буулгачихсан биз. Олдоц муу байна.
-Түлш нь илчгүй. Мөнгө төлж авсан атлаа өдөржин дүлгэнэсэн дөл харж суудаг боллоо.
-Урьдаас ч их угаар гарч байна.
-Зуухны олон янз байдлаас болоод зарим айлын галлагаанд шинэ түлш тохирохгүй байна” зэргийг ярьж байна.

Галлагааны улирал эхлээд багагүй хугацаа өнгөрсөн тул шинэ түлш борлуулагч болон хэрэглэгчээс дээрх асуултуудыг тодруулж, сурвалжилга бэлтгэлээ.

Дарь-Эх өөд өгсөөд нүүрс борлуулах цэг хайв. Нээрэн л замын хажуугаар эгнээтэй байсан цэгүүд харагдсангүй. Цааш өгссөөр төв замаас жаахан зайдуу, үүд нь онгорхой хашаанд хураалгатай түлш харагдлаа.

Машиндаа сууж байсан эмэгтэй хүний бараанаар, цонхоо буулгаад мэндэлж байна. Тэрээр 3.. цэгийн борлуулагч гэдгээ танилцууллаа.

-Зам дагуу цэгүүд байхгүй болжээ. Хэзээнээс ингээд нүүчихэв ээ?

-Түгжрэлийг бууруулах зорилгоор зам дагуу байсан цэгүүдийг төв замаас 50 метрийн зайтай буюу гудамж дунд байрлуулна гэсэн шинэ журам гарснаар 400 орчим цэгийг дахин зохион байгуулсан. Тэдний нэг нь манайх.

Тэрбээр үргэлжлүүлэн, “Бүх цэг өглөөнийн 9 цагт нээдэг. Харин түлшээ борлуулж дуусах цаг нь харилцан адилгүй тул өөр цагуудад буудаг байх. Манай цэгийн хувьд өглөөд 10 тонн түлш хүлээн аваад ихэнхдээ 18 цаг гэхэд борлуулж дуусдаг.

Голцуу 17 цагаас хойш буюу ажил тарах үеэр худалдан авалт нэмэгддэг. Нэг өрх өдөрт нэг шуудай нүүрс хэрэглэх буюу 7 шуудай түлш авах эрхтэй бөгөөд иргэний үнэмлэх, болон картаа шалгуулаад авдаг.

Цэгүүдийн байршил өөрчлөгдсөнөөс хойш иргэд түлш олж авахад хүндрэлтэй байгаа талаар ярих болсон. Түлш борлуулах цэгүүдийн байршлыг “Hotula” аппликэйшнээс харах бүрэн боломжтой. Аппликэйшн ашиглаж чаддаггүй, утасгүй хүмүүс өөрийн хороонд очоод түлшнийн цэгийн мэдээлэл авч болно.

Энэ жилээс түр оршин суух хаягтай иргэдийн түлш авах боломж нь нэмэгдсэн. Өнгөрсөн онд түр оршин суугчдад нүүрс зардаггүй байсан. Түлшгүй, даараад, гуйгаад ирж байгаа хүмүүсийг хоосон буцаах ч хэцүү.

Би энэ хавийнхаа айлуудын аль нь түлшээ авсан аваагүйг мэдэх болохоор, “тэднийх аваагүй байна, картыг нь аваад ир” гэх зэргээр аргалдаг байсан. 

Харин энэ жилээс түр оршин суух хаягтай иргэд хороондоо очоод асуудлаа хэлэхэд карт олгодог болсон.

Шинэ түлшний тухайд иргэд өөр өөр зүйлс ярьж байна. Зарим нь илч муутай байна гэх бол нөгөө хэсэг нь илч, болон цагаа барих нь боломжийн байна гэнэ. Гэхдээ энэ голдуу тухайн айлын галлах аргатай л холбоотой байх шиг байна. Өмнөх түлшийг бодоход арай их мод хийж байж нүүрсээ ноцоож байгаа санагдсан.

Мөн зуухнаас хамаараад муу эсвэл сайн асаж байна гээд л байгаа. Манайх бол төслийн зуухтай. Сайн л асаж байгаа. Нам даралтын зуухтай хүмүүс шинэ түлш нь өмнөх түлшүүдээс хамаагүй дээр байна гэх ч бий.

Гэхдээ үнэхээр зарим шуудайтай нь илч сайтай байхад, зарим нь муу байгаа нь үнэн. Үүнийг савлагаатай л холбоотой гэж бодож байна.

Тэгвэл хэрэглэгчийн сэтгэгдлийг сонсоход, БЗД-ийн 29-р хорооны оршин суугч Д.Гантуяа хэлэхдээ, “Шинэ түлшийг хэрэглээд сар гаруй болж байна. Өмнөх түлшнээс арай илүү удаан асаж байгаа юм шиг санагдсан.

Гэхдээ зарим шуудайтай түлшний илч сайн байхад зарим арай муу байгаа нь ажиглагдаж байна.

Гэхдээ өмнөх түлштэй харьцуулахад илүү бутрамтгай юм шиг. Нийт долоон шуудай түлш авахад нэг шуудай нь хог болдог. Ачилт, тээвэрлэлтээсээ болдог ч юм нурам шиг үйрчихсэн байдаг. 

Гэхдээ байнга ингэж ирэхгүй л дээ. Заримдаа бүх түлш бүтнээрээ байх нь ч бий. 

Би нүүрсээ ирэнгүүт л 50-төгрөгийн алаг тор авч байгаад бүгдийг нь хуваагаад уудалчихдаг. Нийт 60 орчим уут болдог. Энэ нь биед амар байхын зэрэгцээ үйрмэг хогууд нь галд орохоос сэргийлдэг.

Үйрсэн хэсгийг нь улсууд түлээд байдаг гэнэ лээ. Тэгвэл л угаар гардаг байхгүй юу. Тэр нунтаг зүйлийг галд хийхээр асахгүй эхэндээ уугиад л байна. Асах гэж мөн ч их удна. 

Ингэж уугьж байгаад гэнэт бадарч асдаг. Үүнээс бол их угаар гарна. Орой унтахдаа ингэж нунтаг түлш хийх юм бол угаартах эрсдэлтэй. 

Хүмүүс зуухнаас шалтгаалж шинэ түлш сайн, муу асаж байна гээд л байгаа. Төслийн болон нам даралтын зууханд сайн асдаг л гэнэ. Манайх энэ сууриндаа суугаад 20 жил болж байна. Арван жилийн өмнө зуухаа сольсон.

Энэ зууханд маань сайжруулсан түлш, сүүлд гарсан шинэ түлш гээд бүх л ялгаагүй сайн асаж байна. 

Хүмүүсийн яриад байгаа гол асуудлыг галлаж байгаа туршлага техниктэй нь л холбоотой байх гэж бодож байна. 

Шинээр галлах болгондоо заавал өмнөх үнс нурмыг нь сайн цэвэрлэх хэрэгтэй. 

Сайжруулсан түлш хэрэглэж байхад хоёр дахь галлагаа дээрээ заавал үнсийг нь авахгүй байсан ч түлшний шаталт хэвийн байсан. Харин шинэ түлшийг хэрэглэхдээ галлах бүрдээ заавал үнсийг нь авах хэрэгтэй. 

Ер нь бүгдийг бусдын буруу гэж хардаг үзэл бодолтой байхаас татгалзах хэрэгтэй. Өөрсдөө хичээгээд оролдвол огт болохгүй, хэцүү зүйлс байхгүй. 

Утааны хувьд өмнөх жилийнхээс ялгаатай юм алга. Адилхан л утаа их хэвээр байна” гэлээ. 

Тэгвэл хагас кокс түлш шинэ түлшний талаар НЗДТГ-аас танилцуулахдаа, “Монгол Улсад 6 жилийн өмнөөс түүхий нүүрсний оронд шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн. Харин энэ жилээс илүү дэвшилтэт хагас кокс түлш рүү шилжиж байна.

Хагас кокс гэдэг нь нүүрсийг агааргүй орчинд 500-750 хэмд хуурай нэрэх дулааны аргаар боловсруулахад гардаг хатуу үлдэгдэл нь хагас кокс.

Өөрөөр хэлбэл 500-750 хэмд халаахад нүүрснээс химийн нэгдлүүд болох давирхай хий тоосонцор нь ууршин ялгарч цэвэр түлш буюу хагас кокс нь үлддэг. Үүнийг нунтаглаж байгалийн гаралтай эрдэс барьцалдуулагчтай хольж хэвд оруулан шахаж хагас коксон түлшийг үйлдвэрлэдэг.

Шахмал түлштэй харьцуулахад дэгдэмхий хий 45.8 хувь, хүхрийн агууламж нь 57,7 хувь, утааны хийн найрлага дахь тоосонцрын хэмжээ 77,7 хувь, хүхэрлэг хий 85,5 хувь,  угаарын хий 16,6 хувь, азотын исэл 23,5 хувиар тус тус бага үзүүлэлттэй байна.

Иргэдийн дунд хагас коксон түлш хэрэглэх нь зуухны ул ширэм хайлах эрсдэлтэй гэсэн айдас байгаа бол энэ нь ташаа ойлголт. Лабораторийн шинжилгээгээр. Хагас коксон түлшний илчлэг нь 6100-6400 килокалори байгаа нь мидлингийн шахмал түлшнээс бага байгаа юм.

Харин дулаанаа хадгалах хугацаа нь мидлингийн шахмал түлшнээс 2,5-3 цагаар илүү байгаа нь айл өрхийн хэрэгцээнд бүрэн нийцнэ гэдгийг эрдэмтэд зөвлөсөн. Иргэн та гэр, байшингийн дулаалгаа сайжруулан, дулаан алдагдлаа багасгаарай” хэмээсэн юм.

ХАГАС КОКСОН ШАХМАЛ ТҮЛШИЙГ ЗУУХАНД ХЭРХЭН ЗӨВ ГАЛЛАХ ВЭ?

Хагас коксон шахмал түлшийг энгийн уламжлалт зуух болон төслийн зууханд хэрхэн зөв галлах зөвлөгөөг хүргэж байна. Энгийн, уламжлалт зуухны галлагааг хийхдээ,

  •     Галлагаа хийхийн өмнө хүйтэн үнсийг бүрэн авч асгах
  •     Зуухны аманд гал асаах модоо өрж, зэрэглэнэ
  •     Модон дээрээ 4-5 кг шахмал болон хагас коксон түлшээ хийнэ
  •     Зуухны дээд тагийг сайтар хааж, үнсний тосгуурыг 2 см хэмжээтэй нээж агаар оруулна
  •     Бэлтгэсэн модоо газ болон цаас, шатах материалаар асаана

Төслийн, сайжруулсан зууханд галлагаа хийх заавар

  •     Галлагаа хийхдээ хүйтэн үнсийг бүрэн авч асгах
  •     Галын хотолд 4-5 кг шахмал болон хагас коксон түлшээ хийнэ
  •     Түлшин дээрээ гал асаах модоо хийж бэлтгэнэ
  •     Зуухны агаар авах хэсгүүдийг нээнэ
  •     Галаа урдаас болон дээрээс нь шатах материалаар өрдөж асаана.

Жич: Анхны галлагааг ахиу модоор асааж, дахин галлагааг халуун цогон дээр түлшээ бага багаар нэмэх байдлаар хийж хэвшээрэй. Галлагаа хийхдээ яндангаа хөөлж, хаалт, сойлт хэрэглэхгүй, угаарын хийн мэдрэгчээ тогтмол ажиллуулж, гэр байшиндаа агааржуулалт хийж байхыг анхаарна уу.

About Author