Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн хурал боллоо
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн хурал /2023.05.30/ боллоо. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 7,6 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрснээр Засгийн газраас Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар болсон. Энэ хүрээнд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэхээр төсөвлөсөн бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлд тэтгэмж нэмэх асуудлыг танилцуулж, санал солилцлоо.
Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэх саналд нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд олгох асаргааны тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэх саналын төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа танилцууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн гишүүд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх гэж буйд талархалтай байгаагаа илэрхийлж, цаашид байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй эцэг, эхчүүдэд асаргааны тэтгэмжийг нэмж, ялгаатай олгох саналыг тавилаа.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, тус зөвлөлийн тэргүүн Д.Амарбаясгалан Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс хүний эрхийг хангах асуудал нэгдүгээрт байх зарчмыг баримталж буйг илэрхийлээд цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод үйл ажиллагаагаа нэгтгэх нь зүйтэй гэдгийг хэллээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зарцуулагдах төсөв нь олон холбоо руу хуваарилагддаг нь эргээд төсөл хөтөлбөр, бодлого шийдвэр гаргахад хүндрэл учруулдаг байна. Тиймээс холбоод нэгдэж, нэгдсэн байдлаар ажиллаж байж томоохон бодлого шийдвэр гаргадаг болно гэсэн байр суурьтай байгаагаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан илэрхийлэв.