ОБЕГ: Энэ онд 3278 иргэнийг аварч, ₮290 орчим тэрбумын өмчийг хамгаалжээ
Нийслэлийн Онцгой байдлын газрын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурал зохион байгуулагдаж, оны шилдгээр шалгарсан анги, байгууллага, алба хаагчиддаа шагнал гардууллаа. Энэ онд нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 589, гал түймрийн 2363 дуудлага мэдээлэл ирсэн байна.
Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3278 иргэний аюулгүй байдлыг ханган, иргэн, хуулийн этгээдийн 290 орчим тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймэрт өртөж нас барсан иргэдийн тоо 44 хувиар, түлэгдэж гэмтсэн иргэдийн тоо 50 хувиар, аюулт үзэгдэл, ахуйн осолд өртөж нас барсан иргэдийн тоо 20,5 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Түүнчлэн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд нийслэлийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллагын оролцоо, хамтын ажиллагааг уялдуулан, нийслэлийн Засаг даргатай байгуулсан хариуцлагын гэрээг 95,4 хувь, ОБЕГ, НОБГ-аас дэвшүүлсэн зорилтыг 96,9 хувь хэрэгжүүлж ажилласан байна.