Умард Солонгосын хөөргөсөн сансрын пуужин Шар тэнгисийн усанд унажээ

0

Өнөөдөр өглөө эрт Умард Солонгосын дэглэм тус улсын анхны хиймэл дагуулыг тээвэрлэсэн сансрын пуужинг хөөргөсөн нь хөрш Өмнөд Солонгос, Япон улсуудыг агаарын түгшүүр зарлахад хүргэсэн юм.

Анхны хиймэл дагуулаа сансарт хөөргөх ажиллагаа амжилтгүй болсныг Пёньяны төв хэвлэл саяхан мэдээлжээ.

Тухайлбал цэргийн тагнуулын зориулалттай “Маллигён-1” хиймэл дагуулыг тээвэрлэсэн “Чоллима-1” пуужин хоёр дахь шатны хөдөлгүүрийг ажиллуулах үеэр чиглэлээ алдаж, Шар тэнгисийн усанд унасныг Солонгосын Төв Мэдээний Агентлаг мэдээлсэн байна.

Хоёр дахь оролдлогыг удахгүй зохион байгуулахаа бас амлажээ.

Умард Солонгосын пуужин Өмнөд Солонгосын баруун өмнөд Ёочон арлын ойролцоо тэнгисийн усанд унаж, сэгийг нь уснаас гаргаж авснаа Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний төв штаб мэдээлжээ.

Пуужингийн үлдэгдлээс Умард Солонгосын технологийн хүчин чадал ямар түвшинд байгаа талаар мэдээлэл цуглуулах боломжтойг уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

зураг

Пёньяны дэглэм хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Хвасонг-18 тив алгасагч пуужингаа туршиж байсан юм.

Тус улс өмнө нь хиймэл дагуул хөөргөх оролдлогыг 1998, 2009, 2016 онуудад тус бүр нэг удаа, 2012 онд хоёр удаа гүйцэтгэж байсан гэдэг.

2012 ба 2016 онуудын оролдлогын дараа Пёньян дэлхийн тойрог замд хиймэл дагуулаа байрлуулж чадсан тухай мэдээлж байсан ч хэвийн ажилладаг эсэх нь одоогоор мэдэгдэхгүй байгаа юм.

Эх сурвалж: Yonhap News

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *