Ноцтой хэрэгт холбогдсон дипломатууддаа ХАРИУЦЛАГА ТООЦ, С.Батцэцэг сайд аа

26QAGAZOSbxkIEj0qwoG-580x365

Эх сурвалж: ZUV.MN

Монгол Улсаа төлөөлөн гадаадад суугаа дипломатуудын өндөр нэр хүнд, эрх ямбыг том хариуцлага  дагадаг. Харамсалтай сүүлийн жилүүдэд хариуцлага албанд томилогдсон дипломатууд олныг сэртхийлгэсэн аймшигт хэрэгт нэр холбогдох болов.

Хэдхэн сарын өмнө Тайландад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхон Бангкок хотын 17 давхар барилгаас унаж амиа алдсан. Талийгаач Л.Орхоны ар гэрийн зүгээс эл хэрэгт нөхөр буюу Элчин сайд А.Төмөрийг буруутгаж буйгаа илэрхийлсэн. Түүний амиа алдсан шалтгааныг тогтоохоор Тайландын Бангкок хотын Цагдаагийн газраас мөрдөн шалгаж байгаа гэсэн ч өнөөдрийг хүртэл тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа. 

Харин Гадаад харилцааны яамнаас “Шүүх шинжилгээний дүгнэлтийг хүлээж байна. Дүгнэлт гарсны дараа Элчин сайд А.Төмөрийг хэрхэх асуудал яригдана” гэсэн товч тайлбар өгсөн. 
Түүний хувьд 2020 оны долдугаар сараас Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж эхэлсэн байдаг. 

Элчин сайд А.Төмөрийн Тайландад суух бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн 2024 оны долдугаар сард дууссан. Гэсэн ч Гадаад харилцааны яамнаас А.Төмөрийн бүрэн эрхийн хугацааг нэг жилээр сунгасан. 
Архидан согтуурдаг, гэр бүлээс гадуур харилцаатай, ёсзүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн гэх олон мэдээлэл гарсан ч өнөөдрийг хүртэл ямар хариуцлага тооцоогүй юм.

Өнгөрөгч долоо хоногт Австри улсад суугаа өргөмжит консул Д.Сэргэлэн албан тушаалаа ашиглан Филиппин Улсын иргэн Террил Аттиензаг Монголд авчирч ямар ч цалин хөлсгүйгээр боолчилж, удаа дараагийн үйлдлээр биед нь халдаж, улмаар учир битүүлэг шалтгаанаар үхэлд хүргэсэн маш ноцтой гэмт хэргийн эрэн сурвалжлах нэвтрүүлэг цацагдаад байна.

Сүүлийн хагас жилд л гэхэд энэ мэтээр дипломат хэмээх нэр хүндтэй албаныхан аймшигт хэргүүдтэй нэр холбогдож, улсынхаа нэр хүндийг шороотой хутгаж байна.

100 гаруй жилийн түүхтэй Монголын дипломат албаны босго өндөр, тэднийг маш өндөр шалгуураар шалгаж авдаг байсан гэлцдэг. Хамгийн гол шалгуур нь боловсрол, өндөр ёс суртахуунтай байх. Нэмээд хэл устай байхаас гадна өөрийн төдийгүй тухайн улсын түүх, ёс заншил, төрийн хэргийг сайн мэддэг хүнийг сонгож авдаг байв.

Харамсалтай нь, нөлөөтэй улстөрчид, хөрөнгө бэлтэй нэр нөлөө бүхий хүмүүсийн танил талын шахаа, өндөр албан тушаалаа ашиглан, ах дүүс төрөл төрөгсдөө дипломат албанд шургуулдаг, шагнал болгон авдаг болсон нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн гэхэд дэгсдүүлсэн болохгүй биз ээ.

Нөгөө талд эрх дархтнуудын уйвагүй үйлдлийн уршгаар чадвартай мэргэжлийн дипломатууд ч албаны нэр хүндээрээ хохирч байгаа нь үнэн.

Гадаад харилцааны сайдаар хамгийн удаан ажиллаж байгаа Б.Батцэцэг та боловсон хүчний дотоод асуудалдаа анхаарч, улс орныхоо нэр хүндийг олон улсад унагаж буй дипломат ажилтнуудаа эргүүлэн татаж хариуцлага тооцно уу. Энэ бол зүгээр нэг хүний асуудал биш улс орны нэр хүндийн асуудал юм.

About Author