ТӨК-иудын захирлууд сард 19-64 сая төгрөгийн цалин авдаг уу
Эх сурвалж: Zuv.mn
Үндэсний аудитын газраас Эдийн засгийн байнгын хороонд харьяалагдах 9 төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүн, дүгнэлтийг танилцуулжээ.
Монгол Улсын Засгийн газар төсвөөс бүрэн санхүүждэг улсын төсөвт үйлдвэрийн газруудын цалингийн шатлалын нэгдсэн жишиг, зохицуулалтыг батлаагүйгээс зарим байгууллагад цалингийн хэмжээ харьцангуй өндөр тогтоогдож, урамшууллыг холбогдох журам зөрчиж олгох, хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй зохион байгуулахгүй байх зэргээр мерит зарчим, ил тод байдал алдагдаж байгааг залруулах шаардлагатай гэж аудитаас дүгнэжээ.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлын нэг сарын цалинг сошиал хуудастаа нийтэлжээ. Тэрбээр энэ мэдээллийг аудитын тайлангаас авснаа хэлсэн юм.
1. Эрдэнэс Монгол ХХК 64,9 сая,
2. Эрдэнэс критикал минералс ХХК 44.0 сая,
3. Төрийн үнэт цаас хэвлэл 38,3 сая,
4. Шивээ овоо 31,6 сая,
5. Диспетчерийн үндэсний төв 25,7 сая,
6. Дарханы төмөрлөгийн үйлдвэр 24,5 сая,
7. Барилгын хөгжлийн төв УТҮГ 21,1 сая,
8. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ 20.0 сая,
9. Эрчис ойл ХХК 19,5 сая,
10. Эрдэнэс таван толгой ХК (ОНӨО) 19,2 сая төгрөг тус тус авч байна.

