Сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдсан асуудлыг хэлэлцэв

0

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай холбогдох албаныхны хамт Монгол Улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбоо /МУСИҮХ/-ны гишүүдтэй “Асуудал шийдэл” хэлэлцүүлгийг өрнүүллээ. Энэ үеэр сонсголын бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх боломж, нөхцөлийг хэлэлцэж, тэдний байр суурийг салбарын бодлого, шийдвэрт тусгахаар санал солилцсон юм.

МУСИҮХ нь анх 1978 онд Хараа болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэг нэртэйгээр байгуулагдаж байсан бол 1994 онд хөгжлийн бэрхшээлийн хэлбэрээр хуваагдан, тусдаа байгууллага болж хөгжсөн түүхтэй. Өдгөө тус байгууллага нь сонсголын бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний эрхийн төлөө тэгш оролцоот, хүртээмжтэй нийгмийг бий болгох, эрх ашгийг нь хамгаалах чиглэлээр олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж буй.

Энэ үеэр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай:

-Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл гэж бий. Тус зөвлөлийн зүгээс нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод, төрийн бус байгууллагуудтай уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, санал бодлыг нь ажилдаа тусгахаар цуврал уулзалтуудыг хийж буй. Ингэхдээ бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүгдийг нь нэг дор цуглуулсан уулзалт бус, хөгжлийн бэрхшээлийн хэлбэрээр хуваан, тухайн иргэдийн онцлогт тохирсон асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, цаашид нийслэлийн бодлого, шийдвэрт хэрхэн тусгах талаар анхаарахад бидний уулзалтын гол зорилго оршиж байна хэмээлээ.

Иргэдэд ажиллаж, амьдрах таатай орчин бүрдүүлэхээр Хотын стандартыг батлан хэрэгжүүлж буй. Тэгвэл эдгээр стандартад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх ямар заалт, шаардлагуудыг багтаасан талаарх мэдээллийг Хотын стандарт, хөгжлийн газрын Хотын хөгжлийн стандартын хэлтсийн дарга Б.Ариунтуяа танилцуулсан юм. Тухайлбал, Хотын 19 стандартад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох заалтуудыг тусгажээ.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр болон явган зорчиход зориулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг холбогдох албаныхан өглөө.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Хуулийн зөвлөх Б.Галсанжамц “Нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж байгаа. Энэ хүрээнд оруулж ирж буй автобуснууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд таатай зорчих нөхцөл бүрдүүлсэн. Түүнчлэн парк шинэчлэлийн хүрээнд зун, намар орж ирэх автобуснууд бүгд стандартын шаардлага бүрэн хангасан. Мөн энэ хүрээнд автобусны жолооч нарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн үйлчлэх талаар нэгдсэн сургалт явуулна” хэмээсэн юм.

Тэрчлэн нийтийн эзэмшлийн зам, талбайг засаж шинэчлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгохоор зорьж буйг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн мэргэжилтэн У.Санчир онцолсон. Мөн уулзалтын үеэр МУСИҮХ-ны гишүүд, сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл тулгамдаж буй асуудлуудын талаар хуваалцаж, санал, хүсэлтээ уламжиллаа.

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд тулгамдаж буй хамгийн том асуудал нь ажлын байр гэдгийг онцолж байлаа. Тухайлбал, мэдээллийн хүртээмжгүй байдлаас үүдэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд хамрагдаж чаддаггүй байна. Мөн монгол дохионы хэлийг нэгдсэн байдлаар журамлах, нийтийн тээврээр зорчиход “Хөнгөлөлттэй зорчигч” хэмээн илт ялгаварлан гадуурхсан шинжтэй үг хэллэг ашигладгийг халах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд уян хатан нөхцөлөөр түрээсийн орон сууцад хамрагдах эрх олгох, энэ талаарх мэдээллийг хүртээмжтэй байлгах хэрэгтэйг дурдаж байсан юм.

Уулзалтын төгсгөлд холбогдох албаныхан МУСИҮХ-ны гишүүдийн асуултад хариулж, санал, хүсэлтийг хүлээн авч, бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв. Мөн чиг үүргийн бус асуудлыг холбогдох байгууллагын удирдлагуудад уламжлахаа мэдэгдсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *