Дав.Цогтбаатар: Худлаа ярьдаг сайд нартаа хариуцлага тооц

download (62)

Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарт хариуцлага тооцох ёстой гэх асуудлыг УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.12.18/ үдээс өмнөх хуралдааны үеэр хөндлөө.

Тэрбээр “Өвөрхангай, Архангай аймагт ажиллаад ирлээ.  Худлаа ярьдаг хоёр сайддаа хариуцлага тооцохгүй бол орон нутагт нөхцөл байдал хүнд байна.  Өвөрхангай аймгийн Төрийн сангийнхантай уулзлаа, “Үндсэн цалингаа л олгож байна, нэмэлт цалин алга, урамшуулалт цалин алга” гэж ярьж байна. Тэр хүмүүс төдий хэмжээний цалин авна, зээлээ төлнө гээд хувийн санхүүгээ төлөвлөөд явж байтал төлөвлөсөн цалин нь олгогдохгүй болохоор яах юм.

Сангийн сайд мөнгөтэй гэж худлаа ярьдаг, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд шатахуунтай гэж худлаа ярьдаг. Сүүлдээ бензин колонкийн түгээгч рүү орж, квотоор шатахуун олгож цалингаа авдаг юм билээ гэж хөлдүү тайлбар хийгээд байгаа.  Тэдгээр сайддаа хэзээ хариуцлага тооцох вэ, Ерөнхий сайд аа. Мөнгөгүй гэдэг зовлонд уначихаад байж юун дэд сайд вэ.

Өвөхангай аймгийн Төрийн сангийнх нь даргын хэлснээр одоо 7-8 хоногийн бензины нөөц байна. Энэ чигээрээ байвал аймаг хөлдөхөд бэлэн байна. Нүүрснийхээ хэдэн машинд цохолтоор түлш олгож байна гэж ярьсан. Сайд нар нь болохоор ажлаа хийж чадахгүй, мэргэжлийн хүн ирээд байна гэх юм. Ажлаа хийж чадахгүй сайд нараа онгцруулаад оронд нь дэд сайд нараа сайд болгоод ажиллуул л даа. Түлш нөөцлөх савгүй 30 жил явж ирсэн. Гэхдээ өнөөдрийнх шиг ингэж хүндэрч байгаагүй. Яаж ажил хийх вэ гэдэг гарц гаргалгаа шийдлээ ярихгүй, улс төр хийгээд түлшний савгүй сууж байна биздээ гээд ялархсан байдалтай суугаад байх юм. УИХ-ын дарга ч Засгийн газрыг шахаж ажилламаар байна” гэв.

Монгол Улсын хувьд өнгөрсөн аравдугаар сараас АИ-92 автобензин хомсдож эхэлсэн. Үүнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Иргэд машиныхаа банкийг дүүртэл автобензин авч байгаагаас зохиомлоор хомсдол үүсгээд байна” гэх тайлбар хэлж буруутгасан. Дараа нь автобензин, түлшний захиалгыг нэмэгдүүлсэн тул нийлүүлэлт тал дээр асуудал үүсэхгүй, удахгүй хэвийн байдалд орно” гэж мэдэгдэж байв. Гэвч хоёр сар өнгөрөхөд проблем зогссонгүй үргэлжилсээр шинэ онтой золгох болж буй.

About Author