“Тусгай зөвшөөрөлтэй ААН-ийн тоо 180 хүрсэн ч нөөцлөх савтай нь цөөн”
Шатахууны асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлэл хийлээ.
Тус яамны мэдэгдэлд,
-Хэрэглээний гол хэсэг нь төвийн бүсэд байна. Говийн бүсэд уул, уурхайтай холбоотойгоор хэрэглээ өндөр байна. Монгол Улс өдөрт 2200 орчим тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Бүтээгдэхүүн тасралтгүй орж ирж байгаа. Дунджаар 30 орчим вагон орж ирж байгаа. Бид 2024 оныхтойгоо дүйцэхүйц бүтээгдэхүүнийг оруулж ирж байна. Нийлүүлэлт тасралтгүй, тогтмол байна. Монгол Улс ОХУ-ын гурав, дөрвөн үйлдвэрээс бүтээгдэхүүн авдаг. Манайхтай хамгийн ойрхон нь 800-900 км зайтай. Дизель түлшний хэрэглээ 2025 онд нэмэгдсэн. Дунджаар 140 мянган тонн дизель түлш өдөрт хэрэглэж байна. Импортын тоо хэмжээг харахад урд өмнөхөөсөө нэмэгдсэн.
Бидний өнөөдөр тулгамдаад байгаа асуудал бол хомсдол. Гэнэт өссөн хэрэглээг аж ахуй нэгжүүд зохицуулж чадахгүй байна.
Бид ямар ч байсан дотоодын газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах ёстой. Түүнээс өмнө сав барих хэрэгтэй байна. Аж ахуй нэгжүүдийн зүгээс төрийн оролцоог бууруулах хүсэлт тавьж, бид тусгай зөвшөөрлийн шаардлагуудаа бууруулсан. Сүүлийн дөрвөн жилд 50 тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байсан бол одоо 180 болчихжээ. Энэ тоо тогтмол өссөн.
Гэтэл нөөцлөх савтай аж ахуй нэгжийн тоо 20 гаруй байна. Хомсдол үүсэхэд эд нартайгаа л хариуцлага ярьдаг. Үлдсэн нь оруулж ирсэн бүтээгдэхүүнээ шууд уул уурхай руу явуулдаг бизнес модультай болчихсон. Нөөцлөх сонирхолгүй байдаг. Хомсдол, тасалдал үндэслэл нь эндээс эхлэлтэй. Төрөөс сав барих, нөөцлөх талаас нь дэмжих ёстой юм байна. Үүнийг хуулиар шийдвэрлэхээр өргөн барьсан. Аж ахуй нэгжүүдэд зээл олгъё, банкны шаардлагыг сулруулах боломжуудыг хуульд тусгасан байгаа. Давуу тал үүсгэсэн зүйл байхгүй.
-Хэдхэн жилийн өмнө 50 аж ахуй нэгжтэй байхад тасалдал үүсээгүй. Гэтэл одоо аж ахуй нэгжийн тоо нэмэгдсэн ч яагаад тасалдал үүсээд байна вэ?
-Импортлох тусгай зөвшөөрлийг чөлөөтэй өгч байгаа ч техникийн бааз суурь байхгүй учир шууд л уул уурхай руу зөөж байгаа. Байгаагаа л зарж байгаа. Зах зээлийг эзлээд байгаа ч хадгалах, нөөцлөх савгүй. Тэр хүмүүсийг л савандаа хөрөнгө оруулаач гэж байгаа юм. Цөөн хэдхэн л аж ахуй нэгж хариуцлага хүлээж байна.
-АИ-92 бензинийг худалдаалахгүй байгаа нь утааг бууруулах төрийн бодлого юм биш үү?
-АИ-92 бензинийг Монголд хориглосон зүйл байхгүй. Евро-5 стандартын АИ-92 бензинийг худалдан борлуулна гэж заасан байдаг. Үнийн зөрүүтэй байдлаас болж Евро-2 стандартын бензинийг хүмүүс хэрэглэж байна.
Хомсдол аравдугаар сараас эхэлсэн. Тухайн үед хяналт шалгалтыг явуулсан. Томоохон хэмжээний зөрчил илрээгүй. Анх зохион байгуулалттай юм шиг хандсан. Бид ердийн үедээ 30 хоногийн нөөцтэй байдаг. Гэтэл энэ үеэр нөөц огцом буурсан. Улаанбаатарт анхаарлаа хандуулах хойгуур орон нутаг хаягдсан. Монгол Улсад нийтдээ 1600 орчим ШТС ажиллаж байна.
Өмнө нь Улаанбаатар хотын өдрийн хэрэглээ 1200 тонн байсан ч хомдслын үеэр 1800 тонн хүрсэн. Гэтэл өдөрт улс даяар 2200 тонн түгээх ёстой ч Улаанбаатарт л зөвхөн 1800 тонныг хүргэхээр хөдөө орон нутагт байдал хэцүүдсэн. Түгээгч нар бас хоорондоо орлого хуваадаг зүйл байдаг. Өдөр, шөнийн ээлжээрээ байгаа бензинүүдээ хувааж зардаг. Бензин байгаа ч орой эсвэл өглөөний ээлжнийхээ түгээгч нарт үлдээдэг ийм асуудал байсан.