ГИШҮҮДИЙН ТООГ 126 БОЛГОЖ БАЙГАА РЕФОРМЫН ҮР ДҮНГ НЬ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

0

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг өчигдөр баталлаа. Ингэснээр парламентын 126 гишүүнтэй болно. Тэднийг сонгуулийн холимог тогтолцоогоор сонгоно. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгохоор Үндсэн хуульдаа өөрчлөлт орууллаа. Парламентын гишүүдийн тоо нэмэгдчихлээ гээд нийгмийн сэтгэл зүй зовж шаналаад байх ямар ч шаардлагагүй. Харин ч эсрэгээрээ алга таших ёстой. Яагаад гэвэл УИХ-ын гишүүд нэмэгдвэл, том зургаараа Монгол Улсын хөгжлийн гацааг арилгана гэж ойлгох хэрэгтэй. Худлаа гэвэл та бүхэн өнгөрсөн 30 жилийнхээ амьдралыг хар л даа. Ард түмний амьжиргаа өдрөөс өдөрт доройтож, төрийн толгойд гарсан цөөхөн хэдэн эрх мэдэлтнүүд та бидний төлсөн татварыг ханаж цадахаа мэдэхгүй цөлмөсөөр ирсэн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гарч ирсэнээс хойш төрийн хулгайтай хэрэндээ л тэмцэж байна. “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банкны асуудал, нүүрсний хулгай гээд том, том хэргүүдийг ил болголоо. Төрийн хулгай дээрх хэргүүдээр хязгаарлагдахгүй. Бүх салбарт үүрлэсэн нь гэж яригддаг. Авлига албан тушаалын гэмт хэргүүд, төрийн хулгайтай тэмцэхэд энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт гол хөшүүрэг болно гэдгийг ард түмэн маш сайн ухаж ойлгох ёстой. Ядаж л гишүүдийн тоо нэмэгдвэл эрх мэдлийн төвлөрөл задарна. Энэ 126-гаа дагаад төрд ард түмний төлөөлөл нэмэгдэнэ шүү дээ.

Ерөнхий сайдын хэлсэнчилэн Монгол Улс өнөөдрөөс эхлэн шинэ тоглоомын дүрмээр явна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар тогтолцооны суурь шинэчлэлийг хийж, шинэ 30 жилийн эхлэлийг тавилаа. Парламент гэдэг бол ард түмний төлөөлөл байдаг. Энэ утгаараа эрх мэдлийн төвлөрлийг ард түмний төлөөлөл дарангуйлж байх ёстой. Иймд одоогийн 76 эрх мэдэлтэн сонгогддог тогтолцоонд цэг тавьснаар УИХ-ын гишүүд өөртөө давуу байдал олгох асуудал эцэслэгдэнэ гэсэн үг. Үндсэн хуулийн шинэ өөрчлөлтөөр парламентад эмч, багш, инженер, жирийн иргэн, малчин, тариаланч, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гээд нийгмийн бүх давхарга, аль ч салбарынхан орж ирэх боломж бүрдлээ. Парламентын гадна байгаа жижиг намуудад хүртэл шударга өрсөлдөх зам нээгдэж байна.

Одоогийн 76 гишүүн давхар хэд хэдэн байнгын хороонд харьяалагддаг. Энэ нь хуулийн чанарт асар хортой. Тэгвэл 126 гишүүнтэй болбол нэг гишүүн нэг л байнгын хороонд харьяалагдана. Ингэснээр хуулийн лобби гарахаас сэргийлээд зогсохгүй чанар, агуулгад нь том дэвшил авчирна гэж байгаа. Ер нь 126 гишүүнтэй байхын бас нэг давуу тал бол төрийн хулгай арилна. Өнөөдөр сангуудыг шилэн болгосон шиг цаашид төрийн бүх үйл ажиллагаа ард түмний хяналтад очно. Гэтэл нийгэм ”76 хулгайч 126 болох нь” гэсэн бухимдалтай байгаа. Яг үнэндээ МАН-ын зүгээс “Ирэх 2024 оны сонгуульд жагсаалтаар нэг ч хулгайчийг оруулахгүй” гэсэн хатуу байр суурийг илэрхийлсэн. Улмаар олон намын тоголцоонд шилжиж, жендерийн асуудалд том дэвшил гарч, шинжлэх ухааныг чухалчилж, шударга өрсөлдөөний үүд хаалгыг энэ удаагийн ҮХӨ нээж өгч байгаа гэдгийг Ерөнхий сайд хэлнэ лээ. Удахгүй Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиуд орж ирнэ. Эдгээр хууль батлагдсанаар Монгол Улсын хувьд тогтолцооны том реформ болж чадах юм. Тэгэхээр одоо парламентын гишүүд 126 болчихлоо гэж уурлаж, бухимдаад байх шаардлагагүй. Нэгэнт бидний өнгөрсөн 30 жил явж ирсэн зам бүтэлтэй байсангүй. Одоо өөрчлөх цаг нь ч болсон. Шинэ тогтолцооныхоо эрч хүчийг сааруулахгүйгээр явуулаад үзэх хэрэгтэй байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *