Н.Баасанжав: Иргэд e-court.mn системийг ашиглан гэрээсээ шүүхтэй харилцах боломжтой
Эх сурвалж: ikon.mn
“Цахим шүүх 2.0” цөм системийн нээлтийн арга хэмжээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр зохион байгуулагдлаа.
“Цахим шүүх 2.0” буюу http://xn—court-2of.mn/ цөм систем нэвтэрснээр иргэдийн хувьд шүүхэд хандах, хэргийн явцын мэдээлэл авах, баримт бичиг илгээх, шүүхийн шийдвэртэй танилцах зэрэг үйлчилгээг цахимаар авч, цаг хугацаа, зардал хэмнэх боломж нээгдэж байгаа аж.
Энэ талаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Н.Баасанжав дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тэрбээр “Цахим шүүх 2.0 буюу http://xn—court-2of.mn/ бол шүүх дээрх и-монголиа гэсэн үг. Энэ оны арванхоёрдугаар сарын 22-ноос зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахим системээр явуулж эхэлнэ.
Тухайлбал энэ сарын 22-ноос замын хөдөлгөөний зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт зөрчлийн хэргийг цахим систем дээр явуулах боломжтой болно. Жилд ойролцоогоор 45 мянган зөрчлийн хэрэг гардаг бөгөөд нэг зөрчлийн хэргийн ард 10 гаруй хүн ажилладаг. Тиймээс цахим системд шилжсэнээр энэ 10 хүний цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэгдэх боломжтой.

2026 он гарснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу иргэдийн нэхэмжлэл гаргадаг маргааныг цахим системээр явуулж эхэлнэ. Зээл, түрээс, ажилласан жил тогтоох, гэр бүл салалт гэх мэт маргааныг цахимаар явуулах системийг 2026 нэгдүгээр улирлаас нэвтрүүлнэ.
Нөгөө талдаа иргэд гэрээсээ http://xn—court-2of.mn/ системийг ашиглан шүүхтэй харилцах боломжтой болж байгаа. Зарим иргэн шүүхээ олохгүй байх, олон хүнээс юм асууж цаг хугацаа үрэх тохиолдол байдаг учраас энэ асуудлыг цахим системээр шийдэж өгсөн.
Иргэд, олон нийт аппликэйшн ашиглан гар утаснаасаа шүүхэд хандаж, орон зай, байршил үл хамааран шүүхийн үйлчилгээг авч, цаг хугацаа, зардал хэмнэх боломжийг санал болгож байна” гэв.
“http://xn—court-2of.mn/ системд бүх төрлийн нэхэмжлэлийн загварууд байрлуулсан”

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Түүнчлэн Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Л.Өлзийжаргал “Иргэд маань http://xn—court-2of.mn/ системийг ашиглан шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрхтэй. Тус системд бүх төрлийн нэхэмжлэлийн загварууд байрлуулсан. Мөн улсын тэмдэгтийн хураамжийг банкны апп ашиглаад гэрээсээ төлөх боломж бүрдсэн.
Иргэдийн гаргасан нэхэмжлэлийн явцын мэдээлэл нээлттэй болж байгаа. Өр төлбөр гаргуулах хүнд хэзээ нэхэмжлэл гардуулж өгсөн, шүүх хуралдаан хэзээ зарлагдах гэх мэт мэдээллийг http://xn—court-2of.mn/ системээс авах боломжтой.
“Цахим шүүх 2.0” цөм систем удаан хугацаанд үе шаттай хэрэгжих юм. Эхний удаад Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хэрэгжиж эхэлсэн. Цаашдаа улсын хэмжээнд бүрэн нэвтрэх учиртай.
Өмнө нь “Цахим шүүх 1.0” систем нь эрүү, иргэн, захиргааны хэргийг тус тусдаа байсан. Тэгвэл “Цахим шүүх 2.0″ цөм системийн хүрээнд Шүүх тогтолцооны өгөгдлийн цөм систем буюу суурь платформ, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем, шүүхийн цахим архив, иргэн, хуулийн этгээд хэргийн оролцогчийн систем, өгөгдөл солилцох, дэмжих дэд бүтэц буюу интеграц, шүүхийн захиргааны үйл ажиллагааны /ERP/ систем гэсэн 7 үндсэн систем нэвтрүүлж байгаа юм” гэв.
Эх Сурвалж:https://ikon.mn