НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө
НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга М.Мөнгөншагай, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал О.Ганбат, Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан болон Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын удирдлага, алба хаагчид оролцлоо.
Энэ үеэр НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газраас гудамж замд хяналт тавьж, хөдөлгөөн зохицуулалтыг оновчтой зохион байгуулснаар Энхтайвны өргөн чөлөөнд чиглэлийн тээврийн хэрэгсэл болон Чингисийн өргөн чөлөө, Наадамчдын гудамж замд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн ашиглалтын дундаж хурдыг нэмэгдүүлэх боломжтой. Мөн Баянмонгол хороолол, Цагдаагийн гудамж, Халдвартын эцэс, Жуулчны гудамж, Энэбишийн өргөн чөлөө, 3,4 дүгээр хороолол зэрэг авто замуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох журам зөрчих зөрчлийг бууруулах чиглэлээр тодорхой төрлийн ажлуудыг зохион байгуулж, хөдөлгөөнд оролцогч иргэдийн хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгааг онцоллоо.
Нийслэл хотын хэмжээнд чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлөх, мотоцикль, мопед, сурроны хөдөлгөөнд хяналт тавих, шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт тавьж ажиллах, Түр ба удаан зогсох дүрмийн хэрэгжилтийг хангуулах, замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус газрын үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийг ийн гардууллаа. Сүүлийн үеийн технологиор тоноглосон авто машин замын хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтой. Ялангуяа алслагдсан дүүрэг, гудамж хороололд 360 камертай авто машинаар эргүүлд гарах, хяналт тавих нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Харин цахилгаан дугуй буюу сурроныг аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр ашиглах бол цагдаагийн албанд өгч буй энгэрийн камер нь илэрсэн зөрчил дутагдлыг баримтжуулах, алба хаагчийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн байна.

