“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 32 жилийн хугацаанд улсын төсөвт нийт 267.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол зөвхөн сүүлийн 1.5 жилийн хугацаанд 144.8 тэрбум төгрөг, буюу нийт дүнгийн 54 хувийг бүрдүүлэн ажиллажээ
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 онд батлагдсан бизнес төлөвлөгөө, зорилтот үзүүлэлтүүдээ бүрэн хангаж, үйлдвэрлэл, олборлолт, экспорт, санхүүгийн үзүүлэлтүүдийн хувьд тогтвортой өсөлт үзүүлсэн байна.
Тус компани 33.0 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөөг бүрэн хангаж, 100 хувийн биелэлттэй ажилласан бол уул уурхайн чиглэлээр 3,343.8 мянган куб метр уулын цул олборлож, төлөвлөгөөг 102 хувиар давуулан биелүүлээд байна.
Борлуулалт, экспортын чиглэлээр 2,387.0 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолж, нийтдээ 577.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь төлөвлөгөөт үзүүлэлтийг 105 хувиар давуулан биелүүлжээ.
Ингэснээр 2025 онд улсын төсөвт 82.1 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэхээр төлөвлөснөөс эхний 11 сарын гүйцэтгэлээр 143.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, цэвэр ашгийн төлөвлөгөөг 110 хувиар давуулан биелүүлэн 60 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилсан байна.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК үйл ажиллагаа явуулсан 32 жилийн хугацаанд улсын төсөвт нийт 267.8 тэрбум төгрөг төвлөрүүлснээс сүүлийн 1.5 жилийн хугацаанд 144.8 тэрбум төгрөг, буюу нийт дүнгийн 54 хувийг бүрдүүлсэн нь төрийн өмчит үндэсний компанид оновчтой бодлого, зөв менежмент хэрэгжсэнээр ашигтай, тогтвортой ажиллах бүрэн боломжтойг харуулж байна.

Уул уурхайн экспорт, ялангуяа нүүрсний үнийн уналтаас үүдэн улсын төсөвт хүндрэл үүссэн энэ үед Засгийн газрын бодлогын хүрээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 онд 120.0 тэрбум төгрөгийн татварыг нэмж улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээн ажиллаж байгаа аж. Мөн тус компани 2024 онд анх удаа төрд ногдол ашиг хуваарилж, 2024 оны 26.0 тэрбум төгрөгийн, 2023 оны төлөгдөөгүй 13.6 тэрбум төгрөгийн ногдол ашгийг “Чингис хаан” үндэсний баялгийн санд төвлөрүүлж, нийт 39.6 тэрбум төгрөгөөр арвижуулжээ.
Үүнээс гадна 2025 оны ногдол ашигт 30 орчим тэрбум төгрөг хуваарилахаар ажиллаж байгааг дуулгалаа.