Ж.Золжаргал: Нүүрсний үнийн бодлоготой болох ёстой
Эх сурвалж: Nnews.mn
Төрийн ордон. Улаанбаатар 2025 оны 12 дугаар сарын 19. УИХ-ын гишүүн Ж. Золжаргал Гэрэл зургийг О. Болорсувд
УИХ-ын гишүүн Ж.Золжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газраас нүүрсний үнэ энэ онд төсөөлж байсан хэмжээнээс буурснаас төсвийн орлого тасарч байна гэж мэдээлж байна. Өмнө нь Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүний хувьд нүүрсний салбарын өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Нүүрсний орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн гэхээсээ илүүтэйгээр олон жил явж ирсэн буруу тогтолцооны үр дагаврын улмаас төсвийн орлого тасарч байна. Тэр дунд нүүрсний орлого тодорхой хувийг эзэлж буй. Угаасаа Монголын эдийн засаг дахь бизнесийн өсөлт зогссон учраас төсөв тасарч байна. Яагаад гэвэл, төсвөөрөө дамжуулж улсаа хөгжүүлнэ гэж боддог хүмүүсийн гайгаар бизнесийн боломжоо алдаад байна. Төсөв тэлж, хөрөнгө оруулалтын том төслүүдийг хэрэгжүүлж, тэрийг дагаж бизнес хөгждөг гэж боддог. Тэгэхээр улсын эдийн засагт төсвийн эзлэх хувь хэт өндөр байна. Хувийн бизнес нэртэй боловч төсвөө тойрч ашиг олдог бизнесийн оролцоо их байна. Улсын төсөв 33 их наяд, төрийн өмч болон орон нутгийн өмчийн компаниудын нийлбэр борлуулалт нь 29 их наяд, нийслэлийн төсөв зургаан их наяд гээд нийтдээ 70 их наяд төгрөг болж байна.
Монгол Улсын эдийн засаг өөрөө 90 гаруй их наяд төгрөг. Үүний 80 хувь нь төрөөс хамааралтай байгаа учраас чөлөөт бизнес агшчихсан.
Чөлөөт бизнес агшсан учраас орлого багасч, төсвийн хомсдол үүсч байна. Одоо эндээс яаж гарах вэ. Дахиад төрийн өмчийн компаниа байгуулж, ашигтай ажиллаж төсвөө арвижуулах юм уу. Эсвэл төсвөө багасгаж, эдийн засгаа хөгжүүлэхийн тулд хувийн хэвшилд эрх чөлөөг нь өгч, татварын дарамтаа буулгаж, ажлыг нь хийлгэх юм уу гэдэг сонголтын өмнө ирж байна. Энэ үзэгдэл улсын төсвийн хомсдолоор илэрч байна.
Өнгөрсөн жилтэй харьцуулбал нүүрсний орлогыг хэмжээ болон үнийн хувьд даруу тооцоолсон. Бүр өндөр үнээр тооцоолсон бол балрах байж. Би өнөөдөр өглөө БНХАУ-ын хэвлэлээс нэг мэдээллийг харлаа. Хятадын уурхайнуудад гадаадаас хэтэрхий хямд үнэтэй нүүрс орж ирснээс зах зээлийг нь эзэлж байна.
Тэгэхээр зах зээл гэгч эрэлт хэрэгцээнээс гадна тэр улсын уул уурхайнуудын хүчин чадлаар хязгаарлагдана. Монгол Улс 150 сая тонн нүүрс гэж хүссэн хэмжээгээрээ коксжих нүүрс нийлүүлэх боломж бараг байхгүй. БНХАУ-ын улс төрийн том бодлого гаргаж, уурхайн тоогоо цөөлвөл орон зай үүснэ. Тэгэхгүй бол Хятад улсад уул уурхайн түмэн компани ажиллаж байна. Монголчууд нүүрснийхээ хэмжээ, үнийн хувьд маш сайн бодох хэрэгтэй. Нүүрсний үнэ бага байлаа гээд бид илүү ихийг зарж чадна гэсэн үг биш.
Хэмжээтэй зах зээлд үнийн бодлогодоо өөрсдөдөө ашигтай үнээр нийлүүлэхгүй бол аль аль талдаа алдагдалтай. Харин худалдаа хийж байгаа компаниудад л ашигтай. Тийм учраас бид нүүрсний үнийн үндэсний бодлоготой байх ёстой.
Монгол Улс нүүрсээрээ хоолоо олж иддэг. Нүүрс экспортолж орлого олдог Австрали, Индонез, ОХУ, Канад, Африкийн Мозамбик улс бүгдээрээ үнэ тогтоодог индекс аргачлалтай байдаг. Монгол Улсад энэ үнийн индекс байхгүй. Монгол Улсын үндэсний үнийн бодлого гэж алга. Энэ замбараагүй байдлыг сайжруулахын тулд бирж гаргаж ирсэн хэрнээ тэрийгээ ажиллуулахгүй том гэрээний аманд орж, алдагдалтай үнээр олон жил нүүрсээ сорчилж зарж ирсэн.
-Засгийн газар, УИХ-ын түвшинд одоо ямар арга хэмжээ авах ёстой гэж та харж байна вэ. Улсын төсвөө дахин тодотгох уу, эсвэл Татварын багц хууль, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлах ёстой юу. Дээрх арга хэмжээг авбал энэ бүхэн өргөс авахтай адил шийдэгдэх юм шиг хүлээлт нийгэмд үүсчихлээ?
-Мөнгө байхгүй болчихлоо. Эмч, багш нарын цалин болон ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг шийдэхийн тулд мөнгө хэрэгтэй. Богино хугацаанд хаанаас мөнгө олдог вэ. Бонд гаргаж, зээл авдаг. Одоо тийм л зам руугаа орох байх. Мөнгө хэвлэвэл энэ эдийн засаг чинь бүр сүйрнэ. Цаас хэвлэж, инфляци үүсгэхгүй байх гэж бодож байна. Тэгэхээр он гаргаад Засгийн газар бонд гаргах ажил руу орох байлгүй. Өөрөөр гэнэтийн мөнгө олъё гэвэл хэн нэгэнтэй том гэрээ тохирно. Тээр жил нүүрсний зах зээлээс хамаагүй бага үнээр буюу олборлолтын өртгөөсөө бага үнээр олон жилийн турш “Чалко” компанитай гэрээ байгуулж, мөнгө аваад идчихсэн шүү дээ. Тэрэн шиг яаралтай мөнгө хэрэг боллоо, төсөв тасарсан гээд бушуухан том гэрээ хийвэл дахиад л алдагдалд хүрэх магадлалтай. Тийм учраас ийм болгоомжгүй үйлдлийг битгий хийгээсэй гэж хүсч байна. Тэр үйлдлийг хийлгэхгүйн тулд УИХ-ын гишүүний хувиар ажиллана.
Ойрын хугацааны арга хэмжээ бонд гаргах байх болов уу.
Засгийн газраас Татварын багц хууль, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Хэрэв энэ хууль батлагдаж, татвар буурвал үр дагавар нь урт хугацаандаа эдийн засгийн өсөлтийг авч ирэхээс биш төсвийн алдагдлыг нөхөхгүй. Харин богино хугацаандаа төсөвт ирж байгаа орлого буурна. Яваандаа орлого нь өсөх ёстой. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээгүй байна. Ерөнхийдөө энэ хууль хэрэгжвэл аж ахуйн нэгжүүдэд айхтар эрх чөлөө олгохоос илүүтэй гадаадын банкны салбар нэвтрүүлэх чиглэлээр л нээлттэй болгож байгаа юм болов уу гэж бодлоо. Хувийн хэвшлүүдэд эрх чөлөө олгоод шалихгүй л болов уу.

-Одоо 2025 он шувтарч байна. Ирэх онд олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ нэмэгдэх төлөв ажиглагдаж байна уу?
-Нүүрсний орлого нэг их буурч, үнэ унах хямрал нүүрлэхгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл хэмжээ нь асар том. Асар том зах зээл дотор үнэ унаж эсвэл өсч болно. Гэхдээ Монгол Улсын экспортлох нүүрсний хэмжээ бол бага. Хятад улсын хэмжээ бол дэлхийн тал. Тийм том зах зээлийн өсөлт, уналт дунд бидэнд орон зай байсаар л байна. Айхтар хямрах ч шаардлага байхгүй. Олон улсын зах зээлд ухаалаг тоглолт л хийх хэрэгтэй. Яаж ухаалаг тоглолт хийх вэ. Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтаа дуусгаж, ашиглах хэрэгтэй. Үүнээс гадна дэд бүтэц, хил гаалийн ажиллагаагаа сайжруулах хэрэгтэй. Гэхдээ энэ ажлыг л хийвэл 150 сая тонн нүүрс экспортолно, хэдийг л аваад ирнэ тэрийг авъя гэдэг үг бол үндэслэлгүй.
Тэгэхээр хэчнээн хэмжээний зах зээл байгааг өөрсдөө бодох ёстой. Тэрэндээ таарсан дэд бүтцээ хийчихээд нүүрсний үнийн үндэсний бодлоготой баймаар байна. Манай нүүрс хэрэггүй болох гэж байгаа, хямдхан үнээр бушуухан заръя гэдэг бол буруу томъёолол.
Манай нүүрс хэрэгтэй. Коксжих болон эрчим хүчний нүүрс ч хэрэгтэй. Манай нүүрс хаанаас ч олдоггүй алт биш. Энэ бол үнэн. Тийм учраас бид нэг талдаа худалдан авагчаа хүндэтгэж, найдвартай ханган нийлүүлэгч байх нь зөв. Нөгөө талдаа улсаа хүндэтгэж, бодитой үнээр зарах нь зөв. Тэрийг тавих гол механизм бол өмнө нь нүүрсний хулгайн асуудал яригдаж, үр дүнд нь уул уурхайн бүтээгдэхүүний Биржийн тухай хууль батлагдсан. Энэ хуулийг бүрэн ажиллуулах хэрэгтэй байна. Одоо “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн борлуулж байгаа нүүрсний 80-иад хувь нь уурхайн ам нөхцөлөөр том гэрээнүүдээр шууд борлуулж байгаа бол 20 орчим хувь бирж дээр борлогдож байна. Шууд борлуулж байгаа 80-иад хувь нь бараг тэр чигээрээ хамгийн сайн чанарын коксжих нүүрс. Тодруулбал, коксжих, сул коксжих, коксждоггүй гэж гурван төрлийн нүүрс бий. Харин бирж дээр коксжих нүүрс бараг байхгүй. Тэгэхээр биржийн үнэ бага, худалдан авагчийн тоо ч бага байх ёстой. Гэтэл бирж дээр зарж байгаа нүүрсний үнэ уурхайн ам нөхцөлтэй том гэрээгээр зарсан үнэ дээр хил хүртэлх тээвэрлэлтийн зардлыг нэмээд 30 орчим хувиар хямд байна. Биржийн үнэ илүү үнэтэй буюу монголчуудад ашигтай. Тийм болохоор яваандаа бид 80/20 хувь биш 50/50 хувь болгож, бирж дээр зөвхөн нэгдүгээр зэргийн сайн нүүрсээ зарах шаардлагатай. Ийм бодлогын өөрчлөлтийг хийх ёстой. Энийг хийхээр нүүрсний үнэ сайжирна.
-Салбарын зарим мэргэжилтний зүгээс нүүрсэнд суурилсан төсвийн төлөвлөлт эрсдэл өндөртэй байгаа учраас үнэ нь өсч буй алт, зэсийн экспортоо нэмэгдүүлэх боломжтой гэдгийг хэлж байна лээ. Нүүрсний үнийн алдагдлыг үүгээр нөхөх боломжтой юу?
-Монголчууд олон улсын зах зээл дээр зэсийн том тоглогч байх хувьтай. Бидэнд байгалийн өгөгдөл нь байна. Газар зүйн байрлал нь байна. Дэлхийн хамгийн том хэрэглэгч нь БНХАУ. Гэвч энэ хувь тавилангаа бид өөрсдөө боомилж байна. Ашигт малтмалын тухай хуульд Монголд битгий хөрөнгө оруул, Монголд зөвхөн төртэй хамтран ажиллана, Монголд чөлөөт бизнес хэрэггүй, Монголд том гүрнүүдийн төрийн өмчийн компаниудтай хамтарна гэж байгаа юм шиг утгагүй заалтууд байдаг. Үүнээс болоод шинэ шинэ төслүүдээ хэрэгжүүлж чадахгүй, зэсийн баяжмалын борлуулалтаа нэмж чадахгүй, баяжмалаас гарч байгаа зэсээ хайлуулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжоо ашиглаж чадахгүй байна.
Монгол Улсын “Эрдэнэт” үйлдвэр бол зуун дамнасан үйлдвэр. Энэ үйлдвэр ирэх зуунд ч ажиллах хангалттай нөөцтэй. Оюутолгой том төсөл, бүтээн байгуулалт. Алдаж, оносон зүйлс байна. Ингээд цаашаа явах гэхээр Монголд битгий мөнгө оруулж ир, хөгжүүл гэдэг заалт Ашигт малтмалын тухай хуульд тусгасан.
Нэгдүгээрт, хэрвээ хөрөнгө оруулагч ирээд, хайгуул хийж, нөөц тогтоогоод компани байгуулбал 34 хувиас илүүг эзэмшиж болохгүй гэсэн агуулгатай заалт бий. Тэр нөөцийг стратегийн ордод тооцож болзошгүй. Яагаад гэвэл стратегийн орд гэдэг тодорхойлолт нь өөрөө улстөрчдийн үзэмжээр шийдэгдэнэ. Тэгэхээр ийм орд гэж тооцчихоод “Та компанидаа 34 хувиас илүүг эзэмшихгүй” гэвэл тэр хүн Монголд орж ирэхгүй. Тийм учраас 2024 онд яаралтайгаар нэмэлт, өөрчлөлт оруулсан энэ хуулийн заалт бол Монголоос хөрөнгө оруулалтыг үргээсэн.
Хоёрт, зэсийн нөөц ашигласны төлбөр гэж бий. Ямар нэгэн ашигт малтмалыг ашигласан бол ашигтай эсэхээс үл хамаарч ард түмний мэдлийн зүйл учраас тэр улсад нөөцийн төлбөр төлөх ёстой. Энэ нөөцийн төлбөр БНХАУ гэхэд, байрлалаасаа хамаараад 3-10 хувьтай байдаг. Монгол Улсад “Эрдэнэт” үйлдвэр 21.6 хувь нөөцийн төлбөр буюу дэлхийд гайхагдахуйц өндөр төлбөр төлдөг бол Оюутолгой компани тогтвортой байдлын гэрээг урт хугацаанд хийсэн учраас таван хувийн төлбөр төлдөг. Шударга бус байгаа биз. Дараагаар нь шинэ төслүүд хэрэгжүүлэх гэхээр “Эрдэнэт” үйлдвэрийн нөөцийн төлбөрийг харвал Монголд хүн орж ирэхгүй. Хятадын нөөцийн төлбөрөөс хоёр дахин өндөр төлбөртэй учраас гадаадын хөрөнгө оруулагчид яах гэж энд ирэх юм бэ. Монголыг гадаадын хөрөнгө оруулалтаас тусгаарласан гажиг заалтыг нэн яаралтай өөрчлөх хэрэгтэй байна. Одоо Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэг Аж үйлдвэр, эрдэс баялагийн яам дээр гарчихсан, хуулийг өргөн барихаар бэлтгэж байгаа. Энэ ажлын хэсэг нөөцийн төлбөрийн асуудлыг нь хөндөж магадгүй. Харин 34 хувь эзэмших заалт бол хөндөгдөхгүй байх. Энэ 34 хувийг хөндөх асуудлыг УИХ-ын гишүүд тавьж байгаа. Энийг заавал хийх хэрэгтэй. Алсуураа Монголын өгөгдсөн боломжоо ашиглан дэлхийн зах зээлийн том тоглогч болоход чухал нөлөөтэй.
Эмч, багш нарын цалин болон тэтгэврийг хоёр дахин нэмэхүйц хэмжээний салбарыг өөрсдөө хуулиараа боомилсон учраас яаралтай сайжруулах хэрэгтэй.
Үүнийг хийснээр гадаадын хөрөнгө оруулалтаа нэмж, зэсийн дараагийн шатны бүтээгдэхүүн болон алтаа ялгаж авснаар Монголбанкны үндэсний нөөц нэмэгдэнэ. Мөн төгрөгийн ханш сайжирч, иргэдийн авч байгаа мөнгөн дүнгийн чанар нэмэгдэх юм.
-Таны хувьд Харбины гэрээг хянан шалгах түр хороонд гишүүнээр ажиллахаа мэдэгдсэн. Нам, намын 11 УИХ-ын гишүүн хамтран ажиллана гэсэн. Та ХҮН намаасаа гарч байгаагаа мэдэгдсэн шүү дээ. Ямар гишүүд ажиллахаар болсон талаар мэдээлэл өгч болох уу. Харбины гэрээг нууцаас гаргаж чадах болов уу?
-Харбины гэрээтэй хүсэлт тавьж байж, танилцах боломжтой гэсэн. Харбины гэрээг хянан шалгах түр хороог байгуулахын тулд УИХ-аар хэлэлцэж, санал хураана. Чуулганаар түр хороо байгуулахыг олонхи дэмжвэл Харбины гэрээтэй холбоотой материалуудыг авч танилцана. Одоогоор УИХ дахь МАН-ын бүлгээс тав хоногийн завсарлага аваад байна. Түр хороонд ажиллах 11 гишүүн хэн, хэн байгааг сайн хэлж мэдэхгүй байна. Би түр хороонд ажиллах хүсэлтээ өгч, орсон. Түр хороо бол хуулийн дагуух л үйл ажиллагаа.
Түр хорооны зорилго нь улстөржиж, хэрүүл хийж, худалдааны том хөрштэйгөө үл ойлголцол үүсгэх биш. Төмөр замаа байгуулах ёстой. Бид ямар ч байсан энэ хэрүүл тэмцэлд цэг тавих ёстой.
Энэ гэрээний асуудал өнгөрсөн жилээс хойш олон удаа яригдаж, шүүмжлэл дагууллаа. Одоо хянан шалгах түр хороо байгуулж, энэ гэрээний талаар ярихгүй бол дахиад 10 жил маргаж, улс төрийн сэдэв болно. Ийм балиар зүйлийг үргэлжлүүлж хэрэггүй. Хянан шалгах түр хороогоо байгуулаад сайн, муу гэдгийг нь дүгнэчих хэрэгтэй. Монгол Улс гадаадаас олж байгаа орлогынхоо талыг нүүрснээс олж байна. Тэр гаргаж байгаа нүүрсний тал нь Гашуунсухайт-Ганцмод боомтоор гарч байна. Тэрний тал нь “Эрдэнэс Тавантолгой” болон “Чайна Энержи” компанийн байгуулсан гэрээний дүн буюу нүүрсний нийт нийлүүлэлтийн үнэд шууд нөлөөлнө. Өнгөрсөн жилүүдийн туршид Монголын нүүрсний 80-иад хувь нь уурхайн ам нөхцөлөөр илүү хямд үнээр сорчилсон байдлаар зарагдаж ирлээ. Энэ том гэрээнүүдийн хугацаа 2028 онд дуусах хуваарьтай. Гэтэл яг энэ нөхцөлөөр дахиад 20 жилээр сунгаж байгаа үзэгдэл болсон. Ингээд явахаар биржийн худалдаа, бөөний худалдааны тэнцвэр мөрдөгдөх юм уу, үгүй юу. Яваандаа монголчуудад ашигтай байдлаар хийгдэх юм уу, үгүй юу. Зөвхөн нэг гэрээ бус энэ гэрээ Монголын нүүрсний худалдааны маш том хэсэг болж байгаа учраас нүүрс дээр ямар бодлого барих вэ гэдгийг дүгнэхийн тулд энэ гэрээг сонсох хэрэгтэй.
-Та ХҮН намаасаа гарахаар болсон шалтгаан нь юу байв. Намын даргатайгаа биечилж уулзсан уу?
-Би өнгөрсөн зургадугаар сард хамтарсан Засгийн газрыг огцруулах жагсаал дээр очиж, дэмжиж үг хэлээд гарын үсгээ зурсан. Тэр үед шалтгаанаа тайлбарласан. Товчхон тайлбарлахад хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, парламентад байгаа улс төрийн намын 90 гаруй хувийг бүрдүүлж байгаа том намууд нийлээд Засгийн газар байгуулчихаар парламент нь Засгийн газрын хуулийн хэлтэс шиг ажилладаг юм байна. Засгийн газраас оруулж ирсэн юм болгоныг дэмждэг юм байна. Баг болж байгаа сайд нарынхаа бодлогыг дэмжихгүй бол утгагүй. Дэмжихгүй байх тусам үл ойлголцол үүснэ шүү дээ. Монголчууд олон намын төлөөлөлтэй, хяналттай парламентыг үүсгэнэ гэж өнгөрсөн хоёр жил ярьж, Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн холимог тогтолцоо үүсгэж гаргаж ирсэн. Гэтэл гарч ирсэн парламентын 60 хувь нь нийлээд 40-ийнхөө эсрэг биш 95 хувь нь нийлээд Засгийн газар байгуулчихаад бидний хүссэн тогтолцоо ажиллахгүй байсан.
Шүүмжлээд хараад сууж байж болох ч Засгийн газраас оруулж ирж байгаа гэнэтийн шийдвэрүүдийг парламент ямагт дэмжих бэлэн байдал нь өөрөө Монголын эдийн засагт заналхийлэхүйц болгоомжгүй шийдвэр гаргах эрсдэл үүсгэж байна.
Жишээлбэл, нүүрсний асуудал байна. Нүүрсний том худалдан авалтын гэрээ байгуулсны дараа Биржийн тухай хууль оруулж ирэхдээ төрийн өмчийн компаниуд нүүрс бус бүх төрлийн ашигт малтмалын ордуудыг бартердаж, эзэмших эрхийг нь олон жилээр гэрээлж, өгөөд оронд нь бүтээн байгуулалт хийе гэдэг санаатай бие даасан, улсын төсвөөс хэд дахин том, үл хамаарсан төвлөрлүүд орон даяар үүсгэх санал хүртэл орж ирсэн. Тийм учраас шударга бус байдлын төлөө жагсаал дээр Монголын парламентын тогтолцоог эрүүл эрсдэл багатайгаар явуулахын тулд энэ Засгийн газрыг солих ёстой юм байна гэж дүгнэсэн. Мэдээж тэр Засгийн газарт явж байгаа нөхдүүд дургүйцнэ биз дээ. Нам гэдэг бол Засгийн эрхийг барьж, хүмүүсээ төрийн албанд байршуулж, чадавхжуулж бэхжиж явна. Ингэхгүй бол бид урт хугацаандаа хэцүү. Дараа цомхон төрийг байгуулж болно.
Одоо бол Засгийн газартай хамтраад явах хэрэгтэй байна гэдэг үндэслэл. Би үүнийг ойлгож байна. Гэхдээ би үүнтэй санал нийлэхгүй байна. Парламентын 90 гаруй хувь Засаг бүрдүүлж болохгүй. Онолын хувьд ч тэр, практик дээр ч тэр. Огт санал нийлэхгүй, арга барил нийлэхгүй бол заавал хамт явах ямар хэрэг байна.
Би бол нэг хүн намаас гарлаа гээд хамт ажиллаж байсан нөхдүүдээ муулахыг хүсэхгүй байна. Энэ бол үндсэн шалтгаан, зарчим биш. УИХ-ын гишүүд улсын эрх ашгийн төлөө тангараг өргөж, ажилладаг шүү дээ. Бидний хандлага, байр суурь, арга барил өөр байж болно. Тэгээд нийлэх нийлэхээрээ явах ёстой. Тийм үндсэн шалтгаанаар би гарсан. Энэ бол зуны шийдвэр. Засаг төр их тогтворгүй байсан учраас гуравдагч намын нөхөр нь намаасаа гарлаа гэж хэлэх нь зохимжгүй санагдсан учраас хэлж амжаагүй байсан юм. Оюутолгойн хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол болж, дууслаа. Одоо Харбины гэрээг хянан шалгах түр хороо байгуулах асуудал яригдаж байна. Би аль алинд нь орж ажиллах сонирхолтой байсан. Ингэхийн тулд нам, эвслээс нэрээ өгөх ёстой.
Гэтэл намаас өөр УИХ-ын гишүүний нэр өгсөн учраас би ажиллах боломжгүй болсон. Тэгэхээр би УИХ-ын Тамгын газарт өнгөрсөн зун ХҮН намаас гарах шийдвэрээ гаргасан.
Тийм учраас намын гишүүнчлэлгүй гишүүний хувиар Харбины гэрээг хянан шалгах түр хороонд оръё гэдэг хүсэлтээ гаргасан юм. Намын даргадаа наймдугаар сарын 23-нд намаас гарах өргөдлөө үлдээгээд амарсан. Намын даргатайгаа тааралдаж л байгаа. Намаас гарах асуудлаар тусдаа уулзаж ярилцаагүй. Одоогоор цаашдаа намын харъяалал хэрхэх талаар бодож төлөвлөсөн тодорхой зүйл алга.