Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
Эх сурвалж: 24tsag.mn
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН, УЛСЫН ЗААН ОЧИРЫН ОДГЭРЭЛ /1972-2025 он/
Монгол түмний хайртай бахчүүдийн нэг О.Одгэрэл заан тэнгэр болжээ. Самбо бөхийн дэлхийн аварга,
МУГТ, Монгол Улсын заан О.Одгэрэл зүлэг ногоон дэвжээнээ ард түмнээ баясгахаас гадна нэг үe
циркийн хүнд жингийн үзүүлбэрүүдийг үзүүлж, олон жил циркийн урлагаар хичээллэж явсан билээ.
Зургаан залуу заантай эд арсалдаж явсан тэр цагдаагийн академийг хуульч мэргэжлээр төгссөн.
Түүний гэргий ҮДБЭЧ-д насаараа ажиллаж буй МУГЖ Ш.Одонтуяа гэж бүсгүй бий. Заанд хоёр
охин төрүүлж өгсөн гэргийгээ анх бүжиглэж байхад нь олж харсан гэдэг.
Түүнээс хойш хадам ээж, хоёр охиноо дагуулан эхнэрийнхээ тоглолт бүрийг алгасалгүй үзэж
кайф авдаг болсон гэх юм билээ. Тийм дээ ч түүний гэргий нөхрийгөө урлагийн мэдрэмжтэй хүн гэж
магтаж суудаг. Дашрамд дуулгахад заан маань их уярамтгай өрөвдөлтэй кино жүжиг үзэж байгаад
өөрийн эрхгүй нэг мэдэхэд нулимс бөмбөрүүлчихсэн сууж байдаг гэсэн.
О.Одгэрэл нь 1972 онд Увс аймгийн Хяргас суманд Очирын ууган хүү болон төрсөн бөгөөд бага наснаас бөхийн спортоор хичээллэж Өсвөр үеийн УАШТ-с мөнгө, хүрэл медаль хүртэн амжилтын гараагаа эхлүүлсэн бөгөөд 1996 оны улсын наадамд зургаа давж “Монгол Улсын өсөх идэр начин” цол, 2001 оны улсын баяр наадамд долоо давж “Монгол Улсын заан” цол хүртсэн. Улсын баяр наадамд 2000, 2003, 2005, 2006 онуудад тус бүр дөрөв давжээ. Тэрээр баруун талтай, баруун шуудагнаас давуулж гуядах, хөмрөх, хавсрах мэхийг сайн эзэмшсэн. Жин ихтэй бөх боловч уян хатан, хоёр талын бөхийн удамтай хүчит бөх байлаа.
Монголын Самбо бөхийн хүнд жингийн Шилдэг тамирчдын нэг Очирын Одгэрэлийн Самбо бөхийн амжилт нь:
-1989 оны Өсвөр үеийн дэлхийн аваргын хүрэл,
-1990 оны Өсвөр үеийн дэлхийн аваргын хүрэл,
-1989 оны Залуучуудын дэлхийн аваргын мөнгө,
-1990 оны Залуучуудын дэлхийн аваргын мөнгө,
-1993 оны Залуучуудын дэлхийн аваргын алт,
-1989 оны Насанд хүрэгчдийн дэлхийн аваргын хүрэл,
-1993 оны Насанд хүрэгчдийн дэлхийн аваргын хүрэл,
-1995 оны Насанд хүрэгчдийн дэлхийн аваргын Алт,
-1995 оны Цагдаагийн дэлхийн аваргын Алтан медаль,
-1997 оны Дэлхийн цомын Аварга,
-Самбо бөхийн Ази тивийн хошой аварга,
-Олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт,
-МБАТС-ийн 1992 он, 2004 оны аварга,
-1995, 1996, 2001 оны Улсын аваргын Алт,
-1989, 1991, 1998, 1999, 2002, 2003, 2005 онуудад мөнгөн медаль,
-1990, 1993 онд хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Залуучуудын улсын аварга, өсвөр үеийн улсын хошой аварга, МПСпартакиадын аварга юм.
Жүдо бөхийн төрлөөр:
-1999 оны Ази тивийн аваргын мөнгөн медаль,
-2001 оны Ази тивийн аваргын хүрэл медальт,
-1998 оны Азийн тоглолтын хүрэл,
-Мастерсын дэлхийн аваргын мөнгөн медаль,
-Улсын АШТ-д 1999, 2001, 2003 онуудад алтан медаль,
-1996 онд мөнгөн медаль,
-1997, 2000, 2002, 2004, 2005 онуудад тус бүр хүрэл медаль хүртсэн юм.
Тэрээр Циркийн дунд сургууль, ҮБТДС-ийг биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжлээр, Цагдаагийн академи, Төрийн удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр төгсөж, Хууль зүй ухааны магистр зэрэг хамгаалжээ.
О.Одгэрэл нь олон жил Хүч спорт хороонд тамирчин, дасгалжуулагчаар ажилласан цагдаагийн дэд хурандаа цолтой багш бөгөөд дархан аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Н.Золбоо, Т.Баасанхүү нарын олон тамирчдад бөхийн эрдэм заажээ.
О.Одгэрэл нь Циркийн урлагт хүч тамирын гайхамшиг, банз шидэх, тэмээтэй акробат зэрэг олон үзүүлбэр үзүүлж, европын орнуудаар тойрон аялан тоглолтоор Монголын циркийн урлагийг сурталчилж байлаа.
Талийгаачийн нөхөрсөг, тусч, хүнлэг, энэрэнгүй, шулуун шударга зан чанар, Монгол бөхийн дэвжээнд үлдээсэн олон арван амжилт нь бид бүхний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно. Гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.