Ч.Ундрам: 34 улсын иргэн Монгол Улсад визгүй зорчино

undram-810x500

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамаас дараах тодруулгыг хийлээ.


-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим улсын иргэнийг Монгол Улс руу визгүй зорчих хугацааг сунгах асуудлыг хэлэлцсэн байгаа. Ямар шийдвэр гаргав?

-Визний асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн яам болон Гадаад харилцааны яам хариуцдаг.  Визний хугацааг сунгах асуудлыг өнөөдрийн хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яам оруулж ирлээ.  Нийт 34 улсын иргэд Монгол Улсад визгүй зорчих асуудлыг сунгахаар оруулж ирлээ. Ерөнхий сайдын зүгээс БНСУ-ыг нэмж дээрх жагсаалтад оруулахыг үүрэг болгосон.

-Жуулчдаа уриад байгаа ч он дуусах гэж байхад визний асуудлаа шийдэхгүй, ойлгомжгүй байдал үүсгэснээс Монгол Улс руу  ирэх жуулчдын тоонд сөргөөр нөлөөлж эхэлсэн тухай хөндөгдөх боллоо?

-Жуулчид дор хаяж зургаан сарын өмнө юм уу, нэг жилийн өмнө аль улс руу аялах вэ гэдгээ шийдэг. Цаашид энэ асуудлыг эрт шийдэх, визтэй зорчих бол эрт зарлах чиглэлийг Ерөнхий сайдаас өгсөн.

Нэг дэвшилттэй зүйл нь И виза гээд цахимаар 5 ам.доллар төлөөд визнийхээ хариуг богино хугацаанд авдаг тогтолцоонд шилжсэн байгаа. Энэ тогтолцоог олон улсын жуулчин хэрэглээд Монголд ирж байгаа нь давуу талтай гэж бид харж байгаа. Ирэх жил БНСУ-аас жуулчин олноороо ирэх хүлээлт бий. Аялал жуулчлалын компаниуд манай талд олноор хандаж байна гэдэг асуудал тавьсан учраас визгүй зорчих 34 улсын жагсаалтад БНСУ-ыг оруулах чиглэл өгөгдсөн.

-Энэ өвөл хэдий хэмжээний жуулчид ирэх бол бэлтгэлээ хангаж чадсан уу?

-Энэ оны байдлаар 820 мянга орчим жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оныхоос 15 орчим хувиар нэмэгдсэн хүлээлт бий.  Задлаад үзэхээр Монголд ирсэн жуулчдын 40 хувь нь зуны гурван улирал буюу зургаа, долоо, наймдугаар ,сард ирсэн. Өвлийн арванхоёр, нэг, хоёрдугаар сард маш цөөхөн буюу 20 хувийн жуулчид ирсэн байдаг. Тийм учраас өвлийн эвент зохион байгуулахдаа үйлчилгээний байгууллагуудтайгаа хамтраад өвлийн хямдралын сар зохион байгуулахаар төлөвлөж байна. Худалдааны байгууллага, үйлчилгээний байгууллага, аялал жуулчлалын байгууллага хамтраад зохион байгуулах хямдралын сарын хүрээнд хийхээр төлөвлөсөн өвлийн аялал жуулчлалын төлөвлөгөөг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүллээ.  Цас мөсний баяр, тэмээний баяр зэрэг Улаанбаатар хот болон орон нутагт зохион байгуулах ажлууд орсон байгаа.  Аялал жуулчлал маш олон салбараас хамааралтай байдаг.

Жишээлбэл, зам тээврийн салбар жуулчдыг авч ирдэг. Тийм учраас зөвхөн Улаанбаатар хот гэхгүй баруун, зүүн, өмнөд, хойд бүс рүү гадаадын нислэг хүлээн авдаг болох талд анхаарч ажиллаж байна. Энэ жил гэхэд Бусанаас- Хөвсгөл аймаг руу хоёр удаагийн нислэг амжилттай хийсэн. “Хүннү эйр”-тэй хамтарч хийсэн. Ховдоос -Шинжан руу хийх нислэг төлөвлөгдөөд  явж байна. Орон нутаг руу шууд нислэг үйлддэг болох талд анхаарч ажиллаж байна.

Мөн ариун цэврийн байгууламж хамгийн том асуудал байдаг. Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамтай хамтарч ажиллахаар ярилаа. Хүнсний асуудал бас байдаг. Өргөн хүрээнд авч үзэж байна.

About Author