Оюутолгойн УИХ-ын тогтоолын төсөл түүхэн шинэ хуудсыг нээлээ
Эх сурвалж: Zuv.mn
Оюутолгойн хянан шалгах түр хороо тогтоол батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: “Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, өртөг өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл маань амжилттай дэмжигдлээ.
Оюутолгой төсөл бол 22 орчим тэрбум долларын санхүүжилт хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт. Дараагийн 20-30 жилд ч гэсэн Монгол Улсын эдийн засагт хамгийн ач холбогдолтой том төслийн нэг байсаар байх болно. Оюутолгойн асуудлыг хэлэлцэх хугацаанд сэтгэлээ чилээн бид бүхэнтэй хамт байсан ард түмэндээ баярлалаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Өнөөдөр УИХ түүхэн шийдвэр гаргалаа. 2009 онд байгуулагдсан гэрээгээр Монголын талд ногдох үр өгөөж дор хаяж 53 хувь байна гэсэн зүйл заалт хэрэгжихгүй явааг хянан шалгах түр хорооны нээлүттэй сонсголоор ил болж тодорхой туссан. Өнөөдөр батлагдаж буй тогтоолын нэг гол заалт нь Монголын талд ногдох үр өгөөж дор хаяж 53 хувь байх ёстой гэж заасны дагуу гурван жил тутамд талууд өгөөжийн асуудал дээр тодорхой хэлэлцээр хийх нөхцлийг зааж өгсөн.
УИХ-ын гишүүн П.Ганзориг: Хувь нийлүүлэгчдийн гэрээг дүгнээд Монгол Улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлж, нэмэлт өөрчлөлт хийж байгуулах үүрэг чиглэлийг Засгийн газарт өгч байгаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Үе үеийн Засгийн газар энэ асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Яагаад Монгол Улс баялагтаа эзэн болж чадахгүй байгаа юм бэ гэдэг дээр хариулт авч чадалгүй ирлээ. С.Баярцогт зузаан ногоон номтой бол бид түүнээс ч зузаан ном бүтээх болно. Хэн худал ярьж, хэн үнэн ярьсныг дэнсэлж, худлаа ярьсан хүмүүст хуулийн хариуцлага ногдуулах ёстой
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Оюутолгой төслийн орлого, мөнгө санхүүгийн үйл ажиллагаа Монголын арилжааны банкуудаар дамждаггүй байсныг бүрэн дамждаг болгоно.
УИХ-ын гишүүн Э.Болормаа: Оюутолгойн тогтоолын заалтуудыг 2026 оны намар гэхэд хэрэгжүүлэх, улирал тутамд тайлагнах заалтууд орсон” гэлээ.