ӨВӨРХАНГАЙ: Хангайн бүсийн аймгууд Японы Шикокү бүстэй хамтын ажиллагаа тогтооно
Оны сүүлийн өдрүүдэд хангайн бүсийн гурван аймгийн удирдлага УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамт Япон улсын Шикокү бүсийн Токүшима хотод ажиллалаа.
Монгол улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол, Японы бүс нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэхээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг санаачилга гарган хангайн бүсийн төлөөллийг оролцуулсан уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулсан юм.
“Монгол Улсын Хангайн бүс, Япон Улсын Шикокү бүсийн хамтын ажиллагааны ирээдүй” сэдэвт бүс хоорондын хамтарсан тус зөвлөгөөнд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав, Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, Архангай аймгийн Засаг даргын орлогч Ч.Батнайрамдал нар оролцож, санал сэтгэгдлээ илэрхийллээ.

Тэд хангайн бүсийн үзэсгэлэнт байгаль, эрүүл мэнд, халуун рашаан зэрэгт түшиглэсэн аялал жуулчлал, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг бүс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх саналыг тавьсан байна. Мөн энэ үеэр хангайн бүсийн хөгжлийн зорилт, Шинэ Хархорум хотын төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Зөвлөгөөнд Монгол Улсаас Япан улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Баярсайхан оролцож, Шикокү бүс-Хангайн бүсийн хамтын ажиллагааг тогтоох ажлыг Токүшима дахь Өргөмжит консулын газраас дэмжин ажиллаж буй нь бусад Өргөмжит консулын газарт сайн жишиг болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шикокү бүсийн Токүшима муж, Коочи муж, Кагава муж, Эхимэ мужийн төлөөллийг хангайн бүсэд зочлохыг урьж, харилцан айлчлалаар дамжуулан хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгох хүсэлтийг тавьлаа.