Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаанд хяналт тавих Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ

2ub2l3_ca1588aa04a945b99bb61d915d44f468_x974

УИХ-ын гишүүн Э.Болормаа Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг өнгөрөгч Баасан гарагт /2025.12.30/ өргөн мэдүүлжээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн, Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаанд парламентын хяналтыг хэрэгжүүлэх, санхүүгийн удирдлага, хяналтын тогтолцооны хэрэгжилт, ил тод байдал, үр ашигтай байдлыг үнэлэх, бодит нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор Хянан шалгах түр хороо байгуулах шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзжээ.

Тухайлбал, Нийгмийн даатгалын сангийн орлого, зарцуулалт, санхүүгийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын хэрэгжилтийг холбогдох баримтад тулгуурлан шинжлэн судалж, үнэлэх асуудлыг онцоллоо. Түүнчлэн тус сангийн үйл ажиллагааны хүрээнд иргэд, даатгуулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдаж буй эсэх, сангийн хөрөнгийн зохистой, үр ашигтай ашиглалт хангагдаж байгаа эсэх болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүгнэлт гаргаж ажиллахаар тусгажээ. Эдгээр үнэлгээ, дүгнэлтийн үр дүнд үндэслэн Нийгмийн даатгалын сангийн санхүүгийн удирдлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашдын бодлого, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, зөвлөмж боловсруулж Улсын Их Хуралд танилцуулна гэж төсөл санаачлагчийн зүгээс тодотгосон байна.

About Author